"Эцсийн хугацаа энэ сарын 30" хэмээн сайд амлалаа
2009.09.17

"Эцсийн хугацаа энэ сарын 30" хэмээн сайд амлалаа

"Оюутолгой”-н гэрээ байгуулах ажил хойшилсон зүйл байхгүй, яг төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа хэмээн Сангийн сайд С.Баярцогт  мэдэгдээд, “Энэ гэрээг батлах явцад стратегийн томоохон хуулиудад өөрчлөлт орсон. Хууль батлагдаад ёсчлогддог. Ёсчилсоны дараа ажлын тав хоногт Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхийн хугацаатай. Энэ хугацаа дууссаны дараа тухайн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлдэг. Ингэж хүчин төгөлдөр үйлчилсний дараагаар Засгийн газар хэлэлцээд тогтоол гаргана. Хууль болон Засгийн газрын тогтоолууд албан ёсоор журамлагдах учиртай юм. Өнөөдрийн Засгийн газраар өөрчлөлт орсон хуулиудын хүрээнд тогтоол гаргалаа” хэмээлээ.

Одоо хөрөнгө оруулалтын гэрээний төслийн англи, монгол хувилбар эцсийн байдлаар гарч ойрын хугацаанд гэрээнд гарын үсэг зурах асуудал шийдэгдэж, эцсийн хугацаа нь энэ сарын 30-н гэхэд гэрээ батлагдсан байна хэмээн сангийн сайд С.Баярцогт амлаж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талаас 3 сайд, тодруулбал Сангийн сайд, Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд, Эрдсэн Баялаг Эрчим Хүчний сайд нар гарын үсэг зураг бол Зээлийн гэрээнд сангийн сайд гарын үсэг зурах ажээ. Урьдчилгаа мөнгө болох 250 сая ам.доллар гурав хуваагдан Монгол улсад орж ирэх юм байна. Эхнийх нь 100 сая нь гэрээнд гарын үсэг зурсан өдөр, зургаан сарын дараа 50 сая, санхүүжилт хийгдэж дуусах хугацаанд 100 сая ам.доллар тус тус орж ирэхээр гараа байгуулагч талууд ярилцажээ. 

Энэ 250 саяыг хоёр зүйлд зарцуулах талаар одоогоор ярьж байгаа ажээ. Нэг нь ардчилалд шилжсэнээс хойш хамгийн томд тооцогдох 2010 оны хүн амын нэгдсэн тооллогын санхүүжилтэд зориулж. Харин үлдсэнийг нь бидний хамгийн их хүссэн хүлээж байгаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт намуудын амласан сая төгрөгүүдэд хэрэглэх гэнэ. Гэхдээ хүн амын тооллогод оролцсоныг баталгаажуулсан хэлбэрээр тараагдаж, зохион байгуулагдана юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.