"Айвенхоу Майнз Лимитед", Питер Мередит: Оюу толгойн ордыг нээснээрээ Айвенхоу Майнз анхдагч мөн билээ
Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах ёслол дээр "Айвенхоу Майнз Лимитед" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит хэлсэн үг .
Эрхэм Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ, хүндэт зочид, ноёд хатагтай нар аа,
Өнөөдөр гарын үсэг зурж буй энэ гэрээнүүд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон Монголын ард түмний эрх ашиг, сонирхолд нийцсэн баримт бичиг билээ.
Эдгээр гэрээгээр Айвенхоу Майнз болоод манай түнш Рио Тинто дэлхийд шалгарсан шилдэг туршлага, мэдлэгээ Монгол нутагт авчирч байна. Оюу толгой төсөл Монголын бүх ард түмэнд хувь, хишгээ зориулахын сацуу улс орон даяар эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн шинэ эринийг бүтээн байгуулах бодит нөхцлийг энэхүү гэрээгээр баталгаажуулж байгаа юм.
Оюу толгойн ордыг нээснээрээ Айвенхоу Майнз анхдагч мөн билээ. Бид олон улсын жишиг стандартыг ягштал дагаж мөрдөн, уул уурхайн бахархал болсон хамгийн дэвшилтэт технологийг ашиглан ил тод, хариуцлагатай ажиллах Монголын шинэ бизнесийн суурийг тавьсандаа ихээхэн бэлгэшээж, бас талархаж байна. Бид Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч гэдгээрээ, Монголын брэндийг дэлхийн жишигт хүрсэн хэмээн сурталчлахад оруулсан хувь нэмрээрээ бахархаж байна.
Оюу толгой бол Монгол Улсад урьд өмнө хэрэгжиж байгаагүй дэлхийн чансаатай томоохон уул уурхайн төсөл бөгөөд Монгол Улсын баялаг түүхэнд бичигдэх нэн шинэ амжилт билээ. Оюу толгой төсөл Монгол орны шинэ боломж, үсрэнгүй хөгжил, монгол хүмүүсийн бадралт тэмүүллийг биелүүлэх Монгол Улсын тэргүүлэгч бизнес болж чадна гэдгийг бахархалтайяа нотлон өгүүлэхэд таатай байна.
Эргээд харахад, өнгөрсөн 9 жилийн хугацаанд 4000 гаруй монгол иргэд Оюу толгой төсөлд ажиллаж, хөдөлмөрлөжээ. Монголын 500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд Оюу толгой төслийг бараа бүтээгдэхүүнээр ханган, үйлчилгээ үзүүлж, бид 9 жил мөр зэрэгцэн ажиллаж байна.
Ирээдүйд Монголын зах зээлээс худалдан авах бараа, үйлчилгээний хэмжээ эрс өсч, хүн хүчнээ сургах, ажлын байрны тоо, цар хүрээ үлэмж нэмэгдэх юм.
Өнөөдрийг хүртэл бидний туулсан зам зөвхөн оршил. Одоо бид Монголын шинэ үеийнхний хүсэл эрмэлзлийг бүтээн байгуулах эхлэлийг тавьлаа.
Өнө Монголын агуу түүхийн нэн шинэ хуудсыг бичилцэх боломжийг манай компанид олгосон Монгол Улсын Засгийн газарт, энэ бадрангуй үндэстний хийморлиг ард түмэнд талархал илэрхийлмээр байна.
Айвенхоу Майнз компани ажилтан ажиллагсдынхаа нэрийн өмнөөс Монголын бүх ард түмэнд олон үеэрээ амгалан тайван, эрүүл энх хөгжин дэвжихийн ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Баярлалаа