НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сөүл хотын ИТХ-аас гамшгаас хамгаалах тусгай зориулалтын 10 автомашиныг гардуулан өглөө
2024.06.21
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Сөүл хотын ИТХ-аас гамшгаас хамгаалах тусгай зориулалтын 10 автомашиныг гардуулан өглөө

Нийслэлийн ИТХ, Сөүл хотын ИТХ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын буцалтгүй тусламжаар гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай тоноглол бүхий автомашинуудыг манай улсад гардуулан өгөх арга хэмжээ боллоо.

БНСУ-ын нийслэл Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хёнги өнгөрсөн оны наймдугаар сард Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн урилгаар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийсэн. Улмаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мөн оны арваннэгдүгээр сард хариу айлчлал хийж байв. Эдгээр айлчлалын үеэр Монгол Улсад гамшгаас сэргийлэх чиглэлд тусламж үзүүлэх асуудлыг ярьсан бөгөөд  ийн ажил хэрэг болж байна.

Манай улсад буцалтгүй тусламжаар өгч буй аврах ажиллагааны эдгээр автомашины хувьд гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах, яаралтай түргэн тусламж үзүүлэх, ой хээрийн болон өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах тусгай зориулалттай.Тухайлбал, өндөр барилгын гал түймэр унтраах автомашины шат нь 40 метр өндөрт сунана. Шатны үзүүр нь өндөр даралтын лафетны хошуугаар тоноглогджээ.

Тоног төхөөрөмжийг гардуулан өгөхийн өмнө Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хёнгитэй албан уулзалт хийсэн юм. Энэ үеэр ноён Ким Хёнги “2023 оны наймдугаар сард Монгол Улсад айлчлах үеэр Улаанбаатарт маш их бороотой, мөн үерийн эрсдэлтэй байсан үе. Би буцаж очсон даруйдаа та бүхний тавьсан хүсэлтэд хурдан шийдвэр гаргаж өгөхийг ИТХ-аасаа хүссэн. Мөн энэ талаарх сайн мэдээгээ хамгийн түрүүнд нийслэл хотоо гамшгийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр идэвхтэй, тууштай ажиллаж байсан Ж.Батбаясгалан даргад дуулгахаар яарсан. Бидний яриа хэлэлцээр ажил хэрэг болж байгаад, мөн энэ ажлыг зохион байгуулж байгаа Нийслэлийн ИТХ, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад талархал илэрхийлье гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын иргэд, ялангуяа нийслэлчүүдээ төлөөлөн би Сөүл хотын ИТХ, Сөүл хотын иргэддээ талархал илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд үер усны болон галын аюулын гамшиг, осол гарах нь ихэссэн. Тиймээс онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажлын сайн нөхцөлтэй байх зайлшгүй шаардлагатайг тэрбээр тодотголоо. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийг хэрэгжүүлэхдээ бүх талын дэмжлэгийг онцгой байдлын байгууллагад үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна” хэмээв.

Манай онцгой байдлын байгууллагад аврах ажиллагааны болон өндөр барилгын гал унтраах шатны машин дутагдалтай байдаг. Тиймээс эдгээр автомашиныг өндөр барилга төвлөрөн баригдаж байгаа дүүргүүдийн Гал унтраах ангиудад хуваарилна гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням хэллээ.

Ноён Ким Хёнгитэй хамт Сөүл хотын гал түймэр, гамшгийн төв газрын Аюулгүй байдлыг дэмжих хэлтсийн дарга Юн Дюксү, тус газрын Тоног төхөөрөмжийн төлөвлөлтийн галын ахмад Ан Вүүсүк, болон Сөүл хотын ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид Улаанбаатар хотод иржээ.

ШИНЭ МЭДЭЭ