Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14

Бод малын сургалтын эмнэлэг байгуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр БНСУ-ын Засгийн газрын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци, Үсэм (Wosem Co.,Ltd) компани, Кёнбүк Үндэсний Их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн хамтарсан Монгол Улсад бод малын эмнэлгийн чадавхыг сайжруулах төслийн судалгааны багийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уг төсөл 2026-2030 онд хэрэгжих бөгөөд Монгол Улсад бод малын эрүүл мэндийг сайжруулах, шинэ дэвшилтэт мал эмнэлгийн технологийн мэргэжилтэн бэлтгэх, сургалтад нэвтрүүлэх, Бод малын сургалтын эмнэлэг байгуулах зорилготой юм.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Төслийн менежер Ю Гынчан, БНСУ-ын Хөдөө Аж Ахуйн Корпорацийн Сон Жиёнг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ мал эмнэлэг нь мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, малын эрүүл мэнд төдийгүй хүн ам, нийгмийн эрүүл мэндийг хамгаалдаг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий нарийн мэргэжлийн салбар гэдгийг онцоллоо.

Бод малын эмнэлгийн чадавхийг сайжруулах төсөл 2026-2030 онд амжилтай хэрэгжсэнээр мал эмнэлгийн боловсролын систем нь олон улсын шаардлагад бүрэн нийцэж, төгсөгчдийн чанарыг сайжруулж, төгсөөд гарахдаа эзэмшсэн байх мэргэжлийн ур чадвар сайжирна. Улмаар мал эмнэлгийн салбарын үйлчилгээний чанар нэмэгдэж хүнсний хангамж, аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх юм