Эрчим хүчний салбар доголдолгүй ажиллаад ирэхээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, өрсөлдөх боломж үүснэ
Нэгдүгээрт, Монгол Улс үйлдвэрлэлээ хөгжүүлж гэмээ нь эдийн засаг тогтвортой болно. Өнөөдөр манай улсад үйлдвэрлэл байхгүй нь түүхий эдийн борлуулалтаас шууд хамааралтай. Монголын эдийн засаг комплекс систем гэхээс илүүтэй том захын наймааны шинжийн тогтолцоотой. Бүтээгдэхүүн, түүхий эд нь тухайн үедээ зарагдаж байвал баяждаг, борлуулалтгүй болохоор уначихдаг байх жишээний. Иймд үүнийг бэхжүүлэхийн тулд үйлдвэрлэл хэрэгтэй. Үйлдвэрлэлийг Монгол Улсад хөгжүүлэхэд бусад улс оронтой харьцуулахад өртөг өндөр. Ялангуяа уул уурхайн түүхий эдийн борлуулалтад тулгуурласан эдийн засагтай улсын хувьд түүхий эд ээ дараагийн шатанд гаргаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал.
Тэгвэл өртөг өндөртэй юм бол хэрхэн өрсөлдөх чадвартай болж хөрөнгө оруулалт татах вэ гэдэг асуулт урган гарна. Үүний тулд татварын зохицуулалт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, эрдэс, хөдөө аж ахуй, хүнс гээд бүхий л салбарт үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийгээ экспортод гаргахад нь бүх төрлийн хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Тоног төхөөрөмж, тусгай материалыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх бол хамгийн наад захын асуудал. Экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байвал орлогын албан татвараас шатлалтайгаар чөлөөлөх болон хөнгөлөх эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай. Үүнийг л хийхийн тулд УИХ-д гишүүн болж орж ирсэн. Энэ утгаараа энэ парламент зоригтой өөрчлөлтүүд хийх болов уу.
Хоёрдугаарт, үйлдвэрлэл хөгжүүлэхэд төрөөс тухайлсан байршил дээр тийм үйлдвэр барьж, ийм технологи ашиглана гэх мэтээр төлөвлөх нь зохистой биш. Угтаа төлөвлөлтийг бизнесийнхэн хийж, төр нь үйлдвэр барьж ашигтай ажиллахад шаардагдах бусад зүйлсээр дэмжих хэрэгтэй. Үүний тулд татварын орчныг хөнгөвчилж, суурь дэд бүтэц буюу цахилгаан, төмөр болон автозам, усан хангамж гэсэн зүйлсэд нь төр оролцож, манлайлал үзүүлэх нь нэн чухал.
Эрчим хүчний салбар доголдолгүй ажиллаад ирэхээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, өрсөлдөх боломж үүснэ!
Гуравдугаарт, миний хувьд эрчим хүчний либералчлалыг хийх ажлын хэсэгт ажиллаж байгаа. Монголд үйлдвэрлэл, барилга, бизнес хөгжүүлье гэхээр эрчим хүч хүрдэггүй. Олон төсөл, үйлдвэр эрчим хүч, цахилгааны техникийн нөхцөлөө авч чаддаггүй байдалтай байгаа. Хэрвээ хангалттай эрчим хүч байсан бол орлого нэмэгдэж, эдийн засаг тэлнэ. Тэгэхээр манай эрчим хүчний салбар хоцрогдчихоод эдийн засгийн өсөлтөө боомилоод байгаа юм. Нэмэгдүүлээд хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт татах гэхээр цахилгааны тарифын асуудал гарч ирдэг. Дотоодынхоо цахилгаан станцын үнээс хоёр дахин өндөр үнээр ОХУ, БНХАУ-аас импортоор авч байгаа. Иймд тус салбарт хөрөнгө оруулалт ордоггүй. Үүнээс болоод эдийн засаг өсөхгүй, монголчуудын орлого нэмэгдэхгүй болчхоод байна. Эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татахуйц хэмжээний тариф хэрэгтэйн дээр одоо ажиллаж байгаа төрийн өмчит цахилгаан станцууд үйл ажиллагааныхаа зардлаас хямдаар бүтээгдэхүүнээ зарж байгаа. Ингээд технологийн шинэчлэл хийж чадахгүй, өрийн сүлжээнд орчихсон байх жишээний.
Цахилгаан станц нь бүтээгдэхүүнээ ийн хямд зараад байгаа учир тэдэнд нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол зэрэг уурхайнууд ч нэг тонн нүүрсээ олборлосон өртгөөсөө хямдаар зардаг. Энэ мэт хаа, хаанаа алдагдалтай ажиллаж байгаагаа Засгийн Газрын өрийг нэмэх байдлаар аргалдаг. Эргээд түүнийх нь хүү, төлбөрийг бид бүгдээрээ хувааж төлдөг байдалтай явсаар ирсэн. Ийм байдалтай байсаар нэг л өдөр Монголын эрчим хүч тэр чигтээ савлаж юун хөгжил манатай болно. Тэгэхээр тарифыг бодит байдал руу нь оруулж, алдагдлаа нөхөх хэрэгтэй. Ингэхээр тариф мэдэгдэхүйц хэмжээгээр өснө. Алдагдал буураад эрчим хүчний салбар доголдолгүй ажиллаад ирэхээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, өрсөлдөх боломж үүснэ
Нэг ёсондоо, эрчим хүчний салбар хөрөнгө оруулалт татах нөхцөлтэй болсны дараа нүүрсний дунд оврын станцууд, усан станцууд, нар салхины нэмэлт эх үүсвэрүүд гэхчлэн холимог тархмал эх үүсвэрүүдтэй болох шаардлагатай.
Дөрөвдүгээрт, ус. Хот сүүлийн хоёр жил үерлэхэд, үерийн усыг хуримтлуулаад эргээд ашиглах нь ямар өгөөжтэйг харсан. Гүний ус ашиглахын оронд гадаргын ус ашиглах төслүүдийг энэ Засгийн Газар эхлүүлэх зорилт тавьсан. Иймд, АҮБХ-ны гишүүний хувьд идэвхтэй ажиллаж, эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ. Тавдугаарт, Сүүлийн жилүүдэд манай улсад төмөр зам сайн хөгжсөн. Нүүрсний хэрэглээ ойрын 10-20 жилдээ хэвийн үргэлжлэх төлөвтэй байна. Энэ хугацааг ашиглаад Монгол Улс төмөр замынхаа сүлжээг илүү өргөтгөж авах хэрэгтэй. Автозамын хувьд улс дамнасан тээвэр хийдэг БНХАУ- ОХУ хоорондын тээвэр улам нэмэгдэж байгаа. Цаашид нь илүү нэмэгдэнэ.
Гэхдээ эдгээр тээврийнх нь дийлэнхийг ОХУ, Беларусын компаниуд хийж байна. Нөгөө талдаа, эрдэс болон нүүрс тээврийн дийлэнхийг Хятад компаниуд гүйцэтгэдэг. Тэгэхээр Монгол Улс өөрийн газар нутагт явуулж байгаа тээврээс олж буй орлого маш бага байна. Транзит тээвэр хийхийн тулд олон улсын байгууллагаас зээл авч, зам аа барьдаг. Эргээд тэр замаар нь гадаадын тээвэрчид түлхүү явж, мөнгө олдог байж болохгүй. Энэ хүрээнд, тээврийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажил хийгдэнэ. Миний хувьд ч үүн дээр идэвхтэй оролцоно. Мөн улсын хэмжээнд нийт явж буй тээврийн нэгдсэн цахим систем бүрдүүлэх хэрэгтэй.
Салбар бүрийн цахимжилтийн чиглэлийн хүмүүстэй мэдээлэл солилцон, нягт ажиллана
Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын албыг хашиж буйн хувиар салбарынхаа асуудлуудтай танилцаж, төрийн байгууллагууд, хувийн компани, старт аппуудтай, залуустай ч уулзлаа. Үндсэндээ Монгол Улс Инновац, цахим бодлогын байнгын хороо, дараа нь яамтай болоод удаагүй. Энэ салбарын хамт олон, өмнөх удирдлагууд нь богино хугацаанд чамлахааргүй их ажлыг амжуулж, төрийн цахим үйлчилгээ сайн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд цахимын багц хуулиудтай ч болоод амжсан. Харин эдгээр хуулиудын хэрэгжилт дээр байнгын хорооны зүгээс хамгийн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатай.
Цаашид тус хуулиудад засаж сайжруулах зүйлсүүд ч ажиглагдсан. Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ дээр ч нэлээдгүй асуудал бий. Олон улсын крипто валют, койны бирж дээр худалдаа эрхэлдэг хүмүүс Монгол Улсад цөөнгүй байдаг. Нэгэнт батлагдчихсан хуулийн хэрэгжилт дээр төрийн байгууллага, нэг яамны харьяа байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцоход төвөг учирдаг, мэдээлэл эзэмшигчийн эрхийн асуудал хөндөгддөг гэх мэтчилэн бага хэмжээний засвар хийгээд ажлыг илүү шуурхай саадгүй явуулах зүйлс нэлээдгүй байна.
Энэ парламентын тавьж буй гол зорилт нь хуулийн чанарыг сайжруулах. Монгол Улс албан ёсны 800 гаруй хууль, 2400 орчим журамтай. Хэрэгжиж буй хуулиасаа 3 дахин их журамтай улс болж. Хуулиар засаглана гэдэг бол Ардчилсан нийгмийн гол зорилт. Хууль хангалттай хэмжээнд ажиллах боломжийг олгохгүйн дээр заавал журам гаргаж тайлбарлах хэрэг гараад байгаа нь буруу замаар явж буйн илрэл. Иймд журмуудын тоог бууруулах, тоог бууруулснаас үүдээд хуульд нэмэлт өөрчлөлт орж таарна. Эдгээр засваруудыг хийх нь энэ парламентын хамгийн гол даалгавар юм. Миний гол зарчим төлөөлж байгаа салбарууд, ажил хийж буй хүмүүстэйгээ илүү ойрхон ажиллана.
Угтаа ажил хийдэг хүн асуудлыг мэддэг болохоос дарга мэддэггүй!
Төрийн бодлого боловсруулах, эрх зүйн орчныг нь сайжруулах том даалгавар авсан учир, төлөөлсөн иргэдийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Энэ нь хүний лоббинд орно гэсэн үг биш. Нэг ёсондоо, тэнд юу болохгүй байгааг ойлгож, энд засахын төлөө ажиллана гэсэн үг. Сонгогчид болон салбарын мэргэжилтнүүдтэйгээ ойр байж, байнгын мэдээлэл солилцсон идэвхтэй байх нь миний ажиллах зарчим, онцлог байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn