Д.Бум-Очир: Эдийн засгаа солонгоруулах нэг боломж бол соёлын салбар
БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хэлэлцлээ.
Энэ үеэр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг бүхэлд нь буцаах саналыг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир гаргасан байна.
Тэрбээр “Энэ хуулийн төслийн заалтыг харахаар соёлын салбарын хоёр санг татан буулгах тухай байгаа юм. Тухайлбал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих сан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжихгүй гэдэг шийдвэр гарсан. Хэрвээ хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бол Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй болж байгаа юм.
Эдгээр хуулийн төслийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд соёлын салбарын ажилтнууд арай гэж батлуулсан. Энэ бол салбарынхаа хувьд ахиц дэвшил авчирсан. Яагаад энэ хоёр санг татан буулгахаар болсон бэ. Ямар ч төсөв тавигдаагүй байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.6-д Тусгай санг дараах үндэслэлээр татан буулгана гэсэн байна.
- 5.6.1.тусгай сан анх байгуулагдсан зорилгоо биелүүлсэн;
- 5.6.2.өөрчлөн зохион байгуулсан;
- 5.6.3.тусгай сангийн үйл ажиллагаа доголдсон, үр ашиггүй болох нь тогтоогдсон;
- 5.6.4.энэ хуулийн 5.5-д заасан шаардлагыг хангахгүй болсон;
- 5.6.5.засгийн газрын тусгай сангийн хууль тогтоомж зөрчсөн гэх мэт.
Тэгэхээр дээрх зөрчлүүд үүссэн эсэхийг тодруулж байна” хэмээн асуулт асуув.