ЗАЛУУЧУУДЫГ ӨӨРСДИЙГ НЬ ОРОЛЦУУЛААД АСУУДЛЫГ НЬ ШИЙДДЭГ МЕХАНИЗМ АЛГА
Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудын талаарх залуучуудын санал бодлын судалгааг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Асуулга судалгааны төвийг төлөөлөн Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-гээс 2020 онд хийсэн билээ.
Монгол Улсын 18-40 насны нийт 2494 иргэний энэхүү түүвэр судалгааны “Таны бодлоор Монгол Улс ерөнхийдөө зөв чиглэл рүү явж байна уу эсвэл буруу чиглэл рүү явж байна уу?” гэсэн асуулгад 36-40 насны залуусын 52 хувь нь зөв чиглэл рүү, харин 37 хувь нь буруу, 31-35 насны залуусын 61 хувь нь зөв, 29 хувь нь буруу, 18-25 насныхны 52 хувь нь зөв, 36 хувь нь буруу гэжээ.
Харин “Монгол Улсын ардчиллын байдалд та хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?” гэсэн асуумжид 36-40 наснхны 40 хувь нь зарим талаараа сэтгэл ханамжтай гэсэн бол 28 хувь нь зарим талаараа сэтгэл ханамжгүй. Харин 31-35 насны залуусын 41 хувь нь зарим талаараа сэтгэл ханамжтай гэсэн бол 35 хувь нь зарим талаараа сэтгэл ханамжгүй, 26-30 насны залуусын 44 хувь нь зарим талаараа ханамжтай гэсэн бол 32 хувь нь зарим талаараа сэтгэл ханамжгүй гэжээ.
Мөн бүсчилэн байдлаар явуулсан “Монгол Улсад тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал юу вэ?” гэсэн асуултад бүс тус бүр ажилгүйдэл гэж хариулсан байна. Зөвхөн энэ судалгаа бус олон судалгаанд залуучуудын хөдөлмөрийн үнэлэмж хангалтгүй байгаагаас залуус өөрийн орондоо бус гадаад улс руу явж ажиллах сонирхолтой нь тогтоогдсон.
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудын талаарх залуучуудын санал бодлын судалгаа.
Залуучуудын хөгжлийн асуудлыг өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцах чиг үүрэгтэй байсан бол энэ парламентын хугацаанд Соёл, спорт, залуучуудын сайдын эрхлэх асуудал болж шилжсэн. Манай улс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд баталсан.
Гэхдээ энэ хуулийн хэрэгжилтэд хийсэн “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын судалгаагаар залуучуудын оролцоон дээр суурилсан хөгжлийн бодлого гэх зүйл байхгүй байгааг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хэлж байгаа юм. Тэрээр, “Залуучуудыг өөрсдийг нь оролцуулж асуудлыг нь шийддэг механизм үндэсний хэмжээнд байхгүй байна. Тиймээс залуучуудын хөгжлийн асуудлыг оролцооны асуудал гэж нэмж оруулах саналыг би Төрийн байгуулалтын байнгын хороонд тавьсан” гэлээ.
Түүний саналыг тус байнгын хороо дэмжээд байгаа юм.