Ц.Баярсайхан: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногт батална
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах үйл явцын талаар ярилцлаа.
-Уг нь энэ есдүгээр сарын 30-нд Оюутолгойн гэрээг батална гэж Засгийн газраас мэдэгдэж байсан. Гэтэл энэ ажлыг хойшлуулжээ. Ямар шалтгаанаар гэрээ батлах ажлыг хойшлуулсан бэ?
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн ордыг 1990-ээд оны эхээр Монголын геологичид илрүүлсэн. Уг ордын хөрөнгө оруулалтын гэрээг сүүлийн хоёр парламент дамжуулж хэлэлцлээ. УИХ, Засгийн газар нэлээд ажил хийсний эцэст ирэх долоо хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахаар болж байна. Энэ гэрээний орчуулгыг нэлээд анхаарах шаардлагатай учир энэ сарын 30-нд батлах байсныг түр хойшлуулаад байгаа юм. Гэрээг монгол, англи хэл дээр байгуулах ёстой. Хэрэв гэрээг хэлэлцүүлэх явцад маргаан гарвал Лондонгийн шүүхээр хэлэлцэх учиртай. Иймд англи эх дээр нэлээд нухацтай ажиллах шаардлага гарсан. Ингээд Засгийн газар гэрээг батлах ажлыг нэг долоо хоногоор хойшлуулж байна.
-Гэрээг баталснаар эхний удаад ямар үр нөлөө үзүүлэх вэ?
-Энэ гэрээг зурснаар шууд хөрөнгө оруулалтад зарцуулах хөрөнгийг олох, хөрөнгө босгох үйл ажиллагаа гадна дотно талдаа эхэлнэ. Монгол Улсын Засгийн газар өөрт оногдсон 34 хувьд ногдох хөрөнгийг босгох ажилд орж таарна. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор Оюутолгойд өмнө ажиллаж байсан 1000 орчим ажилтныг цомтгосон. Тэдний дийлэнх нь Өмнөговийн иргэд. Гэрээг баталснаар эхний ээлжинд тэд ажилдаа орох байх. Уурхайн бэлтгэл ажил, хайгуулын ажил улам бүр эрчимжих байх.
Эдийн засгийн үр ашиг, төслөөс олох ашгийн зэрэгцээ шууд тусах орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Аймгийн төвд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг өргөтгөх, шинээр сургалтын төв байгуулах, их, дээд сургууль төгсөгчдөөс төслийн ажилд татаж оролцуулах зэргээр 4000 гаруй ажлын байр бий болно. Үүний цаана нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, цалин хөлс гээд монголчуудын амьдралд нэмэр болох олон ажил эхэлнэ. Дагалдах барилга, бэлтгэл ажлын хүрээнд үндэсний компаниуд оролцох бололцоотой. Бензин шатахууны хангалт, харилцаа холбоо гээд Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө их. Жилийн хайгуулын явцад л гэхэд 300 гаруй сая ам.доллар Монголын эдийн засагт орж ирж байна. Энэ бол бага мөнгө биш. Бүс нутгийн хувьд ч тэр, манай эдийн засагт ч энэ гэрээ нааштайгаар нөлөөлнө. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүй учир хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт эхлэнгүүт төсөвт тодорхой хэмжээний дэмжлэг орж ирнэ гэж үзэж байна.
Урьдчилгаа төлбөр хэлбэрээр 250 сая орчим ам.доллар авна. Мэдээж энэ бол төсвөөр дамжиж эдийн засгийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэх болов уу гэж бодож байна. Оюутолгой гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай хийж байгаа томоохон гэрээ. Энэ нь Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдад нээлттэй орон гэдгийг харуулж, манай нэр хүндийг өсгөнө. Тавантолгой зэрэг дараа дараагийн ордыг ашиглахад ч жишиг болно.
-Иргэд улс төрийн намуудын сонгуулийн амлалт болох Эх орны хишиг, Эрдэнийн хувийг хүлээж байгаа байх. Үүнийг шийдэх боломж нээгдэх үү?
-УИХ Эх орны хишиг, Эрдэнийн хувийг нэгтгэсэн хувилбараар хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ хууль гарснаар байгалийн баялгаасаа хувь хүртэх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, дундаж орлоготой айл өрхийн тоог өсгөх бололцоо гарах байх. Оюутолгой, Тавантолгойд төрийн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж байна. Эрдэнэт үйлдвэрт төрийн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт байна. Эдгээрийг эзэмшиж байгаа “Эрдэнэс Монгол” гэж компани байна. Тэндээс хувьцаа гаргаад Монголынхоо иргэдэд эзэмшүүлбэл Эрдэнийн хувь болно. Стратегийн ордудаас орж ирж байгаа татварын тодорхой хэсгээс иргэддээ Эх орны хишиг 1,5 сая төгрөгийг ч олгох бололцоотой.
-Манай тал 34 хувийг эзэмших хөрөнгөө хаанаас босгох вэ?
-Эх үүсвэр бол олдоно. Олон улсын санхүүгийн байгууллагууд, Дэлхийн банк манай Засгийн газарт тусалж энэ хөрөнгийг босгох бололцоо бий. Эх үүсвэрт тодорхой хэмжээний хүү төлөх ёстой. Үүнийг монголчууд босгох бүрэн бололцоо бий.
-Ямар хэмжээний хөрөнгө үүнд шаардлагатай вэ?
-Хуучин бол хөрөнгө оруулалтын хэмжээг таван тэрбум орчим ам.доллар гэж байсан. Харин УИХ-ын 57 дугаар тогтоол гарснаас хойш дөрвөн тэрбум ам.доллар болж нэг тэрбумаар буурсан. Таван тэрбум ам.доллар байхад Монголын талын хөрөнгө оруулалт нэг сая 750 орчим ам.доллар байсан бол одоо 820 орчим сая ам.доллар болж буурч байгаа юм. Үлдсэн тодорхой хувийг компани өөрөө босгоно. Манай тал 820 орчим сая ам.доллараа босгох бүрэн бололцоо бий.
-Хэдий хугацаанд үүнийг босгож амжих бол?
-Хөрөнгө босгох хугацаагаа хоёр жилээр төлөвлөж байгаа. Энэ хугацааг бүрэн бололцоотой гэж үзэж байна. Техник, эдийн засгийн үндэслэл тодорхой болж байна. Цаашдаа уул уурхайн бэлтгэл ажил эхлээд явна. Нэг өдөр хөрөнгө босгоно гэхгүйгээр шаардлагатай хэмжээгээр хөрөнгө бүрдүүлээд явах бололцоо бий.
-Үйлдвэрийн эхний ээлж хэзээ ашиглалтад орох вэ. Одоо ямар хэмжээний хөрөнгө оруулаад байгаа бол?
-Хоёр жилийн хооронд хөрөнгөө босгоод дөрвөн жилийн хугацаанд үйлдвэр ашиглалтад орох бололцоотой. 2013 он гэхэд эхний бүтээгдэхүүн гарна гэж тооцож байна. Айвенхоу Майнз хайгуулд нэг тэрбум орчим ам.доллар гаргасан гэдэг. Бидэнд өмнө тайлагнаж байснаар 400 орчим сая ам.доллар байсан. Гэрээнд оруулсан хөрөнгө оруулалтаас хайгуулын зардлыг эрсдлээр тооцож хасна гэсэн зарчмын шийдэлд хүрсэн. Хайгуул, хөрөнгө оруулалтад хэдийг зарцуулсныг аудит тогтооно.