68 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдрөөс эхлэн хуралдаж эхэллээ. Өглөө 10.20 минутад эхэлсэн нэгдсэн чуулган сая 13.40-д завсарлалаа. Үдээс хойш 15.00-д үргэлжлэн хуралдана. Ээлжит бус хуралдаанаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор УИХ-д Засгийн Газраас өргөн барьсан 4 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх билээ.
Үдийн цайны завсарлага аваад байгаа нэгдсэн чуулганаар дөрвөн хуулийн төслийн хамгийн эхнийх болох “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” буюу гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцэж байна.
Ингээд та бүхэнд тус хуулийн төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна
“Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хуулийг хүчингүй болсонд тооцох тухай
Уул уурхайн салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртгийг дотооддоо бий болгох зорилгоор УИХ-ын 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль батлагдаж, 2006 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр Монгол Улсыг хөгжүүлэх санд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор 2009 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 962.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн бөгөөд үүний 901.0 тэрбум төгрөг нь зэсийн үнийн өсөлтөөс, 61.3 тэрбум төгрөг нь алтны үнийн өсөлтөөс тус тус төвлөрсөн байна.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого
/тэрбум төгрөг/
Үзүүлэлт | Алт | Зэс | Нийт орлого |
2006 он | 4.9 | 172.6 | 177.5 |
2007 он | 34.2 | 319.5 | 353.7 |
2008 он | 16.7 |
372.0 | 388.7 |
2009 олны эхний 7 сар |
5.5 | 36.9 | 42.4 |
Нийт орлого | 61.3 |
901.0 |
962.3 |
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор 2009 онд 129.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөс оны эхний эхний 7 сарын байдлаар 42.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрөөд байна.
Нэг. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн алтны олборлолтод үзүүлсэн нөлөөлөл.
Хууль батлагдан гарсанаар алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамт нэмэгдэж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс Монголбанк болон арилжааны банкуудад тушааж буй алтын хэмжээ эрс буурч, улмаар алт олборлогч аж ахуйн нэгжүүд татвар төлөхөөс зайлсхийх хандлага нэмэгдэх болсон юм.
Сорьц тогтоолгосон болон Монголбанкны эрдэнэсийн санд тушаасан алтны мэдээ /2005-2008 оны байдлаар/
/цэвэр жингээр. тн /
Он | Сорьц тогтолгосон | Монголбанкинд тушаалсан |
|
Нийт | Үүнээс: БорооГоулд | ||
2005 | 22.0 | 8.6 | 13.4 |
2006 | 19.3 | 9.0 | 8.0 |
2007 | 15.1 | 7.6 | 9.3 |
2008 | 13.2 | 6.2 | 7.3 |
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль батлагдан гарахаас өмнө буюу 2005 онд 22.0 тн алт олборлож байсан бол 2008 онд 13.2 тн болж буурсан байна.
Хоёр. Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрсөн алтны үнийн өсөлтийн албан татварын орлогын талаар.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд алт борлуулсан аж ахуйн нэгжүүдэд 167.9 тэрбум төгрөгийн алтны үнийн өсөлтийн албан татвар ногдуулсан боловч 2008 оны байдлаар 55.8 тэрбум төгрөгийн орлогыг Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн байна.
Алтны үнийн өсөлтийн албан татварын 2006-2008 онуудын татварын ногдуулалт, төлөлт, дутуу төлөлтийн мэдээллийг хүснэгтээр үзүүлбэл: /тэрбум төгрөгөөр/
Он | Алтны үнийн өсөлтийн албан татвар | ||
Ноогдуулсан | Төлсөн | Дутуу | |
2006 | 8.1 | 4.9 | 3.2 |
2007 | 72.1 | 34.2 | 41.1 |
2008 | 48.6 | 16.6 | 73.2 |
2008 оны байдлаар тайлангаар ногдуулсан албан татварын 73.2 тэрбум төгрөгийг хураан барагдуулаагүй байна. Алтны үнийн өсөлтийн албан татварын дутуу төлөлтийн энэ дүнд Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргаж татвар төлөхийг нь түтгэлзүүлээд байгаа “Алтандорнод Монгол” ХХК-ны 52.4 тэрбум төгрөгийн дутуу төлөлт нь 72 хувийг нь эзэлж байгаагаас гадна өрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шатанд явж байгаа 14 татвар төлөгчийн 16.8 төгрөгийн, шүүхийн шийдвэр нь гарсан 8 татвар төлөгчийн 778.5 сая төгрөгийн дутуу төлөлт нь нийт дутуу төлөлтийн 23.9 хувийг тус тус эзэлж байна.
Гурав. Алт тушаалтыг нэмэгдүүлэх талаар УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар.
Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монголбанк болон арилжааны банкуудад тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж алтны үнийн өсөлтийн албан татвар ногдуулах босго үнийг нэмэгдүүлэн 850.0 ам доллар болгосон билээ. Үүний үр дүнд алтны олборлолт, тушаалт нэмэгдэж улмаар алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Үзүүлэлт | Сорьц тогтоолгосон алт /цэвэр жингээр тн/ |
Аж ахуй нэгжийн тоо |
2007 оны 12 сар | 0.2 | 111 |
2008 оны 12 сар | 0.3 | 100 |
Зөрүү | +0.1 | -11 |
2008 оны эхний 6 сар | 1.2 | 38 |
2009 оны эхний 6 сар | 2.0 | 54 |
Зөрүү | +0.8 | -16 |
Тайлбар: Дээрх алтны дүнд Бороо гоулд ХХК, Алтандорнод Монгол ХХК-ийн олборлосон алтыг оруулж тооцоогүй болно.
Хэдийгээр алтанд ногдуулах зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын босго үнийг 850 ам доллар болгосон нь эерэг дүн өгч байгаа боловч алт олборлогч аж ахуйн нэгжүүд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэвээр байна. Тухайлбал, 2009 оны эхний 6 сард алтны үнийн өсөлтийн албан татвараар 4.1 тэрбум төгрөгийг ногдуулсан боловч 3.9 тэрбум төгрөгийг төлж, 0.2 тэрбум төгрөгийн дутуу төлөлттэй байна.
2009 оны эхний 6 сар | |||
Ногдуулалт | Гүйцэтгэл | Зөрүү | |
Алтны үнийн өсөлтийн албан татварын орлого |
4.1 | 3.9 | -0.2 |
Монгол банкнаас Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Сангийн яаманд ирүүлээд байна. Уг хуулийн төсөлд алтанд ногдох үнийн өсөлтийн албан татварыг хүчингүй болгохоор тусгасан байна.
Дөрөв. Зэсийн үнийн өсөлтийн албан татвар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдал.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиар 1 тонн зэсийн хүдэр болон зэсийн баяжмалын борлуулалтын үнээс зэсийн суурь үнэ, зэс хайлуулах зардлыг хассаны дараа үлдэх орлогоос 68 хувийн албан татвар авдаг. Зэсийн суурь үнэ гэж хүдэр олборлох болон баяжмал үйлдвэрлэхэд гарсан зардал дээр ашгийг 100 хувиар тооцож нэмсэн дүнг хэлдэг. Гэхдээ тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зэсийн хүдэр болон зэсийн баяжмалд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нэг тонн зэсийн суурь үнийг 2600 ам.доллароор тооцохоор хатуу тогтоож өгсөн.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль батлагдахаас өмнө буюу 2005 оны жилийн эцсийн тайлангаар Эрдэнэт үйлдвэрийн 1 тн цэвэр зэсийн өөрийн өртөг 1360.5 ам.долларт хэлбэлзэж байсан. Энэхүү өртөгт үндэслэн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын нэмэгдэл орлогыг тооцоход ашигладаг суурь үнийг 2600 ам.доллар байхаар тооцон хуульчилсан.
Харин зэс хайлуулах,цэвэршүүлэх зардал 2005 оны жилийн эцсийн байдлаар 1009.4 ам.доллар байсан. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн дагуу үнийн өсөлтийн албан татварыг тооцохдоо Лондонгийн металлын бирж дээр 1 тн цэвэр зэсийн үнэ /2600+1009.4/=3609.4 ам.доллараас илүү гарсан тохиолдолд илүү гарсан хэмжээнд 68 хувийн албан татвар ногдуулж байсан.
Гадаад зах зээл дээрх нөхцөл байдлаас шалтгаалж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн түүхий эд материалын зардал, цахилгаан эрчим хүчний зардал нилээд өссөн ба энэ нь үйлдвэрлэж буй зэсийн баяжмалын өөрийн өртгийг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас, эдийн засаг өсч, инфляцийн түвшин өсөхийн хирээр тус үйлдвэрийн зүгээс ажилчдын цалин хөдөлмөрийн хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлсээр иржээ.
Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн олборлолт хийж буй “Эрдэнэтийн Овоо” зэсийн ордын хүдэр дэх зэсийн агуулгын хэмжээ жил ирэх тутам буурч байгаа болно. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэсэн зэсийн баяжмал дахь цэвэр зэсийн агуулгын хэмжээ 2004 онд 25.1 хувьтай байсан бол 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 23.5 хувь байна. Мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хуучирч байгаатай холбогдуулж тус үйлдвэрийн үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлийн шимтгэл сүүлийн жилүүдэд өссөн. Энэхүү өсөлтийн дүнд Эрдэнэт үйлдвэрийн 2008 оны жилийн эцсийн тайлангаас харахад 1 тн цэвэр зэсийн өөрийн өртөг 2713.1 ам.долларт хүрсэн нь 2006 оныхтой харьцуулахад 2 дахин өссөн байна.
Хуульд тусгагдсан заалтын дагуу 1 тн зэсийн суурь үнийг бодитоор тооцвол 2713.1+2713.1=5426.2 ам.доллар байхаар байгаа юм. Хайлуулах, цэвэршүүлэх зардал 493.2 ам.доллар гэж тооцвол өнөөдрийн байдлаар 1 тн цэвэр зэсийн үнэ Лондонгийн металын бирж дээр 5426.2+493.2=5919.4 ам.доллараас дээш гарсан тохиолдолд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг ногдуулахаар байгаа юм. Гэтэл хуульд 1 тн цэвэр зэсийн суурь үнийг 2600 ам.доллар байхаар хатуу хуульчилснаар энэхүү суурь үнэ нь 1 тн цэвэр зэсийн өөрийн өртгөөс бага байгаа нь зэсийн баяжмалыг бий болгож буй зардалд 68 хувийн татвар ногдуулж, ашиггүй ажиллах нөхцөл байдлыг үүсгээд байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы 2009 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнд албан татварын /“0”/ хувь хэмжээ хэрэглэхээр, бусад уул уурхайн бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлт буюу НӨАТ-ын буцаан олголт олгогдохгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр жилдээ дунджаар 25.0 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтыг улсын төсвөөс авдаг байсан бол дээрх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдснаар тус үйлдвэр нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улсын төсвөөс авахаа больж энэ хэмжээгээр зэсийн баяжмалын өртөг нэмэгдэхээр байна. 2009 оны эхний хагас жилийн байдлаар зэсийн баяжмалын өөрийн өртөг 540 ам.доллар, цэвэр зэсийн өртөг /68 %-ийн татвартай/ 3022.0 ам.доллар байна.
Хэрвээ Эрдэнэт үйлдвэр дээрх НӨАТ-ын буцаан олголтыг авахгүй тохиолдолд 1 тн зэсийн баяжмалын өртөг 50.0 мянган төгрөгөөр, 1 тн цэвэр зэсийн өртөг 211.9 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байна. Монголбанкны өнөөдрийн ам.долларын төгрөгтэй харьцах албан ханш 1449.8 төгрөг гэж тооцвол 1 тн зэсийн баяжмалд 34.5 ам.доллар, 1 тн цэвэр зэсэнд 146.2 ам.доллар нэмэгдэх тооцоо гарч байна.
Цаашид дээрх нөхцөл байдал үргэлжилбэл Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн чадавхи доройтон, үйл ажиллагаа нь зогсох хүртэл нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Эрдэнэт үйлдвэрийн 2006-2008 оны санхүүгийн үзүүлэлтийг харьцуулан харуулбал,
/тэрбум төгрөгөөр/
Үзүүлэлт | 2006 он | 2007 он | 2008 он | |
1. | Үндсэн ба туслах материал, түлш, сэлбэ г | 92.4 | 106.7 | 147.2 |
2. | Цахилгаан эрчим хүч | 39.5 | 39.7 | 47.6 |
3. | Цалингийн сан, НДШ | 30.9 | 42.2 | 72.3 |
4. | Үндсэн хөрөнгийн элэгдэл | 27.2 | 34.2 | 44.1 |
5. | АМНАТ | 27.1 | 57.1 | 60.6 |
6. | Бусад зардал | 79.9 | 84.3 | 119.4 |
7. | ЗБҮӨАТ | 168.4 | 337.1 | 367.9 |
8. | Нийт зардал /ЗБҮӨАТ ороогүйгээр/ | 297.0 | 364.2 | 491.2 |
9. | Нийт зардал | 465.4 | 701.3 | 859.1 |
10. | Нийт зардалд ЗБҮӨАТ-ын эзлэх хувь /%/ | 63.8 | 52.0 | 57.2 |
Дээрх хүснэгтээс харахад жил бүр үндсэн болон туслах материалын үнэ, цахилгаан эрчим хүч, ажилчдын цалин нэмэгдэж ирсэн байна. Нийт зардалд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын эзлэх хувь дунджаар 58 хувьтай байгаа нь зэсийн баяжмалын өртгийг 2 дахин өсгөж, Эрдэнэт үйлдвэрт татварын дарамт учруулж байгаа нь харагдаж байна.
Тав. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар нь цэвэр үнийн өсөлтөд татвар ногдуулдаг бөгөөд хөрөнгө оруулагчийн ашигт ажиллагааны түвшин, мөнгөний үнэ цэнийг огт харгалзан үздэггүй, татварын дарамт хэт өндөр, өртгийн асуудлыг орхигдуулдсан, суурь нь нэрлэсэн дүнгээр тогтмол байдаг нь татвар төлөгчдөд ихээхэн дарамт учруулж,улмаар санхүүгийн хүндрэлтэй байдалд оруулж, татвар төлөгчдийг бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр хөрөнгө оруулалт хийхэд нь хүндрэл учруулж байгаа юм.
Зургаа. Бусад улс орнуудын туршлага.
Бусад улс орнуудын туршлагаас үзэхэд Өмнөд Африкт орлогын хувьсах татварыг ногдуулж ирсэн. Энэ татварыг тооцохдоо харьцангуй бага ашигтай ажиллаж байсан жилүүдэд татварын дундажаас доогуур, харин харьцангуй өндөр ашигтай ажиллаж байсан жилүүдэд татварын дундажаас дээгүүр хувь хэмжээгээр ногдуулж татварын хувь хэмжээг жил бүр ялгаатай тогтоох томъёо хэрэглэж байсан. Замбийн татварын тогтолцоонд үнийн оролцооны гэрээ гэж зүйл байсан бөгөөд энэ нь Монгол улсын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татвартай төстэй хэдий ч нэг чухал зүйлээр ялгаатай юм. Босго үнийн зэрэгцээ үйл ажиллагааны бодит зардлыг тооцоонд оруулдаг байсан. Цөөн хэдэн улсууд тухайлбал, Гана, Боливи, Перу зэрэг улс орнууд нөөц ашигласны төлбөрийг хувьсах хувь хэмжээгээр ногдуулдаг бөгөөд хувь хэмжээ нь тухайн жилийн үйл ажиллагааны түвшин, ашигт малтмалын үнэ, эсвэл үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарч өөр өөр байдаг байна.
Долоо. Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэрийг байгуулах талаар.
Монгол Улсад нэмүү өртөг бий болгох зэс хайлуулах үйлдвэрийг Засгийн газар байгуулах нь илүү ашигтай юм. Өнөөдөр манай улс өөрийн зэс хайлуулах үйлдвэр байхгүй тул өөрсдийн үйлдвэрлэсэн зэсийн баяжмалыг эцсийн боловсруулалт хийхгүйгээр, баяжмал хэлбэрээр БНХАУ-ын хайлуулах үйлдвэрүүдэд худалдаг бөгөөд БНХАУ-ын хайлуулах үйлдвэрүүдээс санал болгосон хайлуулах, цэвэршүүлэх зардлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж хайлуулах зардлыг Хятадын үйлдвэрүүдийн орлого болгож алдаж байгаа юм.
Хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад байгуулсны хамгийн гол ач холбогдол нь хайлуулах зардлыг Монгол улсын нутаг дэвсгэрт байгуулагдсан хайлуулах үйлдвэрийн орлого болгож үлдээх юм.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайлуулах үйлдвэрийг барьж байгуулснаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртгийг Монгол Улсад бий болгох ба Зэс хайлуулах үйл ажиллагаанаас бий болсон ашгийг Монгол Улсад үлдээх, БНХАУ-ын хайлуулах үйлдвэрүүдийн санал болгосон үнийг шууд хүлээн авах шаардлагагүй, хараат бус болох, улсын төсөвт төвлөрдөг татвар, төлбөр, хураамжийн орлого нэмэгдэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, ДНБ өсөх, шинэ техник, технологи нэвтрэх, ажлын байр шинээр бий болох зэрэг ач холбогдолтой юм.
Засгийн газраас зэс хайлуулах үйлдвэрийг дотооддоо барьж ашиглалтад оруулснаар зэс олборлогч аж ахуйн нэгжүүд олборлосон зэсийн баяжмалаа тус үйлдвэрт нийлүүлж, улмаар тээврийн зардлаа хэмнэх ач холбогдолтой болох юм.
Зэс хайлуулах үйлдвэрийг Засгийн газраас байгуулсан тохиолдолд Оюу толгой төслөөс олборлосон зэсийн баяжмалыг Засгийн газраас байгуулсан үйлдвэрт нийлүүлж, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганы 2009 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Оюу толгой төсөл нь НӨАТ-ын буцаан олголтыг улсын төсвөөс авахгүй юм. Харин Засгийн газраас байгуулсан зэс хайлуулах үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж байгаа тул НӨАТ-ын буцаан олголтыг улсын төсвөөс авах юм.
Зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад байгуулсан тохиолдолд зэс олборлогч аж ахуйн нэгжүүд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар төлөхгүй болох юм.
Найм. Дүгнэлт.
\Дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнийн хэлбэлзлээс хамаарч Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрөх зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого урт хугацаанд тогтвортой орлогын эх үүсвэр болж чадахгүй байгаа юм.
Стратегийн томоохон орд газруудыг ашиглах, уул уурхайн салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын татварын орчныг илүү боловсронгуй болгон сайжруулах зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль батлагдан гарсантай холбогдуулж, алт олборлогч иргэд аж ахуйн нэгжүүдийн зүгээс олборлосон алтаа нуух, хууль бусаар хил нэвтрүүлэх зэрэг сөрөг үр дагаварууд нилээдгүй гарч байгаа бөгөөд эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ эрс багассан, алтны экспорт ихээхэн буурсан нь энэ хэмжээгээр далд эдийн засгийг бий болгож байна. Мөн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль нь манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн өөрсдийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжийг хязгаарлаж байгаагаас шинээр хөрөнгө оруулах гадаадын болон дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийхээс түтгэлзэн хүлээх нөхцөл байдал бий болоод байгаа юм.
Иймд стратегийн томоохон орд, газруудыг ашиглалтанд оруулах, уул уурхайн салбарыг хөхиүлэн дэмжих зорилгоор Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг 2011 оноос эхлэн хүчингүй болсонд тооцох шаардлагатай байна.
Хуулийн төсөл батлагдан гарснаар уул уурхайн салбарт орох гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, уул уурхайн салбарын төдийгүй, бусад салбарын татварын орчин илүү тодорхой, олон улсын жишигт хүрсэн, боловсронгуй болох бөгөөд Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар нэгэн сөрөг нөлөө үүсэхгүй гэж үзэж байна.
Хуулийн төслийг Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн болно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.