Д.Зоригт сайд "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захиралтай уулзав
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Британид хийж буй ажлын айлчлалын хоёр дахь өдрийн өглөө "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал
Том Албанизтай уулзав.
Оюутолгойн зэс, алтны ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн байгуулсанаас хойш ийнхүү хоёр тал Лондон хотноо уулзаж буй нь энэ аж.
Уулзалтын үеэр хоёр тал хөрөнгө оруулалтын гэрээнд заасан арга хэмжээнүүдийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх талаар санал солилцов. Д.Зоригт сайд Оюутолгойн төслийн бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд Монголын компаниудыг давуу эрхтэйгээр шалгаруулахад түлхүү анхаарахыг санал болгож, "Рио Тинто" компанийн дэмжлэгээр уул уурхайн чиглэлээр Монгол мэргэжилтнүүдийг сургах ажлыг шуурхай зохион байгуулахыг хүсэв.
Хоёр талын эрх ашигт бүрэн нийцсэн үйл ажиллагааг тууштай баримталж хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нөхцөлүүдийг бодит ажил болгох тал дээр тус компанийн зүгээс бүхий л арга хэмжээг авч ажиллаж буйг гүйцэтгэх захирал Т.Албаниз илэрхийлж, Монголын талаас тавьсан асуудал дээр анхааран ажиллахаа мэдэгдэв.
Мөн өдөр сайд Д.Зоригт Британи-Монголын худалдааны танхимын гишүүд болон HSBC зарим удирдлагатай тус тус уулзаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойших Монголд дахь хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож ярилцав.
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2009 оны 12 дугаар сарын 2