Чех улсын их сургуульд  оюутан, магистрант суралцуулна
2009.10.23

Чех улсын их сургуульд оюутан, магистрант суралцуулна

2010-2011 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд байгалийн ухаан, геологи /гидрогеологи/, мал эмнэлэг, экологи, газар тариалан, хүнд үйлдвэр /эрчим хүч/, анагаах ухааны чиглэлээр чех хэл дээр бакалаврын сургалтад хамрагдах 3 хүнийг, хөдөө аж ахуй, эдийн засаг /худалдаа/, мэдээллийн технологи чиглэлээр англи хэл дээр магистрын сургалтад хамрагдах 3 хүнийг тус тус шалгаруулна.
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.