2012.06.07

БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэл энэ сард эхэлнэ

Харийн оронд очиж хөдөлмөр эрхэлж амьдралаа сайжруулах гэсэн монголчуудын цуваа тасардаггүй. Тэр дундаа БНСУ-руу гэрээгээр ажиллах хүсэлтэй монголчууд их байдаг. Тиймээс ч манай улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай" харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох найм дахь удаагийн шалгалтын бүртгэлийг энэ сарын 11-13-ны өдрүүдийн 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд бүртгэх гэнэ. Гэхдээ бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд бүртгэх бөгөөд бүртгүүлэхдээ заавал өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байна.


Бүртгэлийн тоо хязгаартай бөгөөд энэ удаад 10 мянган хүнийг бүртгэх аж. Бүртгүүлэгсэд 18-39 насны иргэд, өөрөөр хэлбэл 1972 оны наймдугаар сарын 27-ноос 1994 оны наймдугаар сарын 26-ны өдрийн хооронд төрсөн байх ёстой юм байна. Үүнээс гадна хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй, Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, тус улсад хууль бусаар оршин сууж байгаагүй байх ажээ. Түүнчлэн БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байхаас гадна эрүүл мэндийн хувьд өвчингүй, тодруулбал элэгний В, С вирус, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчингүй байх хэрэгтэй гэнэ.

Бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэхээ эх хувиар нь авчрахаас гадна хэрвээ та гадаад паспорттой байх юм бол давуу тал болно гэдгийг албаны хүн тодотгож байна. Гэхдээ гадаад паспорт болоод иргэний үнэмлэх нь хүчин төгөлдөр байх ёстой аж. Бүртгүүлсний дараагаар солонгос хэлний шалгалтыг наймдугаар сарын 25,26-ны өдрүүдэд хоёр шаттайгаар өгөх бөгөөд нэгдүгээр шат нь 10:30-11:40 цагт байх бол харин хоёрдугаар шат нь 15:00-16:10 цагт байх юм байна. Хэрвээ дээр дурдсан хугацаанд шалгалтандаа орж чадаагүй бол ямар нэгэн тайлбар нэхэлгүйгээр дараагийн шалгалтыг хүлээх хэрэгтэй гэнэ.

Өөрөөр хэлбэл шалгалтыг нөхөн авахгүй гэсэн үг юм байна. Харин шалгалт авах, дүнг гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэх бөгөөд 80-аас дээш оноо авсан иргэд дундаас хамгийн өндөр оноо авсан дарааллаар шалгаруулж, эхний 4900 шалгуулагчийг тэнцүүлээд аж үйлдвэрийн салбарт тэнцсэн иргэдээ ажиллуулах гэнэ. Шалгалтын дүн есдүгээр сарын долооны өдөр гарах Хөдөлмөрийн бирж болоод холбогдох газруудын вэбсайтад тавигдах ажээ. Нэг зүйлийг сануулахад солонгос хэлний шалгалтанд орохдоо шалгалтын хураамж 24 ам.долларыг "Хадгаламж банк"-нд хийсэн байх ёстой юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.