УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар хөгжлийн бэрхшээл, хүний эрхийн асуудлаар оюутнуудтай уулзав
2024.08.12

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар хөгжлийн бэрхшээл, хүний эрхийн асуудлаар оюутнуудтай уулзав

Улсын Их Хуралд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар өнөөдөр (2024.08.09) Зориг сангийн “Ардчилал Зуны Зуслан” хөтөлбөрт оролцогч оюутнуудын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Зориг сангаас “Ардчилал Зуны Зуслан” хөтөлбөрийг ес дэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд оролцогч оюутан залуус ардчилал, хууль тогтоомж, түүний хэрэгжилт, сайн засаглал, жендэр, хүний эрх зэрэг улс төр, нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар сургалтад хамрагддаг байна. Уулзалтын үеэр гишүүдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг бодлогын хувьд шийдвэрлэж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлоод энэ чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан ажлуудыг танилцуулж, залуусын төлөөлөлтэй нээлттэй ярилцаж, санал бодлоо хуваалцав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжаар асуудлыг шийдлээ гэж үзэх нь учир дутагдалтай гэдгийг тэмдэглээд цаашид тогтолцооны өөрчлөлтийг хийж шаардлагатай дэд бүтцийг байгуулж, хүн бүр эрх тэгш байх боломжтой нийгмийг бий болгох нь чухал гэж байлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар бэрхшээлийг зөв тодорхойлдог олон улсын ангиллыг үе шаттай хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлээд энэ хүрээнд олон нийтийн хандлагыг өөрчлөхөд залуусын оролцоо чухал болохыг онцолсон юм.

Уулзалтад Америкийн нэгдсэн улс, Англи, Австрали, Бүгд Найрамдах Солонгос улс, Хонг-Конг зэрэг орнуудад суралцагчид болон Анагаахын шинжлэх ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан,Технологийн Их Сургууль, Шихихутаг Их Сургууль, Этүгэн Их Сургууль зэрэг сургуулиудад суралцагч оюутнууд оролцлоо.