Ц.Баярсайхан: Оюутолгойн гэрээнд маргаан гарвал Лондонгийн шүүх хэлэлцэнэ
Засгийн газар Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээнд хөрөнгө оруулагч талтай энэ сарын 30-нд буюу өнөөдөр гарын үсэг зурна гэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай ярилцлаа.
-Оюутолгойн гэрээг энэ есдүгээр сард багтаан эцэслэнэ гэж байсан ч хойшлогдлоо. Ер нь Та УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд гэрээний төсөл боловсруулж эхлэх үеэс өнөөг хүртэлх үйл явцыг товчхон тоймлож хэлнэ үү?
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой ордыг 1990-ээд оны эхээр нээж тогтоосноос хойш арваад жил өнгөрч байна. 1997 онд Ашигт малтмалын тухай шинэ хууль батлагдаж, уул уурхайн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэлээд татах зорилготой заалтууд хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж, хайгуул судалгааг эрчимжүүлсэн газруудын нэг нь Оюутолгой юм. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулалтын гэрээг сүүлийн хоёр УИХ-аар дамжиж ярилаа. Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газар УИХ-д Оюутолгойн гэрээг өргөн барьсныг бид бүгд мэдэж байгаа. Энэ гэрээг намын бүлгүүд хэлэлцээд тэр чигээр нь батлах бололцоогүй учир УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж, тодорхой санал дүгнэлт гаргуулах чиглэл өгснөөр бид ажлын хэсэг байгуулаад, хэд хэдэн зүйлийг илүү тодорхой болгож Засгийн газарт санал тавьсан. Засгийн газрын ажлын хэсэг Эдийн засгийн байнгын хорооны удирдамжийн дагуу ажиллаад Оюутолгойн гэрээг УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ-аас 57 дугаар тогтоол гарч, Ашигт малтмалын хуулийн дагуу Монголын тал 34 хувийг шууд эзэмшихээр гэрээнд тусгасан юм. Ингэхдээ шууд эзэмшлийн хувьд ногдох мөнгийг хөрөнгө оруулагч талаас бус Засгийн газар өөрөө бүрдүүлэх хэрэгтэй гэсэн зарчмын тохиролцоонд хүрсэн шүү дээ.
Хоёрдугаар чиглэл бол, УИХ-аас гаргасан тогтоол, Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан чиглэлд харгалзуулж хууль тогтоомжийн хүрээнд гэрээ байгуулах үүргийг Засгийн газарт өгсөн байгаа. Ингэхдээ татварын аливаа хөнгөлөлт байхгүй, өнөөгийн мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд гэрээгээ байгуулах, цаашдаа Монголын эзэмшлийн хувийг 50-иас доошгүй хувь хүртэл нэмэгдүүлэх боломжийг судалж эрхзүйн зохицуулалт хийхийг даалгасан. Иймээс Засгийн газар хөрөнгө оруулагч талтай ярилцаад УИХ-аар Усны тухай, Замын тухай хуулиудад өөрчлөлт оруулуулсан. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилж өргөн барьсан хууль батлагдсанаар үнийн гэнэтийн өсөлтийн татварыг 2011 оноос хүчингүй болгох шийдвэр гарсан. Энэ бүх үйл явцын дараагаар Засгийн газар хэлэлцээр хийж эхэлсэн. Одоо гэрээ батлагдах эцсийн шатанд явж байна.
-Яг ямар шалтгаанаар есдүгээр сард багтаан гарын үсэг зурна гэж байсан гэрээ долоо хоногоор хойшилж байна вэ? Хөрөнгө оруулагч талын удирдлагууд ирчихсэн байгаа гэсэн?
-Хөрөнгө оруулалтын гэрээг монгол, англи хэлээр байгуулах ёстой. Гэхдээ хойшид маргаан гарвал Лондонгийн шүүхээр хэлэлцэх учир англи эхийг баримтална гэсэн үг. Иймд англи эх дээр маш хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Хожим хоёрдмол утга гаргахгүйн тулд бараг үг үгээр нь тулгаж, мэргэжлийн хүмүүсээр хянуулж байна. Ер нь хугацаандаа бус гэрээний чанар, үр ашигт байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. “Айвенхоу Майнз”-ын удирдлага ирсэн гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан харагдсан. Яг албан ёсны мэдээлэл аваагүй байна.
-Оюутолгойн гэрээ батлагдаж, орд ашиглаж эхэлмэгц иргэдэд хамгийн түрүүнд ямар ашиг тус мэдрэгдэх бол?
-Гэрээ батлагдаж, хэрэгжиж эхэлснээр юуны түрүүнд хөрөнгө босгох ажил гадна дотногүй өрнөх байх. Монголын Засгийн газар ч өөрийн ногдол 34 хувьд шаардлагатай хөрөнгийн эрэлд гарах дамжиггүй. Иргэдэд шууд мэдрэгдэх үр дүнгийн тухайд, гэрээ батлагдахгүй удааширсан, эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа энэ үед Оюутолгой төсөлд ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажилгүй болсон 1000 гаруй хүний асуудал нэн түрүүнд шийдэгдэх байх. Энэ хүмүүсийн дийлэнх нь Өмнөговь аймгийн иргэд учир тус аймгаас сонгогдсоны хувьд надад санал гомдол нэлээд ирж байна. Мөн уурхайн бэлтгэл ажил болоод хайгуулын ажил улам эрчимжинэ.
Бидний тооцож үзсэнээр төслөөс олох ашгийн хажуугаар шууд бус орлого нэмэгдэнэ. Аймгийн төвийг МСҮТ-ийг өргөтгөнө, шинээр сургалтын төв байгуулна, их дээд сургууль төгсөж байгаа Өмнөговийн оюутнуудаас төсөлд шууд ажиллуулах гэх мэт нутгийн иргэдэд илүүтэй ашиг тусаа өгөх болов уу. Нийт 4000 гаруй ажлын байр шинээр бий болно гэдэг бол бага тоо биш. Эдгээрийн цаана нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, цалин хөлс гээд тооцвол монголчуудын амьдралд тустай овоо мөнгө орж ирнэ Дагалдаж буй дэд бүтэц, барилга байгууламж, бензин шатахуун, хоол хүнсний хэрэгцээг хангахад үндэсний үйлдвэрлэгчид, импортлогчид, аж ахуйн нэгжүүд оролцох болохоор өргөн утгаар нь авч үзвэл оролцооны хувиас орж ирэх ашгийг хүлээлгүй нааштай нөлөө харагдана. Жилийн хайгуулын явцад л гэхэд улс орны эдийн засагт 300 гаруй сая төгрөг орж ирж байгаа.
-Хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэхгүйгээр гэрээ байгуулах гэж байгаа. Тиймээс гэрээ батлагдангуут татварын мөнгө орж ирнэ, үүгээр намууд сонгуулиар амалсан мөнгөө өгч эхэлнэ гэсэн хүлээлт иргэдэд байна л даа?
-Татвараас мөнгө орж ирнэ. Мөн манайх урьдчилгаа төлбөр хэлбэрээр 250 гаруй сая ам. доллар авна. Үүнийг төсөв, эдийн засгийг дэмжих, ард иргэдэд «Эх орны хишиг», «Эрдэнийн хувь» олгох гэх мэтэд зарцуулахаар урьдчилсан байдлаар ярьж байгаа. Хувь хишгийн тухайд УИХ-аар нэгтгэсэн байдлаар хуулийн төсөл болгож хэлэлцэх гэж байна. Тодруулбал, байгаль орчин, ашигт малтмалаас олох орлогыг иргэдэд хувьцаа болгож олгох, дундаж орлоготой айл өрхийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зэргийг ярьж байна.
Оюутолгойн гэрээ бол гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулж байгаа томоохон гэрээ гэдэг утгаараа Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад хэр нээлттэйгээ харуулах, улс орны нэр хүндээ өсгөх боломж юм. Энэ нь дараа, дараагийн ордууд, тухайлбал, Тавантолгой, Асгат гэх мэтийн ордыг эргэлтэд оруулах жишиг болж өгнө. Мөн Ашигт малтмалын хуульд заасанчлан төр хайгуулаа хийсэн бол тавиас доошгүй хувийг, хувийн хэвшил хайгуул хийсэн бол 34 хувийг эзэмших заалт жинхэнэ утгаараа хэрэгжих юм.
-Манай тал 34 хувийн хөрөнгө оруулалтдаа шаардагдах хөрөнгийн эх үүсвэрээ яг тогтсон уу?
-Эх үүсвэр олдоно гэж үзэж байгаа. Ялангуяа төрийн оролцоотой ийм төсөлд олон улсын санхүүгийн байгууллага, Дэлхийн банкнаас туслалцаа авах боломжтой. Мэдээж бид өөрсдөө тодорхой хэмжээний хүү төлөх ёстой. Одоогоор хөрөнгө оруулалтын хэмжээг дөрвөн тэрбумаар тооцож байгаа гээд бодохоор 820 сая ам.долларын хүү төлөх болж байгаа юм. Энэ мөнгийг Засгийн газар хоёр жил орчмын хугацаанд босгоно гэж үзэж байна. Техник, эдийн засгийн үндэслэл тооцоо эцсийн байдлаар гараад ирэхээр илүү тодорхой болох байх.
-Оюутолгой гээд ярихаар иргэд хөрөнгө мөнгөнөөс гадна хэдийнээс эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхлэх талаар сонирхож байгаа л даа?
-Хоёр жилийн дотор хөрөнгөө босгоод, дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрээ барьж байгуулаад, 2013 он гэхэд эхний бүтээгдэхүүн гарах урьдчилсан тооцоо бий. Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүд гэрээний төсөлд тодорхой санал өгсөн. Тухайлбал “Өмнийн говийн хөгжлийн төв” гэж байгууллага байгуулан Засгийн газар, орон нутаг, төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын төлөөллийг оролцуулж зөвлөл байгуулна. Дээр нь эрүүл мэнд, боловсрол, байгаль орчинтой холбоотой цогц хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
Мөн Ашигт малтмалын хуульд нөөцийн төлбөрийн тавин хувийг орон нутагт нь үлдээх, лицензүүдийн төлбөрөөс 5-10 хувийг тухайн аймаг, сумын төсөвт төвлөрүүлэх заалт бий учир орон нутгийн хөгжилд томоохон түлхэц болох байх.
-Намрын чуулганаар хэлэлцэх төслүүдийн эхэнд «Эх орны хишиг», «Эрдэнийн хувь» олгох тухай асуудал орсон. Яг хэзээ хувь, хишиг олгож эхлэх бол?
-Хуулийн төсөл чуулганаар хэлэлцэх дараалалд орсныг дээр дурьдсан. Намуудын бүлгээс байгуудсан ажлын хэсгийнхэн ч хэд хэд уулзсан байгаа. Миний хувьд төрийн өмч оролцож байгаа компаниудаас хувьцаа гаргаж эхний ээлжинд ажиллагсдад нь, улмаар иргэдэд тараах хэлбэрээр хувь, хишиг хүртээж болох юм гэсэн саналтай байгаа. Тавантолгой, Оюутолгойд төрийн өмч орж байгаа, Эрдэнэт, Монросцветмет гэх мэт. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” гээд төрийн өмчит компаниас хувьцаа гаргаж болж байна. Мөн стратегийн орд газраас орж ирэх татвараас иргэдэд хувь, хишиг хүртээж болно. Түүнээс биш Оюутолгойн гэрээ батлагдангуут, эсвэл ашиг олж эхлэхийг хүлээж байгаад тэр үеэс бэлэн мөнгө тараана гэвэл боломжгүй зүйл. Өмч хувьчлалаас юу ч авсангүй гэх хүмүүс бий. Орон сууц, үйлдвэр аж ахуйн нэгж, хашааны газар гээд иргэд тодорхой хэмжээний өмчтэй болсон. Цөөн тооны хүн л хоосон хоцорсон байх.
Ашигт малтмалын хуульд стратегийн томоохон орд эзэмшиж байгаа хөрөнгө оруулагч компанийн 10 хувийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр хувьцаалах ёстой гэсэн заалт байгаа. Үүнийг хэрэгжүүлбэл монголчууд Оюутолгойгоос хувь эзэмших боломж нэмэгдэнэ.