Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгт сурч байгаа монгол оюутнуудтай уулзав
2009.09.14

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгт сурч байгаа монгол оюутнуудтай уулзав

БНЭУ-д Төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж айлчлалынхаа эхний өдөр, Энэтхэг улсад сурч ажиллаж байгаа Монгол оюутан залуучуудын төлөөлөлтэй уулзлаа.
Өнөөдөр БНЭУ-д 500 гаруй монгол иргэд сурч, ажиллаж байгаагийн 300 гаруй нь их, дээд сургуульд сурч байгаа оюутнууд байна. Тэдгээрийн бараг 100 орчим нь Дели хотод сурч байгаа. Монголын залуучууд Энэтхэгийн дэлхийд өрсөлдөх чадвартай томоохон их дээд сургуулиудад мэдээллийн технологи, менежмент, улстөр судлал, англи хэлний чиглэлийг сонгон суралцаж байгаа юм байна. Түүнчлэн Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээржил бүр 30 орчим оюутан бакалавр, болон магистрийн сургалтанд хамрагдаж байгаа тухай Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд уулзалтын эхэнд танилцууллаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалын зорилго, болон саяхан батлагдсан “Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн тухай товчхон ярилаа. “Ардчиллын хамгийн том орон, Азийн ардчиллын үлгэр жишээ гэгддэг Энэтхэг улсад ирж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Энэ айлчлал улстөрийн хувьд өндөр ач холбогдолтой байх болно гэдэгт итгэж байна. Манай хоёр орны харилцаа бүх салбарт эрчимтэй хөгжиж байгаа нь өнөөдөр боловсролын салбарт илэрч байна” гээд “ Дэлхийн хэмжээний боловсролыг олж авахын тулд Энэтхэгийг зорих нь зөв юм байна гэж бодож, сонголтоо хийх болсон залуучуудын тоо нэмэгдэж байгаа нь сайн хэрэг.Энэтхэг бол том гүрэн. Хэдийгээр хөгжлийн шатанд байгаа ч, 21-р зууны дэлхийн эдийн засгийг тодорхойлох хүчирхэг орон. Иймд Энэтхэг орон ямар шинэ ололт гаргаж, шинэ технологи дэвшүүлж буйг сайн судалж мэдэж байгаарай. Сайн зүйл сурч мэдсэн бол заавал түүнийгээ бусадтай хуваалцах хэрэгтэй. Өнөөдөр манай улсад мэдээллийн технологи, уул уурхайн салбаруудад инженер хэрэгтэй байна. Та нар сурсан мэдсэнээ эх орондоо зориулаарай” хэмээн захилаа.

Уулзалтын үеэр оюутнууд Ерөнхийлөгчид болон дагалдан яваа албаны хүмүүст сонирхсон асуултаа тавьж, хариулт авсан. Оюутнууд, Ерөнхийлөгчөөс Харвардын Их Сургуульд суралцах боломжийг хэрхэн олж авсан, Харвард түүнд юу өгсөн тухай асууж, гадаадад сурч байгаа Монгол оюутнуудыг хэрхэн дэмжиж болох тухай болон төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэхийн тулд мэдээллийн технологийг ашиглах талаар саналаа солилцлоо.

Монгол Улс, болон Энэтхэг улсуудын соёл, боловсрол, ШУТ-ийн хамтын ажиллагааны талаар дурдвал, Энэтхэгийн ITEC (Айтек) хөтөлбөрийн хүрээнд 1987 оноос эхлэн төрөл бүрийн мэргэжлээр жилд 50 гаруй мэргэжилтэн урт богино хугацааны сургалтанд хамрагдаж байна. БНЭУ-ын Засгийн газар Улаанбаатар хотод Мэдээллийн технологийн мэргэжилтнийг давтан бэлтгэх сургалтын төв, 5 аймагт орон нутгийн мэдээллийн төв байгуулахад зориулж, нэг сая долларын тусламж үзүүлсэн билээ.

БНЭУ-д өнөөдөр 300 гаруй ИДС, 3мянга орчим коллеж, 200 000 бүрэн дунд боловсролын сургууль байна. Дээд боловсрол төлбөртэй түүнд тавигдах шаардлага өндөр. Боловсон хүчин бэлтгэх талаар БНЭУ хөгжиж буй орнуудад дээгүүрт тооцогддог. Шинжлэх ухааны хөгжилд төрөөс онцгой анхаардаг бөгөөд, эрдэм шинжилгэний ажилтны тоогоор дэлхийд 3-р байранд орж байна. Цөмийн шинжлэх ухаан, сансар судлал, мэдээллийн технологийн салбарт өндөр амжилт олж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.