Таван толгойн төсөлд 260 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг санал болгов
2009.07.28

Таван толгойн төсөлд 260 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг санал болгов

УИХ-ын дэд дарга Г.Батхүү манай оронд айлчилж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Жөн Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Т
өлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний Ассамблейн гишүүн ноён Ли Жу Ёонг, ноён Чанг Еон Сьёок нар болон тус улсын томоохон корпорацуудын нэг болох "Кореан Айр"-ын Ерөнхийлөгч, ноён Жонг Хи Ли, "Корес" корпорацийн Дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал, ноён Мин-Су-Чанг, "КоГаз" корпорацийн Дэд ерөнхийлөгч, ноён Ким Еонг Ду нар болон бусад бизнесийнхний төлөөлөгчид дагалдан яваа аж.

Уулзалтад манай талаас УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Э.Мөнх-Очир, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, албаны бусад хүн байлцав.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү Солонгосын төлөөлөгчдийг манай орны хамгийн таатай улиралд зочилж байгааг нь тэмдэглэн хэлж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны түүхийг сөхөн ярилаа. Солонгос, Монгол улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтсоноос хойш парламент хоорондын хамтын ажиллагаа ч бас хөгжиж ирснийг тэрбээр онцлон тэмдэглээд, тус улсад хийсэн анхны айлчлалыг тухайн үеийн УБХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Баяр\одоо Монгол Улсын Ерөнхий сайд\ хийснээр парламент хоорондын хамтын ажиллагааны түүх эхэлснийг дурсан ярив. Мөн дараа нь 1992 онд УБХ-ын дарга Р.Гончигдорж, 1994 онд УИХ-ын дарга Н.Багабанди тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг УИХ-ын дэд дарга онцоллоо.

Г.Батхүү дарга Монгол Улс Солонгос улсыг гурав дахь хөршөө хэмээн үзэж, сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж ирснийг дурдаад, Солонгосын талаас оруулж буй хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж буйг тэмдэглэн хэлэв. Тэрбээр хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Монголын парламентын зүгээс онцгой анхааран ажиллаж байгааг дурдаад, харилцан айлчилж, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх нь чухал болохыг онцоллоо.

Г.Батхүү дарга дэлхийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нилээд зүйлийг хийж байгааг дурдаад энэ оны есдүгээр сарын дундуур болох Солонгосын Үндэсний Ассамблейн даргын айлчлалд бэлтгэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр Солонгос-Монголын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд хийх зүйл их байгааг тэмдэглээд, үндэсний том корпорациудын төлөөлөл айлчлалын бүрэлдэхүүнд оролцож байгааг хоёр орны хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрэхийн эхлэл хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн, ноён Жөн Жан Сун УИХ-ын дэд дарга Г.Батхүүд цаг цав гарган хүлээж авсанд нь талархсанаа илэрхийлээд, Монголд саяхан үер буусан гэж сонслоо, байдал ямар байна вэ хэмээн яриагаа эхлэв. УИХ-ын дэд дарга үерийн хохирлыг арилгахын төлөө Засгийн газар ажиллаж байгаа, зөвшөөрөлгүй газарт буусан айлууд нилээд хохирол амссан хэмээн байдлыг товч танилцуулав.

Солонгосын төлөөлөгчдийн бизнесийн группын тэргүүн, ноён Жонг Хи Ли болон УИХ-ын дэд дарга Г.Батхүү нь иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллаж ирсэн эртний түншүүд бөгөөд анх Монгол орныг Солонгост сурталчлах ажлыг хамтран зохион байгуулж байсан аж. Ноён Ли бизнесийн группын бүрэлдэхүүнээ танилцуулсан юм. Бизнесийн группын бүрэлдэхүүнд оролцож буй Корес корпораци нь нефть, хийгээс бусад төрлийн ашигт малтмалын асуудлыг хариуцдаг корпораци бөгөөд үндэсний 11 корпорациудыг нэгтгэсэн консорциумаасаа Таван толгойн төсөлд 260 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг санал болгож байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. УИХ-ын дэд дарга нүүрснээс бензин, түлш гаргаж авах боломж хэр байдгийг сонирхоход, нефть, хийн асуудлаар дагнан ажилладаг КоГаз корпораци илүү тодорхой хариулт өгөх боломжтойг дуулгаж байв.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү Таван толгойн төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй улс орон олон байгааг Та бүхэн мэднэ гээд, танайх шиг үндэсний корпорациудаа нэгтгэсэн консорциум байгуулан хөрөнгө оруулалтын саналаа нэгтгэн ирүүлэх нь хамтарч ажиллахад илүү ойлгомжтой байх болно гэсэн юм. Мөн Таван толгойн хувьд лицензийг нь төр эзэмшиж байгаа учир манай улс томоохон хөрөнгө оруулагч түншүүдтэйгээ хамтран уг ордыг ашиглах бодлого барих болов уу. Гэхдээ энэ асуудал Оюу толгойн гэрээ нэг тийш шийдэгдсэний дараа яригдах асуудал байх болно гэв.

Уулзалтын үеэр Монгол-Солонгос, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форум зохион байгуулах асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд хоёр жилийн өмнөөс яригдаж, дэмжигдэж ирсэн уг форумыг энэ оны 9, эсвэл 10 дугаар сард зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж, 40 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах хороог байгуулж, бүрэлдэхүүнд нь Үндэсний Ассамблейн дэд дарга, Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга, Үндэсний Ассамблейн гишүүд, бизнесийн салбарын томоохон төлөөлөгчид, Монголын түүх, соёлыг судлаач эрдэмтэд, үндэсний томоохон эмнэлгүүдийн удирдлагууд зэрэг хүмүүс орсон болохыг мэдэгдээд, Монголын тал бүрэлдэхүүнээ бидэнд ойрын хугацаанд мэдэгдэх хэрэгтэй байна гэсэн юм. УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Э.Мөнх-Очир Монголын талын бүрэлдэхүүн удахгүй тодорхой болох гэж буйг мэдэгдэж, өнөө орой болох уулзалтын үеэр Засгийн газрын холбогдох агентлагуудын дарга нар болон бусад бизнесийнхний төлөөлөгчидтэй санал солилцох боломжтойг дуулгалаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Г.Батхүү хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд анхаарал хандуулж, алдсан цаг хугацаагаа нөхөж, эрчимтэй ажиллахад нь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Э.Мөнх-Очирыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалт ажил хэрэгч, найрсаг дотно уур амьсгалд болж, Г.Батхүү дарга төлөөлөгчдөд манай оронд тавтай зочлохыг ерөөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.