Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзаж, хамтран ажиллах тухай санал солилцлоо
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Таехюн Лиг хүлээн авч уулзлаа. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хамтарсан Засгийн газрын үндсэн зорилго бол олон жил гацсан томоохон төслүүдийг хөдөлгөхөд чиглэж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд талууд эдийн засгийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын дэд бүтцийг тэлэх, хөгжүүлэх, зам тээврийн салбарт хийх бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажилд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Тэр дундаа “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төсөл хүчин төгөлдөр болж, төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдан ажиллаж байна. Энэ төсөл нь Монгол Улсын авто замын тээвэр логистикийн хөгжилд чухал ач холбогдолтой ба үр дүнд нь авто замын техникийн бэлэн байдал сайжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн үр ашиг нэмэгдэх юм.
Мөн төслийн хүрээнд улсын чанартай 361 км хатуу хучилттай авто замыг засаж сайжруулах, 51 км орон нутгийн чанартай хатуу хучилттай авто зам барих, нийт 8 гүүрийн 1205 у/м төмөр гүүрт засвар хийхээр төлөвлөж байна. Төслийн хамрах хүрээг тэлж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тухайлбал, эдийн засгийн үр өгөөжтэй, хөдөлгөөний эрчим өндөртэй авто замуудыг өргөтгөн 4 эгнээ болгох зорилтыг тавьж байна. Энэ хүрээнд, хойд урд хөрштэйгээ холбогдох босоо тэнхлэгийн авто зам Улаанбаатар Дархан, Сэлэнгэ чиглэлийн замыг 4 эгнээ, хоёр урсгалтай болгон өргөтгөн шинэчлэх, Улаанбаатар Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх гээд эдийн засгийн хувьд үр ашигтай автозамуудад хөрөнгө босгож, бүтээн байгуулалтын ажлыг эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа хэлэв. Мөн Замын-Үүд, Хөшигийн хөндий чиглэлд хуурай боомтын үйл ажиллагааг эхлүүлэхэд техник мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.
Дэлхийн банкны зүгээс Зам тээврийн яамнаас танилцуулж буй төслүүдийг судалж үзээд, боломжтой хувилбаруудад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 2022 онд Дэлхийн банкнаас “Монгол Улсын Зам тээврийн холболт, логистикийг сайжруулах төсөл”-д зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг баталсан. Уг төслийн хэрэгжилт нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг илэрхийлж байгаа төдийгүй Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ зам тээврийн холболт, логистикийг сайжруулах, дэд бүтцийг өргөжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг тавих зэрэг олон талын чухал ач холбогдолтой гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Таехюн Лиг хэлж байлаа.
Талууд энэхүү уулзалтаар улс орны тэргүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, зам тээврийн салбарт хуурай боомтын ажлыг эхлүүлж хөгжүүлэх, тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах зорилгоор ойрын хугацаанд хоёр талаас ажлын хэсэг томилон хамтран ажиллах талаар ажлын чиглэл гаргах, дахин санал солилцох боломжтой гэсэн саналыг гаргав.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn