Л.Гансүх: Ордын усан хангамж, усны нөөцийг зүй зохистой ашиглахтай холбоотой асуудалд хэлэлцээрийн явцад хамгийн их анхаарал хандуулж ажиллаа
Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсантай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хуралд БОАЖ-ын сайд Л.Гансүхийн хэлэх үг. /Тэрээр Монголын талыг төлөөлөж гэрээнд гаын үсэг зурсан гурван сайдын нэг билээ
Бид өнөөдөр Монгол орны түүхэнд томоохонд тооцогдох хөрөнгө оруулалтын гэрээг гадаадын түнштэй байгуулах чухал арга хэмжээний гэрч болон төрийн ордондоо цуглаад байна. 2006 онд шинэчлэн батлагдсан Ашигт малтмалын тухай хуулинд байгаль орчныг хамгаалах талаар уул уурхайн үйлдвэрлэлд тавигдах шаардлага, нөхцөл ялангуяа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтыг тогтвортой хөгжлийн үндсэн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалт хийж өгсөн юм. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь зөвхөн Монгол орны эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болох төдийгүй байгаль орчныг хамгаалах асуудлыг олон улсын жишиг, шаардлагад нийцүүлэн тусгаж шинэчилсэн хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан анхны гэрээ болсоноороо ихээхэн онцлогтой юм.
Монгол оронд ашигт малтмалын орд газрын эрэл хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг байгаль орчинд халгүй хөгжүүлэх, хариуцлагатай уул уурхайн зарчмыг бий болгож, мөрдүүлэх чиглэлээр Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Уул уурхайн үйлдвэрлэл нь үндэсний эдийн засгийг тэтгэхийн сацуу байгаль орчинд халгүй байх нөхцлийг бүрдүүлэх талаар бодлого, эрх зүй орчинг боловсронгуй болгоход манай яам ихээхэн анхаарч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа газрын тооллого бүртгэлийг улсын хэмжээнд зохион байгуулах, тухайн жилийн байгаль хамгаалах арга хэмжээний зардлын 50 хувийг барьцаа болгон төвлөрүүлэх замаар нөхөн сэргээлтийн ажлыг орхигдуулахгүй явуулах зэрэг ажлуудыг тус яамнаас зохион байгуулж байна. Үүний үр дүнд нөхөн сэргээлт хийгдээгүй байсан талбайн хэмжээг тодорхойлж, нөхөн сэргээлтийн ажлыг цар хүрээг нэмэгдүүлж сүүлийн 3 жилийн хугацаанд нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбайн хэмжээ 32 хувиар буурч нөхөн сэргээлтийн ажлын чанар, технологи эрс сайжирсан.
Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд байгаль орчныг хамгаалах асуудлыг бие даасан бүлэг болгон оруулж, байгаль орчны асуудлыг олон улсын жишиг, стандарт болон манай орны говь цөлийн бүсийн экосистемийн эмзэг байдлыг харгалзсан бүхий л шаардлага нөхцлийг тусгалаа. Хөрөнгө оруулагч тал байгаль орчныг хамгаалах чиглэлээр манай талаас тавьсан бүхий л шаардлагыг хүлээн зөвшөөрч, мөрдөж ажиллахаа хэлэлцээрийн туршид нотолж түүнийг гэрээнд тусган хамтран ажилласан.
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад байгаль орчныг хамгаалах талаар бид дараахь зарчмыг баримталж тодорхой асуудлуудыг тусгалаа. Үүнд:
- Байгаль орчныг хамгаалах талаархи Монгол улсын аливаа хууль, түүний заалтыг гэрээнд тогтворжуулж тусгахгүй байхыг үндэс болголоо. Ингэснээр усны төлбөрийн хэмжээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чиглэлээр цаашид хуулинд орох аливаа өөрчлөлтийг тухай бүр дагаж мөрдөж ажиллах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн хуулиар зохицуулаагүй зарим нэмэлт шаардлагууд, тухайлбал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилтийн талаар 3 жил тутамд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж байх шаардлагыг тусгалаа.
- Байгаль орчны өөрчлөлтийн хяналт шинжилгээ, мониторингийн иж бүрэн лаборатори ажиллуулахаар гэрээнд туссан. Ингэснээр гүний усны түвшний бууралт, ургамлын бүрхэвчийн өөрчлөлт, орчны бохирдол, тоосжилт зэргийг тогтмол хянаж дүнг жил бүр хөрөнгө оруулагч тал яаманд ирүүлэх үүрэг хүлээсэн болно. Оюу толгойн ордын ашиглалтын талаархи байгаль орчинтой холбоотой аливаа мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгахаар гэрээнд тусгасан.
- Оюу толгойн ордыг ашиглах технологи нь байгаль орчинд сөрөг нөлөө багатай олон улсын стандарт шаардлагыг хангасан байх нөхцлийг гэрээнд тусгасан. Ордыг ашиглах технологи нь эдийн засгийн үр ашгийг харгалзах бус байгаль орчны шаардлагыг тэргүүн ээлжинд тооцон үзэж байхаар талууд зөвшөөрч гэрээнд тусгалаа.
- Гүний усны нөөцийг зүй зохистой ашиглуулах асуудалд ихээхэн анхаарал хандуулсан. Монгол орны өмнөд говийн бүс нутаг гадаргын усны нөөц байхгүй зөвхөн гүний усаар тэжээгддэг. Оюу толгой төслийн хувьд өөрийн хөрөнгөөр 2005-2006 онуудад гүний усны нарийвчилсан хайгуул хийж тодорхой нөөц олж илрүүлэн батлуулсан. Батлагдсан нөөц нь уг төслийн одоогийн техник-эдийн үндэслэлд заасан хүчин чадлаар ажиллах хэрэгцээг бүрэн хангах юм. Гүний усны батлагдсан нөөцийг үр ашигтай, ариг гамтай хэрэглэх технологийн горим, түүнд тавих хяналт зэргийг гэрээнд оруулсан. Гүний усны ашиглалтын байгаль орчны аудитыг 5 жил тутамд хийж байхаар гэрээнд тусгалаа.
- Уул уурхайн нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн шаардлагыг тодорхой тусгасан. Жил бүр хийгдэх нөхөн сэргээлтийн асуудал түүнд зарцуулах хөрөнгийн баталгааг тусгай санд байршуулж тухайн ажлыг бүрэн хийлгэж байхаар тусгасан. Түүнчлэн уурхайн хаалтын үеийн нөхөн сэргээлтийн асуудлыг гэрээнд нарийвчлан тусгалаа. Уурхайн хаалтад их хэмжээний хөрөнгө шаардлагатай болдог тул уг хөрөнгийг уурхайн ашиглалтын явцад хуримтлуулах талаар тусгасан. Ийм асуудлыг урьд өмнө манай орны хувьд тухайлан анхаарч байгаагүйгээс манай томоохон ууурхайнууд, тухайлбал Эрдэнэтийн уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн хөрөнгийн хуримтлал бүрдүүлж эхлээгүй байгаа бодит жишээ бидэнд байгааг давтахгүй байхыг зорьсон юм.
Дээрхи зарчмуудыг мөрдлөгө болгон 21 заалт бүхий бүлгийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусган батлууллаа. Оюутолгой төслийн амжилттай хэрэгжих үндэс нь гүний усны боломжит нөөцөөс шууд хамааралтай тул ордын усан хангамж, усны нөөцийг зүй зохистой ашиглахтай холбоотой асуудалд хэлэлцээрийн явцад хамгийн их анхаарал хандуулж ажиллаа. Иймд манай яам цаашид усны нөөцийг зүй зохистой, ариг гамтай ашиглах болон уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр Айвенхоу Майнз компанийн үйл ажиллагааны тайланг тогтмол авч холбогдох дүгнэлтийг гарган олон нийтэд байнга мэдээлэн ажиллах болно.
Анхаарал тавьсан та бүгдэд баярлалаа.