Д.Ганхуяг: Зарим хэвлэл намайг гүтгээд зогсохгүй Японы ард түмний сайхан сэтгэл рүү ус цацчихлаа. Харамсалтай байна
2012.06.12

Д.Ганхуяг: Зарим хэвлэл намайг гүтгээд зогсохгүй Японы ард түмний сайхан сэтгэл рүү ус цацчихлаа. Харамсалтай байна

Өнөөдөр сайтуудаар “Бридж Ганхуягийн үнэн төрх” гарчигтай цэвэр гүтгэлгийн шинж чанартай нийтлэлийг зохион байгуулалттайгаар тараажээ. Энэ талаар Баянзүрх дүүргээс УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодрууллаа.

-Таныг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хөрөнгө, зээл тусламжийг хувьдаа ашигласан гэж бичжээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Энэ маш хортой гүтгэлэг. Япон хөгжлийн албан ёсны тусламжаа олон оронд хэрэгжүүлдэг. Япон улс ард түмнийхээ татварын мөнгөөр аль нэг улстөрч, эсвэл тэр орны хувийн компанид үйлчлэнэ гэж байхгүй. Тэд авлига авдаггүй, өгдөггүй гэдгээрээ зартай улс. Зарим хэвлэл намайг гүтгээд зогсохгүй Японы ард түмний сайхан сэтгэл рүү ус цацчихлаа. Харамсалтай байна.
Хаанахын ч улстөрч бай, хувиараа Японы улстөрч, төрийн албан хаагчдад хувийн болоод аль нэг компанийн асуудлаар хандвал тэд дахиад бараг харилцахгүй байх аа. Тийм л ёс зүйтэй хүмүүс гэдгийг хэлэх байна. Япончууд манай шилжилтийн үе буюу 2010 оныг хүртэлх хугацаанд Монгол Улсад 1.08 орчим тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, 800 гаруй сая ам.долларын хөнгөлөлтэй зээл өгсөн.
Үүнээс “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар 280 гаруй сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг шинээр барих, өргөтгөхөд 20 гаруй сая ам.доллар зарцуулсан байдаг.“Өвсний үндэс” хөтөлбөрийг 1989 онооос эхлэн хэрэгжүүлсэн. Нэг төслийн төсөв нь 125 мянган ам.доллар хүртэл байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Бридж констракшн” ХХК эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилга болон өргөтгөл, засварын гэсэн дөрвөн ажлыг Хөвсгөл, Архангай, Уланбаатарт хэрэгжүүлсэн. Монголд “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжээгүй сум, аймаг, дүүрэг ховорхон байх гэж бодож байна. “Өвсний үндэс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Японы Элчин сайдын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн байгуулагын хүсэлтийг үндэслэн гүйцэтгэгч компаниудын дунд тендер зарлаж шийдвэр гаргадаг, гүйцэтгэлийг хянадаг.
Бодит үнэн бол энэ.Би “Бридж констракшн” компанид албан ёсоор хувь эзэмшдэг нь үнэн. Энэ компани “Өвсний үндэс”-ийн 280 гаруй төслөөс дөрвөн төсөлд оролцсон. Яагаад оролцож болохгүй гэж. Лав хууль зөрчөөгүй. Би 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Энэ хөтөлбөр намайг УИХ-ын гишүүн болохоос 15 жилийн өмнө эхэлсэн, төслийг шийдэх, хэрэгжүүлэхэд миний зүгээс оролцох боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ асуудлаар найдвартайгаар нь Японы Элчин сайдын яам, ЖАЙКА-гаас тодруулах нь зүйтэй гэж хэлэх байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.