Д.Цогтбаатар: Төсөв томорсоны гол шалтгаануудын нэг нь ганц далайлтаар 65 хувь нэмэгдсэн УИХ өөрөө
Төсөв томроод байгааг бүгд л шогширч байна. Үүний гол шалтгаануудын нэг нь бол ганц далайлтаар 65 хувь нэмэгдсэн УИХ өөрөө. Гишүүдийн тоо нэмэгдэхээр засаг тогтвортой байхын тулд энэ “эрээ цээргүй” тооны нэмэгдлийн эсрэг тоогоор л сөрнө. Тиймээс засгийн гишүүдийн тоогоо буулгаж чадахгүй байгаа юм. 23 сайд тус тусдаа төсвийнхөө багцыг бооно, тэгээд хасахад аваад үлдэх “хар хайрцаг”-аа шургуулна. 23 тусдаа төсвийн багц!!! Тэгэхээр төсөв яаж буурах вэ? Тэгэхээр “төсөв томорч” гэж цочирдож буй гишүүд үүний учир шалтгааных нь нэг уг угшил нь өөрсдийгөө гэдгийг бас ойлгох л хэрэгтэй. Олон гишүүний эсрэг олон “давхар дээлт”-ийг тавьж байж л унах магадлал буурна.Бид 300 гаруй сая хүнтэй Америктай дүйцэхүйц засагтай байгаад байгаа. Тэдний яг сайд нь гэвэл 15 (кабинетад нь өөр албан тушаалтнууд бас багтдаг) гэдгийг аваад үзвэл, манайх түүнээс том засагтай байгаад байгаа юм.
Тэгтэл тэднийхээс том засагтай байх нь ч, түүнтэй дүйцэхүйц тооны засагтай байх нь ч манайд хэтэрхий ахдана. Тэгээд ч АНУ-ын шинэ Ерөнхийлөгч засгийнхаа тоог цөөрүүлнэ гээд байгааг бодохоор бид яах ёстой нь дэндүү л тодорхой уг нь байгаа юм. Гэхдээ үүнийг 2022 оноос л миний хувьд тасралтгүй ярьсан. Хэн ч ойшоогоогүй. “Цүнхчид” бол бүр амаагүй олохгүй шоолж байсан. ПиАр гэж хүчтэйг ойлгодог. Үнэн түүний өмнө сөгдөх цаг үе байдгийг ч мэдэрч байгаа. Гэхдээ үнэн цагийн эрхээр өөрийгөө мэдрүүлдэг. Тэгж ч байна. ПиАр шоугүй асуудал ярихаар хэнд ч хүрдэггүй нь үнэн гэдгийн бас нэгэн илрэлийг л бид хамтдаа харцгааж байгаа юм.Товчдоо шинэ тогтолцооны заяамал программ нь олон гишүүний эсрэг олон гишүүнтэй кабинетыг л сөргүүлэн тавьж байж засаг амьдрах хугацаагаа уртасгах магадлалтай болдогт оршиж байгаа юм.
Угсарсан энэ шинэ бүтцийн суурь программ өөрчлөгдөхгүй. Цаашдаа сонгуулиас сонгууль дамжин ийм л байх болно. Төсөв хэт ихсэхээр балбаж байж буулгана, тэгээд хар аяндаа л цаашлах явцдаа мэдэгдэхгүйгээр өссөн байна. Тэгээд л дахиад бөөн юм болгож буулгана. Мөчлөг дахиад л эхэлнэ. Би “30 жилийн дараа төсөв хэрхэхийг хараарай” гэж байсан. 30 жил байтугай 366 хоног ч хүлээх шаардлага гарсангүй. Миний урьдчилж хэлж байсан зүйлс зөв байлаа гээд “тэр харав уу?!” гээд л би баясахгүй, харин миний буруу байвал баярлана гэж байсан. Учир нь хохирлыг нь бид бүгд л амсана. Энэ байр суурь хэвэндээ л байгаа.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.12.11