С.Баярцогт: Оюутолгойн ТУЗ-д Монголыг төлөөлөх гурван хүнийг сонгоогүй байна
2010.01.12

С.Баярцогт: Оюутолгойн ТУЗ-д Монголыг төлөөлөх гурван хүнийг сонгоогүй байна

-ТУЗ-д Монгол Улсыг төлөөлүүлэн хэн хэнийг багтаахаа ч шийдээгүй байна. Ерөнхийлөгч асан Н.Багабанди багтсан тухай би огт сонсоогүй-



Намуудын бэлэн мөнгөний амлалтын үргэлжлэл нь Хүний хөгжлийн санд байршуулсан Оюутолгойн урьдчилгаа 100 сая ам.доллараас эхтэй иргэн бүрт очих 70 мянган төгрөг. Энэ мөнгийг тapaacнaap инфляц дахин хөөрөгдөнө гэж зарим эдийн засагч үзэж байгаа. Түүнчлэн Оюутолгойн ТУЗ-д Монгол Улсаа төлөөлөх эрхмээр хэн сонгогдох нь "икс ньюс" болсон гээд өмнийн говь дахь алт, зэсийн ордыг тойрсон шуугианы хуудас сөхөгдсөөр байна. Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа.

-Хүний хөгжлийн сангаас тараах мөнгө нэрээ сольсон халамжийн хөтөлбөр гаж хэлэх хүн олон байна. Иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд илүү сургахаас биш хямралыг давах хөдөлмөрийн бүтээмж, шинэ ажлын байр бий болгохгүй гэж эдийн засагчид шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хоёр нам 2008 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо бэлэн мөнгөний амлалт өгсөн. Газрын баялгийн эзэн байх утгаар нь хувь хүртээнэ гэсэн хувилбар сонгосон шүү дээ. Нөгөө талаар УИХ нийгмийн халамжуудыг бууруулсан. Энэ бол нэрээ сольсон халамжийн хөтөлбөр биш. “Би газрынхаа эзэн учраас баялгаасаа хувь хүртэж байна" гэж зөвөөр ойлгох ёстой юм.

-Цагаан сараас өмнө хүмүүст 70 мянган төгрөг тараасны дараа гарах эрсдэлийг Та тооцож үзсэн үү. Инфляц, үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт гээд. Эдийн засагчийн хувьд Танд дүгнэлт байгаа байх?

-Мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгдэх нь мэдээж. Хүүхэд, ахмад настанд 70 орчим тэрбум төгрөг тараах юм. Хагас жилийн хугацаанд тэр мөнгийг тараахад нийт 189 тэрбум төгрөг иргэдийн гарт очно. Нэг дор зах зээл рүү нэг мөр нийлүүлэгдвэл инфляцийг хөөрөгдөж мэднэ. Зургаан сард үе шаттайгаар нийлүүлбэл инфляцийг хязгаарлаж, зохицуулалт хийх боломжтой гэж үзэж байна.

-Ам.доллар төгрөгийн харьцаа хоёр сарын өмнө 1416-1420 төгрөг байсан бол өнөөдөр 1470 төгрөгт хүрлээ. 70 мянган төгрөг тараах тухай яриа инфляцийн хүлээлт үүсгэж байгаа юм биш үү?

-Мөнгө тараах тухай асуудал нийгэмд инфляцийн хүлээлт бий болгочихсон нь үнэн.

-Манай валютын нөөц одоо хэдэн ам.долларт хүрэв?

-Нэг тэрбум ам.доллараас давчихсан байгаа

-Дэлхий дахин хоёр жилийн өмнө баталсан хямралын эсрэг төлөвлөгөөгөө дүгнэж, эдийн засгийн ухралтаас сэргэлтэд шилжиж байна. Монгол Улсад хямралын эсрэг төлөвлөгөө хэрэгжээгүй гэдэгтэй Та санал нэгдэх үү?

-Би тэгж бодохгүй байна. Бид хямралын эсрэг төлөвлөгөөгөө баталсны дараа ОУВС-тай хөтөлбөр тохирсон. Бид хоёр хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлэхгүй нь мэдээж. Иргэд маань биднээс үүнээс ч илүү зүйлийг хүлээж байгаа. Засгийн газар хямралаас хурдан хугацаанд гарахыг зорьж байна. Монгол Улсын эдийн засгийн чадавх, бидний нөөцөлсөн мөнгөний хэмжээ гээд олон зүйлээс хямралаас гарах хугацаа шалтгаалж байна. Эдийн засгийн хүндрэлээс бид өргөс авч байгаа юм шигээр гарахгүй. Бид дахин хямралд өртөхгүй байх үндсээ тавьж байна.

-Тэгвэл Монгол Улсад хэчнээн ажлын байр шинээр бий болж, хэдэн хүний амьжиргаа сайжирсан юм бэ?

-Би энэ тухай хэлж мэдэхгүй байна.

-Үндэсний мөнгөний үнэ буурсаар байна. Төгрөг ам.долларын ханш цаашид чангарах уу, сулрах уу?

-Уул уурхайн экспортод тулгуурласан улсын хувьд Монгол Улсад ойрын ирээдүйд төгрөгийн ханш чангарна. Ам.доллар манай улсад илүү хямдарна, энэ бол баталгаатай. Хамгийн гол нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос ханш их хамаарна.

-Уул уурхайд түшиглэсэн манай улс Оюутолгойн гэрээгээ баталчхаад байгаа ч Монгол Улсыг хөрөнгө оруулагчдын өмнө төлөөлөх ТУЗ-д ямар гурван хүн сонгогдох нь тодорхойгүй хэвээр байна. Зарим эх сурвалж Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэдний дунд багтаж байгаа тухай зарим хүн ярьж байна. Энэ үнэн үү?

-ТУЗ-д гурван хүн багтах ёстой. Одоогоор энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй. Монгол Улсыг төлөөлүүлэн хэн хэнийг багтаахаа ч сонгоогүй байна. Ерөнхийлөгч асан Н.Багабанди багтсан тухай би огт сонсоогүй.

-Тэгвэл ямар чадвартай хүн Оюутолгойд байгуулагдсан компанийн ТУЗ-д Moнгoлыг төлөөлөх ёстой юм бэ?

-Эдийн засаг, улс төрийн хувьд өндөр мэдлэгтэй, удирдлагын хурал англи хэл дээр хийгдэх учраас англи хэлний мэдлэгтэй байх ёстой. Түүнээс гадна улс, эх орныхоо бодлогыг илүү тодорхойлж чадсан, компанийн хийж байгаа ажлыг улс орны бодлоготойгоо уялдуулж, түүнийгээ ард түмэндээ хүргэж чадах хүн байх ёстой.

-Монгол Улсын эдийн засгийг атгадаг хүний хувьд Та хэн хэн байвал ТУЗ-д Монгол Улсыг хангалттай төлөөлнө гэж үзэж байна?

-Би одоогоор энэ тухай бодоогүй байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.