Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.14/ хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгч нарын үр тариа, ноос, сүүний урамшууллаас нь нийгмийн даатгалын шимтгэл авна гэсэн хууль гарч байна. Авч болно, үгүй ч байж болно гэсэн. Аливаа хууль тодорхой байх ёстой. За бол за, үгүй бол үгүй. Гэтэл урамшууллаасаа нийгмийн даатгалаа төлж болно, төлөхгүй ч байсан болно гэж орж ирж байгаа нь бүрхэг байгаа юм. Малчид тариаланчид тэр бүр бэлэн мөнгөгүй байдаг. Урамшууллаасаа нийгмийн даатгал төлөх нь нийгмийн даатгал тасрахгүй байх шалтгаан болно гэж буй. 1960 оноос төрсөн хүмүүс бүр сан бүрдэж байгаа шүү дээ. Тасрах, тасрахгүй байх тухай огт хамаагүй. Тиймээс ийм бөөрөнхий үзэл бодолтой хуулийг оруулах нь учир дутагдалтай гэж үзэж байна. Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Төрөөс олгогдож байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний урамшууллаас тодорхой шимтгэлүүдийг авах тухай хууль гарч ирж байгаа юм. Энэ хуулийн үзэл баримтлал нь өөрөө сайн дурынх юм билээ. Сайн дурын даатгал төлөх ёстой тэр бүлэглэлийн хүмүүс дээр, төрөөс олгогдож байгаа урамшууллаас нь сайн дураар авахаар хуульчилчхаар ямар үр дүн гарах бол? НДШ гэдэг нь татвар биш. Тодорхой насны босго алхаад, хөдөлмөрийн чадвар сулрах үед нийгмийн баталгааг хангах зорилгоор урьдчилж төлж буй өөрийнх нь хуримтлалын мөнгө юм. Тодорхой насны босго алхсаны дараагаар нийгмийн баталгааг нь хангая хэмээн үзэж байгаа бол НДШ-ийг хүн бүрээс тодорхой хэмжээгээр авч, даатгалын нэрийн дансыг нь бүрдүүлдэг байх ёстой юм бэ? Заавал даатгалын систем рүү шилжих ёстой зүйл биш юм уу. Түүний асуултад ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал хариулт өглөө.