Ерөнхийлөгч Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудалд буулаа
2009.09.14

Ерөнхийлөгч Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудалд буулаа

БНЭУ-д Төрийн айлчлал хийхээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гэргий Хажидсүрэнгийн Болормаа нар дагалдан яваа бүрэлдэхүүний хамт Шинэ Дели хотын
“Палам” нисэх онгоцны буудалд буулаа. Ерөнхийлөгчийг БНЭУ-ын гадаад хэргийн Төрийн сайд хатагтай Принийт Каур угтан мэндчиллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхэд хамгийн түрүүнд баяр хүргэж, эх орондоо айлчлахыг урьсан орнуудын нэг бол Энэтхэг улс билээ. 13-р зуунаас эхэлсэн түүх, соёлын уламжлалт харилцаа өнөөдөр бүх салбарт өргөжин хөгжиж байгаа. Энэ харилцааг шинэ шатанд хүргэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж байгаа энэ удаагийн Төрийн айлчлал онцгой үүрэгтэй гэдгийг айлчлалыг зохион байгуулагчид хэлж байна.

БНЭУ-ын хүн амын тоо 2006 оны байдлаар 1 тэрбум 111 сая болжээ. 1950 онд улсаа зарлаж, Үндсэн хуулиа баталсан Энэтхэг улс өнөөдөр эдийн засгийн хурдтай хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болж чадсан юм.

1991 оноос эдийн засгийн эрс шинэчлэл хийсэн бөгөөд энэ шинэчлэлийн явцад улсын үйлдвэрийн газруудыг хувьчилж, батлан хамгаалах, атомын эрчим хүч, нүүрс, эрдэс баялаг, газрын тос, төмөр зам зэрэг 6 салбарыг төрийн мэдэлд үлдээсэн байна. 1999 оноос эдийн засгийн шинэчлэлийн 2 дахь үеийг эхлүүлсэн бөгөөд, төрөөс эрчим хүч, харилцаа холбоо, усан боомт, нисэх буудлууд, зам харилцаа, мэдээллийн технологийн салбарт онцгой анхаарч байна.

Энэтхэг улс нь ардчилсан, олон ургальч, шашинлаг бус төр, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахих, үндэсний эдийн засгийн хөгжлийг эрчимтэй хөгжүүлэхэд таатай нөлөөлөх зорилтыг гадаад бодлогодоо дэвшүүлжээ.

Манай хоёр орны харилцаа соёл, боловсрол, мэдээллийн технологи, худалдаа эдийн засаг, батлан хамгаалах салбаруудад эрчимжиж байгаа нь дараах тоо баримтаас харагдаж байна. Тухайлбал, сүүлийн 3 жилд худалдааны бараа эргэлт 3 дахин өсч, 2007 онд 8 сая, 2008 онд 13 сая ам.долларт хүрлээ. Манай улс Энэтхэгээс төрөл бүрийн эм, эмийн түүхий эд, вакцин зэргийг авдаг.

Монгол улсын Ерөнхийлөгч 1994, 2001 онуудад, харин БНЭУ-ын Ерөнхийлөгч 1998 онд манай улсад айлчилж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНЭУ-д хийж байгаа төрийн айлчлал 9-р сарын 17 хүртэл үргэлжлэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.