2009.10.02

Д.Оюунхорол: Улс төр, Оюутолгойн төсөл хоёрыг зааглах аргагүй. Гэхдээ улс төржихөөс аль болох зайлсхийх хэрэгтэй

-Oюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд Засгийн  газраас өргөн барьсан дөрвөн хуулийн төслийг УИХ хэлэлцэж баталлаа. Одоо Засгийн газар гэрээгээ байгуулахаар хэлэлцээний ширээнд суух л үлдлээ. Шинэчилсэн гэрээний төслийн талаар ямар бодолтой байна вэ?

-Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээний төслийг шинэчлэн УИХ-д танилцуулсан. Ажлын хэсэг УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу сайн ажилласан гэж бодож байна. Оюутолгойн ордод төрийн эзэмшлийн хувьцааны доод хэмжээг 34 хувиар тогтоох тухай заалтыг хэрэгжүүлж чадсан. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааг 50 хувьд хүргэх эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэл өгсөн. Үүнийг Засгийн газрын ажлын хэсэг биелүүлсэн. Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тотоомжид нийцүүлэн хийхийг чиглэл болгосон. Шаардлагатай бол зохих хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно гэсний дагуу дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. Үүнийг УИХ хэлэлцэж баталлаа. Гуравдугаар сард өргөн барьж байсан гэрээний төсөлд урьдчилгаа зээл 125 сая доллар авахаар заасныг сая 250 сая долларыг таван хувийн хүүтэй зээлэхээр болгосон. Ийм хэмжээний хөнгөлөлттэй зээл эдийн засаг сэргэхэд бодитой нэмэр болно.

-Оюутолгойн гэрээг байгуулснаар маш их мөнгө орж ирнэ гэсэн хүлээлт нийгэмд байна. Хамтарсан Засгийн газарт багтаж буй хоёр намын сонгуулийн амлалт ч үүнд нөлөөлж байгаа болов уу?

-Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглах, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, татварын орчинг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой загвар болно. Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат байгаа. Тиймээс уул уурхайн томоохон ордуудаа эргэлтэд оруулж мөнгө олох шаардлагатай байна. Нийгэмд их хүлээлт байна. Гэрээ байгуулснаар улсын төсөвт тодорхой орлого орж ирнэ. Юуны өмнө гэрээг байгуулж Оюутолгой төслийг шуурхай эхлүүлэх хэрэгтэй байна. Хэт улстөржөөд байвал энэ гэрээ батлагдахгүй байж ч болзошгүй. Тиймээс гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт олголоо. Бодит эдийн засагт мөнгө орж ирэхгүй байгаагаас барилгын салбар үндсэндээ зогссон. Олон хүн ажилгүй болж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих, эдийн засаг сэргэж чадахгүй байна. Зарим талаар бид өөрсдөө мөнгө олох боломжуудаа хаагаад байгаа тул Оюутолгойн гэрээг түргэхэн батлаад энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

-68 хувийн татварыг бүрмөсөн тэглэж болохгүй гэсэн байр суурьтай гишүүд байсан. Ээлжит бус чуулганы гол сэдэв энэ байлаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Уул, уурхайн салбарт хүссэн хүн бүр хөл тавьж бизнес хийх боломжгүй. Дэлхийд нэр хүндтэй “Рио Тинто” корпорац Монголд хөрөнгө оруулах гэж байгаа нь олон талын ач холбогдолтой. Хөрөнгө оруулалтын гэрээг аль аль талдаа харилцан ашигтай байх нөхцөлөөр байгуулдаг. 68 хувийн татварыг хүчингүй болгож байгаа нь зөв гэж бодож байна гэж гадаад дотоодын олон аж ахуй эрхэлж буй хүмүүс санал тавьдаг. Тэгэхээр асуудал болгон хоёр талтай шүү дээ. Хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй байхаар гэрээний төсөлд тусгасан. Оюутолгойн ордоос Монголын эдийн засагт хүртэх өгөөж нь 59 хувь байгаа. Сүүлийн гэрээгээр татвараас олох орлогуудыг нэмэгдүүлж, нөхцөлийг сайжруулсан.

-Гэнэтийн ашгийн татварыг орлуулах татвар бий болгох хэрэгтэй юү. Тухайлбал нөөцийн татварыг шаталсан байдлаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж байна. Энэ зөв үү?

-Уул, уурхайн салбарын НӨАТ-ын буцаан олголт 30 хувь байсныг 15 хувь болгосон. Оюутолгой төсөл хэрэгжсэнээр дээрх хуулийн дагуу жилд 258 сая ам.доллар улсын төсөвт орж ирнэ. Энэ бол 68 хувийн татварыг орлуулж байгаа нэг хэлбэр. Энэ талаар зөв бодлого явуулах хэрэгтэй. 68 хувийн татвар ганц “Айвенхоу майнз” бус уул, уурхайн бүх компаниудад дарамт болж, энэ салбарын хөгжлийг боомилж байна. Энэ татварыг авахгүйгээр бусад татвараа шударгаар мэдүүлж, үнэнчээр төлж чадвал уул, уурхайн салбараас авах татвар тийм ч бага биш.

-Гэнэтийн ашгийн татварыг анх санаачлахдаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих зорилготой гэж байсан. Энэ зорилгоо биелүүлсэн үү?

-Гэнэтийн ашгийн татвараас олсон орлогын ихэнхийг халамжид зориулсан. Халамжийн бодлогодоо хэт анхаараад хөгжлийн хөтөлбөр, үйлдвэрлэлийн салбартаа мөнггө оруулж чадаагүй. Уг нь ирээдүй рүүгээ чиглэсэн бодлого явуулах шаардлагатай байгаа юм. Мэдээж төр нийгмийн халамж, тэтгэмжийн бодлогоо оновчтой болгох шаардлагатай. Халамжид зайлшгүй хамрагдах бүлгээ зөв тодорхойлох ёстой. Мэдээж төр нийгмийн эмзэг ядуу бүлэгт багтах хүмүүсээ зөв тодорхойлж зорилтод бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийг хүртэх хүмүүстээ халамжийг нь нэмэгдүүлж өгөх нь зөв гэж боддог.

-УИХ хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгсөн тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэрхэн байгуулах вэ гэдэг асуудал анхаарлын төвд байх биз ээ. Гэрээ байгуулснаар гарах үр дүнг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Оюутолгойн гэрээ батлагдсанаар ямар үр дүн гарах вэ гэхээр орлого олж бизнес хийх ажлын байр бий болно, бүс нутгийн хөгжил орчин үеийн дэвшилтэт технологи нэвтэрнэ, уул уурхайн салбарт үндэсний мэргэжилтнүүд төрөн гарна, эдийн засгийн өсөлт 20 гаруй хувьд хүрнэ гэсэн тооцоо байгаа. Оюутолгой төслийн хүрээнд хөрөнгө оруулагчид 150 залууг өөрсдийн хөрөнгөөр сургана. Өөр нэг том зүйл нь эрх барьж буй намууд сонгуулийн амлалтаа биелүүлэх боломж бүрдэх эхлэл тавигдана.

-Олон хүн Оюутолгойн төсөл батлагдсанаар 1.5 сая төгрөг олгоно гэж хүлээж байгаа байх шүү?

-Эх орны хишиг сангийн тухай болон Эрдэнийн хувь буюу “Баянмонгол” корпорацийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдсэн. Энэ хоёр төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Оюутолгой төсөл хэрэгжиж эхлэхэд Эх орны хишиг санд тодорхой мөнгө төвлөрнө. Гэхдээ 1.5 сая төгрөгийг бэлнээр өгөх юм бол олон талын сөрөг нөлөөлөл гарна. Тиймээс эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, байр, орон сууц худалдан авах зэрэг үйлчилгээндээ зориулах замаар үр шимийг нь хүртэх боломжийг нээж өгнө.

-Ээлжит бус чуулганы сүүлчийн өдрийн хуралдаанаар Санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон. Хямралыг даван туулах талаар Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монголбанкны бодлогод би шүүмжлэлтэй хандаж байгаа. Хямралыг даван туулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, эдийн засгаа сэргээх хэрэгтэй үүний тулд мөнгө хэрэгтэй. Гэтэл Монголбанкны бодлого, үйл ажиллагаа далайцтай байж чадахгүй, инфляцийг бууруулж байгаа гэж яриад эдийн засгаа борцолж байж таарахгүй, бодлогын хүүгээ бууруулахгүй арилжааны банкууд өндөр хүүтэй зээл аваад, түүнийгээ хувийн хэвшлийнхэнд өгөх боломжгүй, өндөр эрсдэл хүлээж бизнес хийх иргэн, аж ахуйн нэгж байхгүй. Тиймээс Монголбанк бодлогын хүүгээ бууруулах шаардлагатай. Тэгж байж бодит эдийн засаг хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ. Мөнгөний энэ хатуу бодлогоос болоод барилгын салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Монголбанк менежментээ сайн хийх шаардлагатай. Гадаадын улс орнуудын жишээг харахад эдийн засгийн хямралаас гарч байна, хямралыг сааруулан тодорхой ахиц олж байна. Гэтэл манай улс яагаад үүнээс хоцрох гээд байна вэ гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай байна. Банкны салбарыг дэмжсэн олон хуулийг УИХ баталж өгсөн. Банкны салбарын эрх ашгийг хамгаалсан, эрсдлийг бууруулсан, хадгаламжид байгаа мөнгөнд баталгаа гаргасан гээд олон арга хэмжээг дурдаж болно. Харамсалтай нь Монголбанкны үйл ажиллагаа сул байгаагаас арилжааны банкуудын үйл ажиллагааг бүрэн хянаж чадахгүйд хүрч, үүнээс болж иргэд хохирох явдал гарч байна. Үйл ажиллагаа нь муудаж, чадавхи нь суларсан банкиндаа Монголбанк хатуу хяналт тавих ёстой. Одоогоор энэ үүргээ Монголбанк тийм ч сайн биелүүлэхгүй байна.

-Санхүү, эдийн засгийн хямралтай үед Монголбанк ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Юуны өмнө эдийн засгийг мөнгөжүүлэхийн тулд арилжааны банкуудын зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй. Арилжааны банкуудаас аж ахуйн нэгж, иргэдэд олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх нь чухал. Ингэхийн тулд Монголбанк бодлогынхоо хүүг бууруулах зайлшгүй шаардлага байна. Мөн арилжааны банкуудад олон улсын нэр хүнд бүхий аудитын компаниудаар хяналт шалгалт хийлгэх хэрэгтэй. Орон сууцны санхүүжилтын зээл олгох нөхцөл боломжийг яаралтай судалж шийдвэрлэхгүй бол барилгын ажил идэвхтэй явагддаг дулааны улирал дуусах нь. Орон сууцны зээл олгож байгаа арилжааны банкуудыг дэмжиж урамшуулал олгох зэргээр бодит эдийн засгаа дэмжсэн алхам хийх шаардлагатай. Нөгөө талаар хөдөө орон нутгийн арилжааны банкуудын зээлийн хүү хэт өндөр байна. Энэ нь малчдын амьжиргаанд маш хүнд дарамт болж байна. Хөдөө орон нутагт банкны зээлгүй малчин, төрийн албан хаагч, тэтгэврийн хөгшид гэж алга. Ийм өрийн сүлжээ “чөтгөрийн тойрог” үүсчихсэн байна. Монголбанк үүнд анхаарал яагаад хандуулахгүй байгаа юм бэ.
Цаашдаа зээлийн хүүг бууруулах талаар арилжааны банкууд үйл ажиллагааны зардлаа ч гэсэн бууруулж тансаг хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.