Ус, автозам, 68 хувийн татварыг хэрхэхийг гишүүд мэтгэлцэж байна
Оюутолгойн ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар УИХ дахь МАХН-ын бүлэг хуралдаж Засгийн газрын оруулж ирсэн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжсэн юм. УИХ дахь намын бүлгүүд төслийг үндсэндээ дэмжсэн учраас УИХ-ын байнгын хороод өчигдрөөс эхлэн чиглэл, чиглэлээр хэлэлцэж эхэллээ.
Төсвийн байнгын хороо Аж ахуй нэгжийн орлогын болон Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Тус байнгын хорооны хуралдааныг Д.Хаянхярваа гишүүн даргалж, хэлэлцээр хийсэн ажлын хэсгийн гишүүн, гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий гурван сайд болон албаны бусад хүмүүс оролцсон. Байнгын хорооны хуралдааны дэг ёсоор төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд С.Баярцогт танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Эхлээд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль буюу 68 хувийн татварыг 2011 оноос тэглэх асуудлыг хэлэлцлээ. Сангийн сайдын мэдээлснээр 2006 онд 68 хувийн татвар зэс, алтанд үйлчилж эхэлснээр 864.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн байна.
Хэрэв энэ татвар байхгүй байсан бол ногдол ашиг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар зэргээс 546.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрч, зөрүүгээр нь “Эрдэнэт” зэс хайлуулах үйлдвэр барих боломж бүрдэх байжээ. Алтны хувьд аж ахуй нэгжүүд Монголбанкинд алтаа тушаах нь багасч, далд эдийн засаг бий болсон гэх мэт сөрөг үр дагавар ажиглагдаад зогсохгүй алтны босгыг 500-850 ам.доллар болгон нэмэгдүүлж, Монголбанкаар дамжуулан 75 сая ам.долларыг энэ төрлийн аж ахуй нэгжийг дэмжих зорилгоор олгосон ч үр дүнд хүрээгүй, “Алтан дорнод Монгол”-оос болж манай Засгийн газрыг олон улсын арбитрийн шүүхэд дуудагдаад буй зэргийг тэмдэглэв. Хамгийн гол нь хэдийгээр энэ татвар тодорхой хугацаанд багагүй зүйл өгсөн ч анхнаасаа байгаагүй бол өөр үр дүн харагдах байсан гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Өнгөрөгч сарын долоонд Монголбанкнаас 68 хувийн татварын алттай холбоотой бүх заалтыг хүчингүй болгох санал тавьсныг тооцвол одоо энэ татвар зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт 106 орчим хувийн татварын дарамт үүсгээд буй аж. Харин дэлхийн жишгээр татварын дарамтын хувь 25-40 бол хамгийн бага, 40-45 үед арай бага, 45-50 бол харьцангуй өндөр, 50-иас дээш үед хамгийн өндөрт тооцогддог байна. Гэтэл хөрөнгө оруулалтын таатай орчны үнэлгээнд татварын дарамтын хувь үндсэн үзүүлэлт болдог. Уул уурхайн орон гэгддэг Чили, баруун Австрали, Швөд зэрэг орны хувьд эмэ үзүүлэлт 28-40 хувьтай байдаг аж. Түүнээс гадна уул уурхайн салбарынханд нэмүү өртгийн албан татварын буцаан олголтыг өгөхөөргүй болсон. “Эрдэнэт” үйлдвэр НӨАТ-ын буцаан олголтоор 2003 онд 23.3, 2008 онд 27.7 тэрбум төгрөг авч байсан бөгөөд үүнийгээ авахгүй болсноор татварын ачаалал 114.9 хувьд хүрэхээр тооцжээ. Ингээд асуулт, хариулт, саналыг товчлон хүргэж байна.
Ц.Сэдванчиг:
-68 хувийн татварыг тэглэснээр гарах үр дүнг тооцоолсон уу. Өөрөөр хэлбэл, энэ татварын орлогоос бүрддэг Монгол Улсыг хөгжүүлэх сангаас олгох хүүхэд, гэр бүлийн мөнгийг таслалгүй өгөх эх үүсвэрийг тооцсон уу?
Сангийн сайд С.Баярцогт:
-68 хувийн татвараар гурван жилийн хугацаанд 864.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн ч байхгүйгээр тооцвол 546.5 тэрбум төгрөг бусад татвараас бүрдэх байсан. Өөрөөр хэлбэл, эх үүсвэрийн хувьд боломж бий. Олон аж ахуй нэгжүүдээс татвараа цуглуулбал эх үүсвэр бүрдэнэ.
Н.Батбаяр:
-68 хувийн татвар шиг муухай юм байхгүй мэтээр л яриад байх юм. Энэ татварыг орлогоор чинь бүх хүүхэддээ мөнгө өгч, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн олон асуудлыг шийдсэн шүү дээ. Тухайн үөдээ өгөх юмаа өгсөн. Энэ татвар Монголд хэрэгтэй байсан уу, үгүй юу?
С.Баярцогт:
-Энэ татвар үйлчлэх хугацаандаа өгөх юмаа өгсөн. Буруутгасан зүйл байхгүй. Зөндөө зүйл хийгдсэн нь үнэн. Ёстой л “морьтой хүнтэй хэлэлцээр хийх үү, морьгүй хүнтэй хэлэлцээр хийх үү” гэж монгол кинон дээр гардаг шиг бидний хувьд морь болж байсан.
-Д.Дамба-Очир:
-”Эрдэнэт”-ийн орлогын 70 хувь нь 68 хувийн болон бусад татваруудаар төсөвт очдог. Сангийн яам дансаа хааж байгаад л татвараа авчихдаг. Эрдэнэт хот 100 мянган хүн амтай. Энэ үйлдвэрийг дагасан хүмүүсийн амьдрал хүнд байна. “Эрдэнэт”-д энэ татвараа дахиад нэг жил хэрзглэх нь л дээ.
З.Энхболд:
-68 хувийн татварыг орлуулах зүйлгүйгээр шууд хүчингүй болгох нь буруу. Дараагийн 30 жил татварын орчин өөрчлөгдхөөргүй байгаа. Тиймээо төсөв хүндэрчхээргүй, хөрөнгө оруулалтыг үргээчихээргүйгээр алтан дунджийг баримтлах ёстой.
Д.Зоригт:
-Энэ татвартай, татваргүй 500 гаруй тэрбум төгрөгийн орлого олох л байсан. 68 хувийн татвар байсан байгаагүйн зөрүү 300 сая ам.долларын төлөө бизнөс эрхлэгчид асар их хохирол амссан. Энэ татвар анх бий болохдоо монголдоо зэс хайлуулах үйлдвэр байгуулах зорилгоор гарч ирсэн ч өнөөдөр үйлдвэргүй л сууж байна. Тэр их орлого хавтгайрсан халамж, үр ашиг муутай хөрөнгө оруулалт болж хувирсан. Уул уурхайн орон гээд байгаа хэрмээ дэлхийд байхгүй татварын ачаалал бий болгочихоод байхад ямар хөрөнгө оруулалт ирэх юм бэ. Зөвхөн “Эрдэнэт”-ээс энэ татварыг аваад Засгийн газрын зардлыг нэмэгдүүлсээр л байх уу.
О.Чулуунбат:
-Хүүхдийн мөнгөнд санаа зовж буй нь үнэн. Бизнесийн орчныг муутгаснаас болж эцэг эхчүүд мөнгөгүй болж байна. Эцэг, эхчүүд нь орлоготой бол өөрсдөө хүүхдээ тэжээнэ шүү дээ. 68 хувийн татварыг тэглэх нь бизнесийн орчныг сайжруулах хамгийн том алхам.
Ч.Улаан:
-Хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ гэрээтэйгээ уялдуулан сайжруулах шаардлага байна. Техник, эдийн засгийн үндэслэлийг өөрийн болгож, олон асуудлыг нарийвчлах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын хувиарлалтад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан нь сайн ч хэрхэн буурсныг нь нарийвчилмаар байна. 68 хувийн татварыг бусад татвараар орлуулах ёстой. Гэхдээ аж ахуй нэгжийн орлогын албан татвар, ногдол ашгаар нөхнө гэдэг оновчгүй. Анх 68 хувийн татвар бий болгож зөв шийдвэр гаргасан ч зөв үр дүнд хүрч чадаагүй.
Д.Дэмбэрэл:
-Хүүхдийн мөнгийг халамж байдлаар зарсан гэж үзэхгүй байна. Энэ бол ирээдүйдээ хийсэн том хөрөнгө оруулалт. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс хөгжлийн асуудлуудад муу зарцуулсан байх. Гэхдээ л эрчим хүч, зам, дэд бүтцийн олон асуудлыг шийдоэн. Ээлжит бус чуулган зарлачихаад хэлэлцэхээс татгалзах хэрэггүй байх.
Л.Гантөмөр:
-Засгийн газрын төсөлд олон өөрчлөлт оруулалгүйгээр дэмжих нь зүйтэй. Түүхий эд үйлдвэрлэгч орон байх зорилго руугаа нэг ч алхам ойртсонгүй. Харин Оюутолгойд хайлуулах үйлдвэр барих асуудлыг тусгах хэрэгтэй байна.
68 хувийн татварыг 2011 оноос тэглэх зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 11 гишүүн дэмжиж, Н.Батбаяр гишүүн цөөнх болсон юм. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны 12 гишүүний 11 нь хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэнээр асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх болов. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нар хуулийн төслийг танилцуулж, гишүүдийн асуултад хариулав. Хуулийн төслийн гол агуулга нь хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн өөрййн хөрөнгөөр авто зам байгуулж, ордыг ашиглаж үр өгөөжийг нь хүртэх явдал. Харин авто замыг байгуулсны дараа Монгол Улсын Засгийн газар эзэмшигч болон өмчлөгч нь байх аж. Гэхдээ хувийн хэвшлийнхний байгуулсан замыг өмчлөгч буюу Монголын төрөөс засаж, тордох учиртай.