УИХ-ын гишүүд өмнийн говиос ирлээ
-Тэд ямар ганзагатай ирснийг дуулъя-
Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордын төслүүд эхэлсэнтэй холбогдуулан Монголын төр, засгаас олон зүйл дээр шийдвэр гаргах хэрэгтэй болов. Үүний нэг нь Тавантолгойн ордод нүүрс олборлож буй, олборлохоор зэхэж байгаа хувь, “хувьсгал”-ын компаниудыг дэмжих явдал. Шууд хэлэхэд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч байна.
Юуны түрүү автозам тавих, төмөр зам барих зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдэхэд оролцохоо Засгийн газрын зүгээс илэрхийлж байна. Хоёрдугаарт, хил, гаалийг чөлөөтэй, нээлттэй болгох. Гуравдугаарт, нүүрсийг аль болох боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортлохыг дэмжиж байна. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь үзэж танилцах зорилгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан тэргүүтэй парламентын төлөөлөгчид (үүнд УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Д.Батбаяр, Н.Ганбямба, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, Б.Чойжилсүрэн нар багтсан юм ), Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нарын хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнийн говийг зорьж, Тавантолгой-Оюутолгой-Гашуун сухайтад ажиллалаа.
Төр, засгийн төлөөлөгчид эхлээд Тавантолгой ордод үйл ажиллагаа явуулж буй дотоодын компаниудын нэгдэл “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг ордод очиж нүүрс олборлолт, тэвээрлэлттэй танилцлаа. Энэ үеэр эднийх ирэх жил ашиглалтад орох нүүрс баяжуулах үйлдвэрийн шаваа тавьсан юм. Энэ нь нүүрсийг угааж, ангилан гаргах зориулалттай юм байна. Боловсруулалтын эхний шат гэсэн үг. Ингэснээр түүхийгээр гаргадаг байсан нүүрснээс монголчууд илүү ашиг олох боломжтой болно. Төр, засгийн төлөөлөл удаад нь манай орны хамгийн урд хил-Гашуун Сухайтын боомтод ажилласан. Энд нүүрс ачсан машинууд цуварч зогсоно. Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гээд байдаг, гэтэл нөхцөл байдал газар дээрээ эсрэгээр, бөөн очер дугаар, хүлээлттэй байгааг Тэргүүн шадар сайд ундууцангуй хүлээн авч байлаа. Тиймээс хилийн боомтыг аль болох нээлттэй, 24 цагийн ажиллагаатай, элдэв шат дамжлагагүй, бүх үйлчилгээ нэгдсэн нэг газар төвлөрсөн байхаар аль аль талдаа зохицуулахыг онцолж байв. Удаад нь, төр, засгийн төлөөлөгчид Оюутолгой ордод “зочилсон” юм. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдснаар энд их бүтээн байгуулалт өрнөхөөр зэхэж байна. Анх монгол гэртэй байсан Оюутолгойн кэмп хотхон томорч, аймгийн дайтай болсон байлаа.
Орон нутагт ажилласан УИХ болон Засгийн газрын гишүүдийн санал бодлыг газар дээр нь сонслоо.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан:
-Нүүрс олборлож буй компаниуд нүүрсээ аман дээрээсээ ачаад 100-аад км явж, Гашуун Сухайтын хилийн боомтоос 20 км-ын наана “Шар хад”-д очиж буулгаж байна. За яахав, тэнд нь гаалийн бүрдүүлэлт хийдэг юм байна. Гэтэл тэндээс нь хятадын машинууд дахин ачиж, Гашуун Сухайт хүртэл явж, хилээр гарч байна. Энэ хооронд замд тоос, шороо босч байгаль орчныг сүйтгэж байна. Мал, амьтан дайжиж байна. Дээр нь олонтоо ачиж байгаагаас нүүрс хаягдаж, тэр хэмжээгээр орчныг сүйтгэж байна. Энэ бүх үйл ажиллагааг яагаад нэг газар төвлөрүүлж болдоггүй юм бэ. Ерөөсөө л зохион байгуулалт, нэгдсэн ажиллагаа, сэтгэл, хариуцлага дутаад байна. Гэтэл цаана чинь дэлхийд томд орох хоёр том орд үйл ажиллагаагаа эхлээд, дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт биднийг хүлээж байна. Оюутолгойнхон гэхэд ажил ундарч, одоо хилээр 400 мянган тонн бараа, материал оруулж ирэхээр ярьж байна. Үүнийг дагуу хилийн боомт, аймаг сум, орон нутаг томрох ёстой болж байна. Экспорт, импорт, олборлолт, үйлдвэрлэл өсч нэмэгдэх хэрээр орлого орж, монголчууд сайхан амьдрах ирээдүй биднийг хүлээж байна. Үүнд бид бэлэн байх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн:
-Томоохон төслүүд эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын Байнгын хороод хамтарч тухайн бүс нутгийн хөгждийг дэмжих ажлын хэсгүүд байгуулсан. Үүний дагуу бид явж байна аа. Газар дээр байдалтай танилцахад хилийн боомт нь тусгай хамгаалалтын газарт ордог гээд боомтод байх ёстой үйлчилгээний газрууыг барих хориотой гэх юм. Түүнийх нь зөвшөөрлийг хилийн цэргийн нэг хурандаа мэддэг гээд сууж байх жишээтэй. Ингэж явж болохгүй ээ. Тусгай хамгаалалтын газар юм бол тэнд нь чөлөөтэй нэвтрэх зурвас газар коридор гаргаад өгье л дээ. Энэ мэтээр эрх зүйн талаас л бид хийгээд, зохицуулаад өгье, харин орон нутгийн та нөхөд хил дээр хүнд юугаар үйлчлэх вэ, тэр бүх үйлчилгээг нэгтгээд өг! Чирэгдэл, хүнд суртал, удаан байдлаа халж өөрчилье. Нэг ажлаа олон хийдгээ больё. Хилийн боомтыг уртасгасан цагаар ажиллуулъя, ажилтнуудаа нэмье, орон байраар хангая, гэх мэтээр анхаарах ажлууд их байна аа.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд, өмнөд бүсийн хөгжлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг:
-Төр, засгаас аль болох түүхий эд, ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, цаашлаад боловсруулж гаргах бодлого барьж байхад хилийн боомтоосоо аваад бид ийм хуучин байдлаараа сууж, ажиллаж болохгүй болчихлоо. Үүнийг манай орон нутгийнхан ойлгох цаг болжээ. Төр, засгаас говьд авто зам тавих, төмөр зам барих асуудлыг шийдэж өгнө. Удахгүй төр болон хувийн компаниудын оролцоо дэмжлэгээр шинэ замтай болж, төмөр зам барих гэж байна. Энэ талын эрх зүйг нь УИХ хангаад, Засгийн газар хэрэгжүүлээд өгнө. Үүнд эргэлзэх хэрэггүй. Одоо гагцхүү орон нутгийн та бүхнээс хийх ажлаа дор бүрнээ өргөжүүлж, зохион байгуулалт, санаачлагатай ажиллах үлдлээ.