ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 5 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2025.02.21

ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 5 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Хөвсгөл аймагт 2020 оноос эхлэн Төрийн үйлчилгээг дэмжих хөтөлбөр, Боловсролыг дэмжих хөтөлбөр, Соёлыг дэмжих хөтөлбөр, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Нийгмийн хамгааллыг дэмжих хөтөлбөрийг санаачлан жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрүүдийн хүрээнд Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, дотуур байр, Соёлын төв, Ахмадын өргөө, ИТХ, ЗДТГ-т нэн шаардлагатай байгаа авто машин, тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг олгож төрийн үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулан, чанар, хүртээмжийг нэмэгдүүлээд байна.

Энэ жилийн хувьд “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудад нярайн эндэгдлийг бууруулахад шаардлагатай “4D суурин эхо, нярайн дулаацуулах ширээ, нярайн шарлагын аппарат, болон шээсний бүрэн анализатор, бүлэгнэлтийн бүрэн анализатор, “УВЧ” сэргээн засах эмчилгээний аппарат, Шинэ-Идэр сумын Эрүүл мэндийн төвд зөөврийн ЭХО аппарат” зэрэг 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 18ш тоног төхөөрөмжийг 11 сумын Эрүүл мэндийн төвд гардууллаа. Мөн ирэх гуравдугаар сард 19 сумын Эрүүл мэндийн төвд Биохимийн бүрэн анализатор аппарат олгогдох ба иргэд заавал аймгийн төв оролгүйгээр сумандаа нарийн шинжилгээ өгөх боломжтой болох юм.

Түүнчлэн бидний ирээдүй болсон хүүхэд багачууд, тэднийг сурган хүмүүжүүлж, боловсрол олгож буй сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах зорилготой Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байранд “суурин компьютер, А4, А3 хэмжээтэй өнгөт принтер, олон үйлдэлт принтер, ламинаторын машин, багшийн самбар” зэрэг 200 орчим сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 169ш тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.