Ц.Баярсайхан: Гэрээ байгуулагдсанаар “Эрдэнэс МГЛ" бүх хариуцлагаа хүлээнэ
2009.08.27

Ц.Баярсайхан: Гэрээ байгуулагдсанаар “Эрдэнэс МГЛ" бүх хариуцлагаа хүлээнэ

Бид улс төрийн өнцгөөс харахаасаа илүү тооцоо судалгаанд үндэслэж ярьдаг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай ярилцлаа. Унаган нутгийнхаа их баялгийн хувь заяаг шийдэх түүхэн хариуцлагыг төрийн өмнөөс үүрч яваа тэрбээр байнгын хорооны ажил байдлын явц, улс орны эдийн засгийн асуудлаар халуун яриа өрнүүлсэн юм.

-Оюутолгойн гэрээний асуудал эхнээсээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Та энэ байнгын хорооны даргын хувьд гэрээний төсөл, түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн явцын талаар энэ мөчид юу хэлмээр байна?

-Гэрээний төслийг УИХ-ын бүтцийн байгууллага, хоёр намын бүлэг авч хэлэлцээд шууд батлах бололцоогүй тул зарим асуудлыг тодотгохыг Эдийн засгийн байнгын хороонд өгсөн. Байнгын хороон дээрээ бид ажлын хэсэг байгуулж ажиллалаа. Энэ явцад хөрөнгө оруулалтын хэмжээг 2.7 тэрбум ам.доллар байсныг таван тэрбум ам.доллар болгосныг нягтлах, ордыг ашиглах хугацааг 30 жил болгох, Засгийн газрын оролцоо ямар байх вэ гэх зэрэг тодорхой чиглэлүүдээр Засгийн газрын ажлын хэсэгт санал хүргүүлсэн. Уг саналыг хэлэлцээд Засгийн газар гэрээний төслийг УИХ-д дахин өргөн барьсан.

-Энд чухам ямар өөрчлөлтүүд орсон бэ? Read More

-Юуны өмнө гэрээнд хөрөнгө оруулагч толгой компаниуд гарын үсэг зурахаар болсон. Хөрөнгийг босгох хугацааг богиносгож, Өмнөговь аймагт орон нутгийг хөгжүүлэх асуудлуудыг тодорхой бүлэг болгож орууллаа. Тухайлбал Өмнийн говийг хөгжүүлэх зөвлөл байгуулж, малчдыг зайлшгүй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай бол зардлыг хариуцах, байгаль орчныг хамгаалах хариуцлагыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан. Түүнчлэн өмнөх төсөлд усыг өөрсдөө нээн илрүүлсэн бол онцгой эрхтэй байхаар заасныг орон нутгийн засаг захиргаа, малчдын ахуйн хэрэгцээнд ашиглуулахаар болгож өөрчиллөө. Эрчим хүчийг Хятадын талаас авна гэдгээ өөрчлөөд, хөрөнгө оруулагчид өөрсдөө барих, эсвэл гуравдагч этгээдээр бариулах буюу төвийн эрчим хүчний шугамаас татах асуудлыг тавьсан. Тодорхой хэмжээнд хамтран ажиллаж байгаа төслийнхөө энэ хөнгөлөлтөд хамруулахаар заасан байгаа. Мөн гаргаж байгаа бүтээгдэхүүний хувьд зэс, алт болон бусад ашигт малтмалыг оруулж тооцохоор болсон гэх мэт өөрчлөлт орууллаа. Ингээд УИХ-ын 57 дугаар тогтоолыг Эдийн засгийн байнгын хороо санаачлан гаргасан. Энд хамгийн гол асуудал нь гэрээг УИХ-аар батлах нь түвэгтэй. Тиймээс «Оюутолгой» төсөл дээр 34 хувийг хөрөнгө оруулалтын доод хэмжээ гэж тооцоод, энэ эх үүсвэрээ Засгийн газар өөрөө олж босгоё, ийм бололцоотой гэж үзсэн. Нөгөөтэйгүүр одоо мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд өмнө нь гаргасан УИХ-ын шийдвэр, байнгын хороодын шийдвэрийг харгалзан гэрээг байгуулах үүргийг Засгийн газарт өгсөн юм. Мөн анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын оролцоог 50-иас доошгүй хувьд хүргэх бололцоог судалж шийдвэрлэхийг Ерөнхий сайдад үүрэг болгосон. Ингээд Засгийн газар сая хөрөнгө оруулагч талтай хэлэлцээд дөрвөн хуулийн төсөл өргөн барьсан. Эдгээр төсөл зөвхөн Оюутолгойд зориулагдаагүй. Үндэсний болон гадны хөрөнгө оруулагчид стратегийн томоохон ордод хөрөнгө оруулалт хийхэд энэ дөрвөн хууль үйлчлэхээр болж байгаа юм.

Төгс гэж хэлэхгүй ч харьцангуй сайн гэрээ боллоо

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын үйлчлэлийг 2011 оноос зогсоох хуулийн төсөл батлагдлаа. Та энэ хуулийг санаачлагчдын нэг байсны хувьд зайлшгүй өөрчлөх болсон үндэслэлийг нь тайлбарлавал сонин байна?

-Сүүлийн 2-3 жилд дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ өндөр байсныг ашиглан татвар бий болгохоор УИХ-ын арав гаруй гишүүн санаачилж энэ хуулийг батлуулсан. Асуудал санаачлагчдын нэг нь би байгаа юм. Уг хуулийг батлахдаа мэдээж энэ өндөр ашгаас тодорхой хэмжээний эх үүсвэр төвлөрүүлээд, түүнийгээ ирээдүйд ашиглах зорилго тавьсан. Гэвч дараа дараагийн хуулиар үүний гуравны нэг хэсгийг нь нийгмийн асуудалд зарцууллаа. Мөн гуравны нэг хэсгээр нь хөрөнгө оруулалт хийж, үлдсэн нь өнөөдөр нөөцийн санд байна. Ерөнхийдөө энэ хууль үүргээ гүйцэтгэсэн. Мэдээж гадныханд шинээр хөрөнгө оруулахад бэрхшээл учруулж байгаа нь ч үнэн. Ийм төрлийн татварууд тодорхой хугацаанд тавигдаад, дараа нь хүчингүй болсон жишиг бусад улсад бий. Тиймээс энэ татварыг хүчингүй болгох саналыг би дэмжиж байна. Хэдийгээр хууль, эрхзүйн орчин тогтвортой байх ёстой ч зарим төрлийн татвар дээр төр уян хатан бодлого барих ёстой.

-Эдийн засгийн байнгын хороо хэр ачаалалтай, бас дарамт шахалттай ажилласан бэ?

-Үнэхээр стратегийн томоохон ордын тухай асуудал учраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл манай байнгын хороогоор голлон хэлэлцэгдлээ. Гэхдээ УИХ-ын гишүүд, бусад байнгын хороод бүгдээрээ л тал талаас нь ярьсан. Хэдийгээр бид зэс, алтны үнэ харьцангуй өндөр байсан үед нь хөрөнгө оруулалт хийж чадаагүй ч хямралтай үед үүнийг хийснээрээ олон талын ач холбогдолтой гэж үзсэн. Хямралыг даван туулах, гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг материаллаг болон материаллаг бус олон зүйлийг энд дурдаж болно. Энэ гэрээний төслийг УИХ-д өргөн барьснаас хойш манай байнгын хорооны болон УИХ-ын нийт гишүүд харьцангуй ачаалалтай ажилласан. Олон зүйлийг үзэж, харьцуулалт хийсэн, олон улсын жишиг, алдаа оноог судаллаа. Төгс сайн гэж хэлснийг харьцангуй сайн төсөл боллоо гэж Оодож байна. Засгийн газрын ажлын хэсэг ч сайн ажиллалаа. Энэ бол хамтын бүтээл. Үр дүн нь сайнаар гарвал УИХ, Засгийн газар магтагдах байх. Ямар нэг саад тотгор гарвал хариуцлагаа ч хүлээх нь ойлгомжтой. Шийдвэр гаргана гэдэг төвөгтэй. Миний бодлоор төрийн аливаа шийдвэр гаргах нь тор нэхэхтэй адил санагддаг. Тор нэхэхэд аль нэг талд утсыг нь илүү татаж болдоггүй. Түүнтэй адил төр аль нэг тал руу туйлшралгүй, олон талаас нь харж байж шийдвэр гаргах ёстой.

-Иргэний нийгмийн байгууллагуудын санаа бодлыг хэр тусгасан бэ?

-Орон нутгийн удирдлагууд, сонгогчид, иргэний нийгмийн байгууллагууд санал бодлоо хэлж байлаа. Иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд зөв зүйтэй санал гаргаж, шүүмжлэх үедээ шүүмжилж, дэмжих үедээ дэмжиж байсан нь олон нийтийн санаа бодлыг гэрээнд тусгахад хувь нэмрээ оруулсан гэж үзэж байна. Оюутолгойн цаана Тавантолгой, Цагаан суварга гээд олон орд газар шил шилээ даран хүлээж байна. Ямар ч байсан бид стратегийн болон үндэсний аюулгүй байдлын хувьд гуравдагч орны хөрөнгө оруулагчидтай гэрээ хийх ёстой гэсэн чиглэлээ баримталж ажиллалаа. Цаашдаа хоёр хөрштэй хамтрах, гадны бусад хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжих ч чиглэлүүд бий. Энэ гэрээ цаашдын олон ажлын эхлэл боллоо.

Ашигт малтмалын хуулийг өөрчлөх гэсэн боловч амжсангүй

-Том ордын хувьд ихээхэн эргэлзээ дагуулсан нь ойлгомжтой. Тухайлбал нөөцийн хэмжээ, зардал, үр ашгийн тооцоо судалгааны үеэр зөрүүтэй тоонууд гарч байсан. Энэ удаагийн судал-гааны дүн үнэнд хэр ойрхон гарсан бол?

-Нөөцийн хэмжээгээрээ Оюутолгойн орд Эрдэнэтээс дөрөв дахин их. Бидэнд бас Эрдэнэтийг ашигласан түүх бий. Тиймээс нөөц, ашиглалт, бүтээгдэхүүний борлуулалтын хувьд нэлээд нарийн чилж тооцсон. Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулахыг хөрөнгө оруулагч талд шахах байсан гэж манай зарим гишүүд хэлж байгаа. Эхний ээлжид төслөө эхлүүлээд, дараа нь төрийн өмчит болон үндэсний компаниудынхаа оролцоотойгоор зэс хайлуулах үйлдвэрээ баривал «Оюутолгой» төсөл бүтээгдэхүүнээр хангах үүргийг гэрээгээр хүлээж байгаа. Зөвхөн «Оюутолгой» төсөл гэлтгүй Эрдэнэт, Цагаан суварга болон бусад ордууд ашиглалтад орсноор зэс хайлуулах үйлдвэртэйгээ холбогдож ажиллах бололцоо бүрдэнэ. Ер нь төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ таван тэрбум ам.доллар байсныг дөрвөн тэрбум болголоо. Мөн төсөл эхлэх үеэс өмнөх хайгуулын болон бусад зардал нэг тэрбум ам.доллар гарсан. Үүнээс хайгуулын зардлыг эрсдэлд тооцохоор болж байгаа. Энэ талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарсан шийдвэрүүдийг ажлын хэсэг хүлээн авч цаад талтай ярилцсан. Хөрөнгө оруулагчид хэлэлцээрт уян хатан хандаж, аль болохоор Засгийн газрын болон УИХ-ын саналыг хүндэтгэн хүлээж авсан гэж ойлгож байна.

-Гэрээний төслийг хэлэлцэх үеэр чуулганы танхимаас илүү байнгын хорооны хуралдаанаар халуун маргаан өрнөж байлаа. Гэвч гишүүд энэ удаа улстөрийг хоёрдугаарт тавьж, нэгдсэн зөв шийдвэрт хүрэхийг эрмэлзэж байгаа нь харагдсан?

-Ер нь Эдийн засгийн байнгын хороог мэргэжлийн байнгын хороо гэж хэлж болно. Манай байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа асуудлыг бид улс төрийн өнцгөөс харахаасаа илүү эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэж ярьдаг. Төслийг хэлэлцэх явцад Эдийн засгийн байнгын хороон дээр бид гол төлөв тоо ярьсан. Улс төрийн шийдлийн хувьд бол нэгэнт УИХ-аас гэрээ байгуулахаар шийдвэрээ гаргасан. Энэ нөхцөлд манай гишүүд эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэж, олон талаас нь харж, олон нийтийн санаа бодлыг харгалзан үзэж ярилцлаа. Бүх асуудлыг шийдсэн үү гэвэл тийм биш. УИХ, Засгийн газар түргэн шуурхай ажиллах ёстой. Зарим ярьсан зүйлийг хуульд тусгаж, ажил хэрэг болгохын тулд багагүй хугацаа шаарддаг. Тиймээс Ашигт малтмалын хуулийн зарим зүйлийг өөрчлөх байж дээ гэж би хувьдаа боддог. Цаг хугацаанаас болоод энэ удаа амжсангүй. Нөгөөтэйгүүр хуульд өөрчлөлт оруулна гэдэг мэдээлэл бүхэл бүтэн салбарын хэвийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж хүлээлт үүсгэдэг гэмтэй. Цаашид хуулийн боловсруулалт, хуулиудын хоорондын уялдаа холбоог УИХ илүү анхаарах ёстой юм байна. Засгийн газар ч энэ талаар түлхүү ажиллаж, бүтэц, орон тоогоо бэхжүүлэх, олон улсын хэмжээнд ажиллах чадвартай, мэргэжлийн хүмүүсээр өргөжүүлэх хэрэгтэй.

-Гэрээний төсөл батлагдсанаар ажил дөнгөж эхэлнэ. Хэрэгжилтэд хяналт тавих үүрэг мөн л танай байнгын хороонд ногдож байгаа. Энэ тохиолдолд Засгийн газар, УИХ-тай ямар уялдаа холбоотой ажиллах вэ?

-УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгасан. Сая хуулиудын төслийг ярих явцад зарим гишүүд «Байнгын хороо яаж хяналт тавих вэ?» гэж асууж байсан. Мэдээж хамтарч үйл ажиллагаа явуулж байгаа компанийн дотоод үйл ажиллагаанд оролцоод байхгүй нь ойлгомжтой. Гагцхүү хуулийн биелэлт, гэрээний нөхцөлүүд, цаашдын чиг хандлага дээр анхаарал, хяналт тавьж ажиллана.

-Төрийг төлөөлж буй «Эрдэнэс МГЛ» компани ямар байр сууринаас ажиллах вэ?

-Монголын талын 34 хувийг одоогоор «Эрдэнэс МГЛ» эзэмшиж ажиллана. Тиймээс хөрөнгө босгох, компанийг байгуулсан хөрөнгө оруулагчийн хувьд тодорхой үүрэг хариуцлага хүлээж оролцоно. Цаашид Засгийн газар, УИХ гээд байхгүй «Эрдэнэс МГЛ» хуулийн дагуу бүх хариуцлагаа хүлээж оролцох байх гэж бодож байна.
-Хэдийгээр Оюутолгойн асуудалд гол анхаарлаа хандуулаад байгаа ч энэ намрын эдийн засгийн байдал, инфляцийн өсөлт ямар байх бол гэдэг асуудал санаа зовоож байна. Мэргэжлийн хүний хувьд та ямар прогнозтой байгаа вэ?
-Эдийн засгийн байнгын хороо хямралаас га-рах, банкны салбарын хүндрэлийг даван туулах талаар батлагдсан УИХ-ын тогтоолын хэрэгжилт, мөн Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн явцыг сонсохоор наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд гишүүдээ ирүүлж ярилцахаар төлөвлөж байсан. Ээлжит бус чуулган зарласантай холбоотойгоор энэ хугацааг хойшлуулаад, саяын байнгын хорооны хуралдаанаар эдийн засгийн төлөв байдлын талаар Сангийн сайд С.Баярцогт, төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, банкны салбарын өнөөгийн байдлын талаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын мэдээллийг сонслоо. УИХ-ын ээлжит бус чуулган зарлахдаа бас энэ асуудлыг хэлэлцье гэсэн учраас энэ асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдөр эдийн засгийн байдал төдийлөн сайнгүй байна. Тиймээс бид эхний ээлжид томоохон хөрөнгө оруулалтынхаа гэрээг батлах шатандаа ороод байна. Хамгийн тулгамдаж байгаа асуудал барилгын салбарт байна. Энэ чиглэлээр бид Ипотекийн хуулийг баталж гаргасан. Одоо хэрэгжүүлэх ажилдаа орох зайлшгүй хэрэгтэй байна. Засгийн газраас бонд гаргаж, Монголбанкнаас санхүүжүүлэх замаар барилгын салбарын хөрөнгө оруулалтыг цэгцлэх, энэ чиглэлийн ажлуудыг хийх ёстой. УИХ-ын чуулганаар хэлэлцсэний дараа байнгын хороо тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын шийдвэр болгон ажиллах бодолтой байгаа.

Механизмыг нь зөв тогтоож чадахгүй бол Хөгжлийн банк байгуулаад нэмэргүй

-Хямралыг даван туулах чадвараа сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Дэлхийн улс орнуудын хямралыг даван туулж байгаа арга замыг судалж байна. Монголын хувьд банк, санхүүгийн секторт бас тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бидний хэсэг гишүүд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн эрсдэлийн сангийн хөрөнгийг арилжааны банк уудад байршуулах, үүгээрээ дамжуулан бодит секторыг санхүүжүүлэх асуудлыг тавьж байсан. Энэ асуудал бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгсөн. Мөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсан. Ингэснээр иргэдийн хадгаламж баталгаажиж, итгэлцэл нэмэгдэн банкнууд тогтвортой байдал хангагдаад байна. Цаашид зарим тодорхой салбарыг санхүүжүүлэх шаардлагатай. Ургац хураалтын ажил эхлэх гэж байна. Гэтэл шатахууны үнэ нэмэгдээд байгаа. Энэ нь төлөвлөсөн ажлуудад ямар байдлаар нөлөөлөх нь вэ. Гандуу зуссан нутгуудад өвс тэжээл базаах, өвлийг аль болох хохирол багатай давах гэхчлэн анхаарах асуудал, хийх ажил олон байна. Дээр нь Өмнийн говийн дэд бүтэц тулгамдсан асуудлуудын нэг хэвээрээ байгаа. Тэнд төмөр зам, авто зам тавихгүйгээр нүүрсний борлуулалтын асуудал түвэгтэй болж байгаа. Байгаль орчин, тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэнд, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зэрэгт маш их хүндрэл учирч байна. Үүнийг яаралтай шийдүүлэхээр би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт асуудал тавьсан. Эдийн засгийн байнгын хороон дээр энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Ажлын хэсгийн санал дүгнэлтээ Ерөнхий сайдад өгнө гэж бодож байгаа. Гаргасан шийдвэрүүдээ баталгаажуулж, хөрөнгө оруулалтуудыг эхлүүлэхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй.

-Үүнийг шийдэх ямар арга зам байна?

-УИХ-ын 47 дугаар тогтоолд эргэн төлөх нөхцөлтэй хийж гүйцэтгэх дэд бүтцийн салбарын жагсаалт байгаа. Хэдийгээр их мөнгө шаардах боловч зориг гарган замын хөрөнгө оруулалтыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр нийслэлд зам засварын ажлыг оройтож эхлүүлээд байна. Тендер будлиантсан гэх шалтгаанаар борооны улиралд хийж байгаа замын чанар ямар байх вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Шийдвэр гаравч, хэрэгжүүлэх шатанд хангалтгүй байна гэдгийг л хатуухан сануулмаар байна.

-Та эдийн засагчийн хувьд Хөгжлийн банктай болох асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Манай улс төрийн банктай байхын зовлонг хангалттай амссан шүү дээ?

-дэлхийн олон улс орон Хөгжлийн банкийг байгуулж ажиллуулсан. Зарим улсад гайгүй явж байгааг жишээ байдаг ч, зарим нь дампуурсан. Юунаас болж дампуурав, ямар нөхцөлтэй газар хэвийн ажиллаж байна вэ гэдгийг сайн судалж үзэх хэрэгтэй. Бид 1990 оноос эхлээд хоёр шаталбартай банкны тогтолцоонд шилжсэн. Арилжааны банкнууд маань төдийлөн сайн бэхжиж чадаагүй байна. Гэхдээ л улс орны эдийн засгийн ачааны хүндийг нуруундаа үүрч байгаа. Зарим хүмүүс өнөөдөр банкнууд томруулах, хүчирхэгжүүлэх, эсвэл шахах ёстой гэсэн янз бүрийн л санал хэлж байдаг. Гэтэл энэ банкнууд ч гэсэн тодорхой хугацааны дараа бэхжиж таарна. Механик нэгдэл бол байж болохгүй гэж би боддог юм. Хөгжлийн банк байгуулж, хөрөнгө төвлөрүүлээд, томоохон хөрөнгө оруулалт хийнэ, хүү багатай байна гэж яриад байгаа. Үүнд эдийн засгийн тооцоог сайн хийх хэрэгтэй. Механизмыг нь зөв тогтоож чадахгүй бол Хөгжлийн банк байгуулаад ч нэмэргүй. Зөв механизм, зөв бодлоготой байвал арилжааны банкаар ч асуудлыг шийдэж болно. Манай улсын нэг зовлонтой юм нь туйлшрал байдаг. Нэг бол Хөгжлийн банк, эсвэл арилжааны банк гэх мэтээр туйлширдаг. Энэ хооронд бодлого, механизмаа зөв тогтоосон цагт ажил явдгаараа явж болно. Гэтэл аль нэг туйл руу шийдэх гээд л ажил зогсоод байна. Өнөөдрийн нөхцөл байдалдаа тохируулан аль болох хүнд суртал багатай, шийдвэрийг түргэн шуурхай гаргаад, хөгжлийн асуудалд хөрөнгө оруулалт хийх тэр бололцоо, механизм хаана байна вэ гэдгийг ерөөсөө олж харахгүй байна. Сайн ярилцаад, нэгэнт шийднэ гэвэл шийдвэрээ хурдан гаргах хэрэгтэй. Хэт удаан ярьж шийдвэр гаргах нь тийм ч сайн зүйл биш. Механизмаа зөв тогтооё гэхээр л чимээ алдарчихдаг байж болохгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.