2024.12.10

Ч.Ундрам: Цэцэрлэгийн багшийн гүйцэтгэлийг ₮1.5 тэрбумаар хассанаас Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зардлыг тана

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.12.09/ хуралдаанаар Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийжээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргав.

Тэрбээр “Засгийн газраас төсвийн тодотголыг оруулж ирэхдээ цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн санхүүжилтыг 1.5 тэрбум төгрөгөөр хассан байна. Бид нар арайхийж сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт хамруулдаг байсан тэр тогтолцооноос гарчихаад одоо багш нарыг нь цалингүй болгож болохгүй.

Гэтэл Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх санд үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх, өргөн нэвтрүүлгийн радио телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.1 дүгээр зүйлд Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн мөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг заасан байдаг юм байна. Тухайлбал, 

  • 20.1.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;
  • 20.1.2.үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;
  • 20.1.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих.

Энэ бол өнөөдөр манай улсад тулгарч буй асуудлын нэгдүгээрт жагсах зүйл биш. Иймд энэ сангийн үйл ажиллагааны зардлыг дорвитой танаж, цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээнд оруулах санал гаргаж байна. Гишүүд дэмжээд өгөөрэй” гэв.