Хөрөнгө оруулагчидтай хоёр долоо хоногийн дотор гэрээнд гарын үсэг зурна
2003 оноос хойш 6 жил дуншсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нэг тийшээ боллоо.
Уржигдар УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн Газраас өргөн барьсан 4 хуулийн төслийг эцэслэн баталснаар Айвехоу Майнз компани хувьцааны ханш даруй 24 хувиар буюу 2.30 канад доллароос 11.78 канад доллар болон өссөн байна. Энэ нь сүүлийн нэг жилд хүрсэн хамгийн өндөр үнэ ажээ.
Сангийн сайд, Эрдсэн баялаг эрчим хүчний сайд нарын мэдэгдсэнээр бол гэрээг одоо хоёр долоо хоногийн дотор эцэслэн баталаж, гарын үсэг зурах ажээ. Гэхдээ гэрээнд гарын үсэг зурахаас өмнө УИХ-ын ээлжит бус чуулган дээр УИХ-ын гишүүдийн гаргаж байсан зарим нэгэн саналыг гэрээн дээр тусгах асуудал яригдах юм байна. Тухайлбал үүнд Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал орж байгаа юм.
Одоогийн тогтоогоод байгаа Оюутолгойн ордын нөөцөөр бол ордыг ашиглаж эхэлснээр 450.000 тонн зэс, 330.00 унц алт олборлох юм байна.
Рио Тинтогын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2013 оноос өмнө бүтээгдэхүүн гаргах боломжтой аж. Үйлдвэрийн эхний хүчин чадал жилд 36 сая тонн, 2018 оноос хүчин чадлаа нэмэгдүүлж жилд 57 сая тонн хүдэр олборлох юм байна.
Өнөөдрийн байдлаар Айвенхоу Майнз компани хувьцааны 10 хувийг Рио Тинто эзэмшдэг бөгөөд, Монголын Засгийн газартай хэлэлцээр хийгдэж, гэрээ батлагдсаны дараагаар Монгол улс тус компани хувьцааны 34 хувийг эзэмшиж, харин Рио Тинто өөрийн хувьцаа эзэмшлээ нэмэгдүүлж 19,95 хувь болгон юм байна.