Оюу Толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд оруулсан нэмэлт, өөрчлөлт
Оюу Толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулсныг дараах байдлаар танилцуулж байна.
Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз Монголиа" ХХК-ийн хооронд байгуулах Оюу Толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын Их Хурал (УИХ) 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцээд уг асуудалтай холбогдуулан УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолыг батлан гаргасан. УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн захирамжаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсэгт Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарыг нэмж бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан.
УИХ-аас Оюу толгой төслийн үйл ажиллагаатай холбогдуулан боловсруулсан татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хуулийн төслүүдийг Засгийн газарт буцааж, УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор:
- Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоох,
- Оюу толгой ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал, дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газарт зөвшөөрөх,
- Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн билээ.
УИХ-ийн 57-р тогтоол нь гэрээ хийх нөхцлийг тодорхой болгон Засгийн газрын ажлын хэсгийг ойлгомжтой ,шуурхай ажиллах нөхцлөөр хангаснийг үндэслэн УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг “УИХ-д оруулсан хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд “хууль болж” батлагдах байсантай холбоотой хуулиас давсан байсан заалтуудыг” Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцүүлэх зарчмын байр суурийг үндсэн чиглэл болгон баримтлан ажилласан. Зөвхөн Оюу толгой төслийн хувьд төдийгүй бусад бүх стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудыг ашиглах, уул уурхайн салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, уул уурхайн салбарын дэд бүтэц, байгаль орчин, татварын орчныг илүү боловсронгуй болгон сайжруулах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтойг удирдлага болгон ажиллалаа.
Хууль тогтоомжид нийцүүлэх талаар
УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас хөрөнгө оруулагч талтай яриа, хэлэлцээ дахин хийх санал тавьж, 2009 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 05-ны хооронд хэлэлцээг үргэлжүүлэн явуулав. Хэлэлцээний явцад “УИХ-д оруулсан хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд “хууль болж” батлагдах байсантай холбоотой хуулиас давсан байсан заалтуудыг “Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжтой зөрчилдөж буй нилээд заалтуудыг дахин ярилцаж, хуульд нийцүүлэх талаар тохиролцоход онцгой ач холбогдол өгч, зарчмын байр сууриа илэрхийлэн ажиллалаа.
ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ДҮНД ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОН ЗАРИМ АСУУДЛЫГ АВЧ ҮЗВЭЛ:
1. Төрийн эзэмшлийн хувийг 34 байхаар тогтоосон.
2. Гэрээний бүх зүйл, заалтыг хуульд нийцүүлсэн.
3. Хуулийн дагуу татварын болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлтийг хөрөнгө оруулагчид үзүүлэхгүй байхаар тохиролцсон.
4. Хөрөнгө оруулагчийн харилцан хамааралтай этгээд болон туслан гүйцэтгэгчийг тогтворжуулсан татварын орчинд хамааруулахгүй байхаар тохиролцсон.
5. Найман төрлийн татварыг тогтворжуулахаар тохиролцсон, үүнд:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
- Гаалийн албан татвар
- НӨАТ
- Онцгой албан татвар (бензин шатахуунаас бусад)
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
- Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- ЗБҮӨАТ болон түүнийг хүчингүй болгох тухай хууль
6. ААНОАТ-ын хуулийн дагуу хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт эдлэх салбарт уул уурхайн салбарыг оруулахаар тохиролцохдоо уг гэрээний дагуу зөвхөн барилгын ажлын хугацаанд тооцохоор хязгаарлалт тогтоосон.
7. Холбогдох хуулийн дагуу Засгийн газрын тогтоолоор ажиллах хүчин гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах хуулийн дагуу уул уурхайн барилгын салбарын квотыг 60 хувиар тогтоохоор тохиролцсон.
8. Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээг 4 тэрбум ам.доллараас хэтрэхгүй байхаар тохиролцсон.
9. Энгийн хувьцааны санхүүжилт нийт хөрөнгө оруулалтын зардлын 60 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсоноор үлдэх санхүүжилтийг давуу эрхийн хувьцаа, төслийн санхүүжилт байдлаар санхүүжүүлэх шаардлагатай болно. Үүнтэй холбоотойгоор Монголын тал авах хүүгийн суутгалын татвар нэмэгдэнэ.
10. Үүний үр дүнд Засгийн газарт ногдох зээлийн дүн 1.7 тэрбум гэж тооцогдож байс ныг 1 тэрбум ам.доллараас (816 сая) ихгүй байхаар болгож, Засгийн газрын хүлээх эрсдлийг бууруулсан.
11. Төслийн Засгийн газарт ноогдох санхүүжилтийг бие даан бүрдүүлэх боломжийг нээсэн.
12. Хөрөнгө оруулагч төслийн санхүүжилтийг босгох тохиолдолд хамтран оролцох нөхцлийг бүрдүүлсэн.
13. НӨАТ-ыг тогтворжуулснаар 268 сая ам.долларын нэмэлт орлого авна. (203+268=471 сая)
14. Гаалийн албан татварыг тогтворжуулснаар 90 сая ам.долларын нэмэлт орлого авна. (45+90=135 сая)
15. Ийнхүү татварын орлогыг нийтдээ 358 сая ам.доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. (90+268=358 сая). Энэхүү татварууд нь төсөл эхэлмэгц орж ирэх татварууд юм.
16. Урьдчилгаа төлбөр хүүгүй 25 сая, 9.9 хувийн хүүтэй 100 сая, нийтдээ 125 сая ам.доллар байсныг 5 хувийн хүүтэй 250 сая ам.доллар болгож өсгөхөөр тохиролцсон.
17. Хувь нийлүүлэгчийн одоогийн зээлээс хайгуулын ажил зарцуулсан зардлыг хасаж тооцохоор тохиролцсон.
18. 2009 оны 3-р сард эхэлсэн хэлэлцээрийн үр дүнд бий болгосон Монголын талд ашигтай гэрээний зүйл, заалтуудыг бүгдийг хэвээр хадгалж үлдээсэн.
19. 2009 оны 8 сард өргөн мэдүүлсэн хувилбараар Оюу Толгой төслийн цэвэр өнөөгийн үнэ цэнэ 4.1 тэрбум ам.доллар байна. Харин уг төслийн дотоод өгөөжийн түвшин нь 20.3%-тай байгаа нь төсөл өндөр үр ашигтайг харуулж байна.
20. Хэлэлцээрийн үр дүнд ТӨСЛӨӨС ЗАСГИЙН ГАЗАРТ НОГДОХ ӨГӨӨЖИЙН ӨНӨӨГИЙН ҮНЭ ЦЭНЭ 5,000.3 САЯ (58%), НЭРЛЭСЭН ҮНЭ ЦЭНЭ 28,841.6 САЯ.ДОЛЛАР (53%) БАЙХААР ТООЦООЛЖ БАЙСНЫГ 5,040.7 САЯ (59%), НЭРЛЭСЭН ҮНЭ ЦЭНЭ 29,084.6 САЯ АМ.ДОЛЛАР (53%) БОЛГОЖ ӨСГӨХ боломжтой боллоо.
Холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар
Монгол Улсын хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлсны дагуу зөвхөн Оюу Толгой төслийн хувьд төдийгүй бүх стратегийн ач холбогдол бүхий дараа дараагийн томоохон орд газруудыг ашиглах, уул уурхайн салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын дэд бүтэц, байгаль орчны зарим асуудал, татварын орчныг илүү боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэж сайжруулах зайлшгүй шаардлагыг харгалзан Зарим бүтээгдхүүний үнийн өсөлтийн албан татвар, алдагдлыг ирээдүйд шилжүүлэх, авто зам, усны асуудлаар холбогдох хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч асуудлыг холбогдох салбарын Сайдын саналыг авсны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэмжсэнээр Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автозамын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүдийг холбогдох тооцоо, судалгааны хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.
Засгийн газрын хэвлэл, мэдээллийн алба