Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 3 сарын ажлаа тайлагналаа
Өнөөдөр 11 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус хуралд Тамгын газрын дарга Д.Дорлигжав, Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар, ЕТГ-ын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга С.Эрдэнэболд нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 3 сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хийж эхлүүлсэн, анхаарлаа хандуулсан асуудлууд цөөнгүй байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад тууштай бодлогын зэрэгцээ үндсэн гурван бодлогыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд баримтлахаар шийдвэрлэсэн болно.
Эдгээр нь:
- Иргэн төвтэй төр
- Ногоон хөгжил
- Өрсөлдөх чадвар болно.
Эдгээр гурван асуудлыг шинэ Ерөнхийлөгчийн бодлогын тулгын гурван чулуу гэж ойлгох учиртай.
Энэ хүрээнд хийж, хэрэгжүүлж эхэлсэн асуудлуудыг жагсаавал.
1. “Иргэн төвтэй төр” бодлогын хүрээнд:
- Шүүхийн шинэтгэлийн асуудал:
Ерөнхийлөгч 7-2ны өдөр шат шатны шүүхийн байгууллагуудын ажил байдалтай танилцаж, мөн 9-р сарын 2-ны өдөр шүүгчид, хуульчид болон энэ салбарын эрдэмтэдтэй уулзаж шүүхийн шинэтгэлийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, чадварлаг шүүхтэй байх асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд, энэ хүрээнд шүүхийн тухай багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм. Шүүхийн салбарыхан шинэтгэл хийхийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно
• Иргэний танхим: Төрөөс гарч байгаа аливаа шийдвэр, дүрэм, хуулиуд иргэний оролцоотойгоор, тэдний саналыг тусгаж байж батлагдах учиртай гэж үзсэний үндсэн дээр Ерөнхийлөгчийн дэргэд Иргэний танхимыг ажиллуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажил хангагдаж дууслаа. Иргэний танхим иргэн бүрийн өмнө нээлттэй бөгөөд, аливаа асуудлаар байнгын хэлэлцүүлэг явуулдаг болох юм.
• Иргэнийхээ төлөө хот барья: Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр ирж байгаа санал, гомдлын тодорхой хувийг нийслэлийн Иргэний амьдрах нөхцөл бололцоог боогдуулж байгаа тухай гомдол эзэлж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч хотын удирдлагатай уулзаж, нөхцөл байдалтай танилцан, хот төлөвлөлтийг сайжруулах, чанаргүй барилга, зам болон газрын асуудлаар тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгч, Иргэнийхээ төлөө хот барихыг уриалсан билээ. Мөн, хотын нийт барилгуудад үзлэг хийж, аюултай барилгуудын тоог гаргах, арга хэмжээ авах чиглэл бүхий зарлигийн төслийг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
- Өрсөлдөх чадварын бодлогын хүрээнд
• Оюутны тэтгэлгийн асуудал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдсан ажлын хэсэг “Оюутны сургалтын тэтгэлгийн тухай” хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж боловсрол үнэтэй, сонголттой байх ёстой, сургалтын тэтгэлэг нь дээд боловсролын шинэчлэлийг шийдвэрлэх түлхүүр төдийгүй, өрхийн ядууралд нөлөөлж буй нэг хүчин зүйлийг арилгахад чухал үзүүлэлт болно гэдэг байр суурьтай байгаа билээ. Дээд боловсролын шинэчлэлийг эхлүүлснээр, монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой бодлого болно гэж үзэж байна. “Оюутны сургалтын тэтгэлгийн тухай” хуулийн төслийг ирэх намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
• Шагналын шинэчилсэн бодлого: Монгол хүний байгуулсан гавьяа, хөдөлмөр бүтээл үнэ цэнэтэй , өрсөлдөх чадвартай байх ёстой гэж үзэж шагналын шинэ бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болно. Аливаа шагнал урамшуулал, одон тэмдгийг хийж бүтээсэн алдар гавьяатай, нэр хүндтэй, авах ёстой хүнд нь өгөх бодлогыг баримталж ирлээ.
- Ногоон бодлогын хүрээнд
• Эко боловсрол: Өнөөдөр дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн өөрчлөлтүүд хүн төрөлхтний сэтгэлийг түгшээх хэмжээнд хүрээд байна. НҮБ –ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр дэлхийн удирдагчид энэ асуудлаар тухайлан чуулах бөгөөд, манай улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ чуулган дээр хэлэх үгтэй, уриалах санаачлагатай очиж байна. Учир нь Ерөнхийлөгч, 2009 оны 9-р сарын 1-нд, хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр, дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлт, түүнд үзүүлж байгаа хүмүүсийн хүчин зүйлс, хүүхэд багачууд хэрхэн байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж болох талаар “Дэлхийн дулаарал ба байгаль орчноо хамгаалах нь” сэдэвт хичээлийг улс орон даяар заалаа.
- Гадаад бодлогын хүрээнд:
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд Төрийн айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн айлчлал амжилттай боллоо. Хоёр Ерөнхийлөгч “МУ ОХУ-ын хооронд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал”-ыг үзэглэж, эдийн засаг хөрөнгө оруулалт, худалдаа, хүмүүнлэг, цэрэг батлан хамгаалах салбарт хамтран ажиллах талаар тодорхой тохиролцоонд хүрсэн бөгөөд энэхүү айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргалаа хэмээн хоёр тал санал нэгтэй дүгнэж байна.
- МУ-ын Ерөнхийлөгчийн “Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр” бэлэн боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд хийх ажлуудыг тусгасан гол баримт бичиг болох “ Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр” бэлэн боллоо. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын Иргэн өөрт олгогдсон эрхээ эдэлж, хөдөлмөрлөж, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах бүхий л боломжоо дайчлан ажиллахад нь хэрэгтэй орчныг бүрдүүлэхэд чиглэгдэж байна. Ард түмний хүсэл эрмэлзлийн бодит илэрхийлэл болсон Мөрийн хөтөлбөр боллоо гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн баг дүгнэж байна.