Ц.Баярсайхан: Тэр дотроо говийн бүс нутгийг хөгжүүлэхэд уг гэрээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна
Оюу толгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаан дээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайханы хэлсэн үг
Эрхэм Ерөнхийлөгч өө,
Улсын Их Хурлын дарга, Гишүүд ээ,
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,
Ноёд хатагтай нараа,
Монгол Улс өнөөдөр нэгэн том орд газраа хамтран ашиглах гэрээнд гарын үсэг зурж байна. Орд газрыг ашиглах гэрээ байгуулах үйл явцад багагүй цаг хугацаа зарцууллаа. Гэрээний асуудалд УИХ-ын гишүүд, намын бүлгүүд, байнгын хороод нухацтай хандаж мэргэжлийн хүмүүс, төрийн бус байгууллагууд, иргэдийн санал бодлыг судлан үзэж, Засгийн газартаа тодорхой чиглэл өгөх, шаардлагатай хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зэргээр нягт хамтран ажиллалаа.
Оюу толгойн орд газрыг ашиглах гэрээг тусгайлсан хуулиар байгуулахгүйгээр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд байгуулахыг Засгийн газарт зөвшөөрсөн шийдвэрийг УИХ-аас гаргасан нь Засгийн газрын үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд чухал шийд болсон гэж үзэж байн
а
.
Гэрээ байгуулах үйл явц, хөрөнгө оруулалт, барилгын ажил, орлогын хуваарилалт хариуцлагатай уул уурхайн санаачлагын зарчимд нийцсэн, олон түмэнд нээлттэй, ил тод байх учиртай.
Өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулж байгаа энэхүү гэрээ нь Монгол Улс нээлттэй эдийн засгийн бодлогоо явуулж байгаагийн илрэл, дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэгч гэдгээ батлан харуулж байгаа үйл явц юм. Гэрээ байгуулах явцад УИХ-аас баталсан хууль, эрх зүйн тааламжтай нөхцөл байдал зөвхөн Оюу толгойн төсөлд зориулагдаагүй бөгөөд уул уурхайн салбарт шинээр хөрөнгө оруулалт хийх дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад адилхан хамаарана гэдгийг онцлон тэмдэглэж байна
Стратегийн томоохон орд газруудыг ашиглах, ард иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэх, үндэсний эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх тэр дотроо говийн бүс нутгийг хөгжүүлэхэд уг гэрээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Томоохон нөөц бүхий стратегийн орд газруудыг ашиглах эхлэлийг тавьж байгаа Оюу толгойн орд ашиглах гэрээг хэрэгжүүлэх үйлстээ амжилт гаргахыг гэрээний талуудад хүсэн ерөөе.
Анхаарал тавьсанд баярлалаа