Таджикистаны цагаачид эх нутаг руугаа хамгийн их доллар шилжүүлжээ
2012.01.02

Таджикистаны цагаачид эх нутаг руугаа хамгийн их доллар шилжүүлжээ

Дэлхийн банкнаас гаргасан “Цагаачлал, хөгжлийн талаарх илтгэл”-д гадаадын мөнгөн шилжүүлгээс хамгийн их хамааралтай байдаг улс орнуудыг нэрлэжээ.

 

Тэргүүн байранд Таджикистан улс шалгарсан байна. Таджикистаны цагаачид 2010 онд эх орон руугаа нийт 2,3 тэрбум долларын мөнгөн шилжүүлэг хийжээ. Энэ нь тус улсын хувьд маш их мөнгө бөгөөд тодруулбал Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 31% болжээ. Дэлхийн банкны тооцоогоор 2011 онд Таджикистаны мөнгөн шилжүүлэг улам нэмэгдэж, 2,7 тэрбум долларт хүрэх юм байна.

 

Айргийн тавд орсон улс орнуудыг нэрлэвэл: Лесото (гадаадын мөнгөн шилжүүлэг тус улсын ДНБ-ий 29%-д хүрсэн), Самоа (ДНБ-ий 25%), Молдав (ДНБ-ий 23%), Киргиз (ДНБ-ий 21%).


Гадаадаас ирэх мөнгөн шилжүүлгээс хамааралтай орнуудын эхний 10-т Непал (ДНБ-ий 20%), Тонго (ДНБ-ий 20%), Ливан (ДНБ-ий 20%), Косово (ДНБ-ий 17%), Сальвадор (ДНБ-ий 16%) улсууд жагсчээ.


Дэлхийн банкнаас дэвшүүлсэн таамаглалаар хөгжиж буй орнуудын гадаадаас авдаг мөнгөн шилжүүлгийн дүн 2011 оны эцсээр бараг 351 тэрбум долларт хүрэх гэнэ. Харин өндөр хөгжилтэй орнуудыг оруулаад дэлхий даяарх мөнгөн шилжүүлгийн хэмжээг тооцвол энэ нь 2011 онд 406 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна.


Албан ёсны бүртгэлийн дагуу явагддаг мөнгөн шилжүүлгийн дүнгээр дэлхийн улс орнуудыг жагсаахад тэргүүлэгч орнуудын тоонд Энэтхэг (58 тэрбум доллар), Хятад (57 тэрбум доллар), Мексик (24 тэрбум доллар), Филиппин (23 тэрбум доллар) оржээ. Түүнээс гадна Пакистан, Бангладеш, Нигери, Вьетнам, Египет зэрэг орон гадаадаас их хэмжээний мөнгөн шилжүүлэг авдаг юм байна.

 

Ирээдүйд иймэрхүү мөнгөн шилжүүлэг улам ихсэх төлөвтэй байгаа талаар Дэлхийн банк мэдээллээ. Жишээлбэл гадаадын мөнгөн шилжүүлгийн хэмжээ 2012 онд 7,3 %-иар өсөх төлөвтэй байгаа аж. Харин энэ хэмжээ 2013 онд 7,9%, 2014 онд 8,4%-иар нэмэгдэх аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.