2014.01.07 | Сайт: Vip76.mn

И.В.Дёмин: Өлсгөлөн хүнд загас өгч цатгахын оронд загас барих дэгээг нь өгчих хэрэгтэй

И.В.Дёмин: Өлсгөлөн хүнд загас өгч цатгахын оронд загас барих дэгээг нь өгчих хэрэгтэй
“Люксел” компаний захирал Игорь Владимирович Демин

Монголчуудын талаар гадныхан юу бодож байгаа нь үргэлж сонирхолтой байдаг. Тиймээс Монголд цахилгаан угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын “Люксел” компаний захирал Игорь Владимирович Деминтэй жижиг дунд үйлдвэрийн хөгжил болон бизнесийн орчны талаар ярилцлаа.

Компанийхаа үйл ажиллагааны талаар товчхон танилцуулна уу? Яагаад Монголд бизнес эрхлэхээр шийдсэн бэ?

Манайх гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах тоног төхөөрөмж суулгах үйлчилгээ эрхэлдэг. Бид олон төрлийн тоног төхөөрөмжийг анх удаа Монголд оруулж ирсэн. Эхэндээ энэ зах зээл дээр дангаараа байсан ч удалгүй өрсөлдөгчид гарч ирсэн. Гэхдээ манай салбарт сайн мэдлэггүй л бол хүссэн болгон ажиллахад хэцүү. Гал унтраах техникийн мэдлэггүй хүмүүс энэ бизнесийг эрхэлснээс болж хэрэглэгчдэд борлуулж буй дохиоллын систем ажиллахгүй байх тохиолдол гардаг.

Оросын зах зээл багтаамж ихтэй, цар хүрээ өргөн учраас асуудалтай байдаг. Ямар нэгэн бизнес эхлүүлэх зөвшөөрөл авахын тулд хэдэн арван байгууллагын үүд сахиж, олон шат дамжлагыг туулах шаардлагатай. Түүнээс гадна татвар өндөр байдаг.  

Харин Монголын нөхцөлд ямар нэгэн компани байгуулахад амархан. Энэ бол монголын төрийн гол гавьяа.

Монголд жижиг дунд бизнес эрхэлж ашиг олох боломж хэр бий гэж та бодож байна?

Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн орон. Оросын бизнесменүүд монголын эдийн засаг хурдацтай хөгжиж байгааг хараад гайхдаг. Гэхдээ боловсон хүчин үнэхээр хангалтгүй байдаг. Бизнесээ амжилттай аваад явчих, мэргэжлээ сайн эзэмшсэн хүн цөөн гэсэн үг. Монголд бизнес эрхлэх гэсэн хүмүүс үйл ажиллагаа явуулах гэж буй салбарын онцлогоо мэддэггүй нэг зовлонтой.

Өмнөд  Солонгост 40 гаруй мянган монгол иргэн ажилладаг.

Үүнээс гадна эх орондоо жижиг дунд бизнес эрхлэхийн оронд олон залуус мөнгө олохын тулд гадаадад ажиллаж байна. Гэхдээ үүнийг буруу гэж хэлэхгүй. Хэрэв гадаадад очоод бармен ч юмуу, эсвэл ямар нэг хар ажил хийж мөнгө олж байсан хүн эргэж ирлээ ч Монголын хувьд ямар ч хэрэггүй. Харин техникийн талын ажил хийж, туршлага эзэмшээд ирвэл улсдаа үнэ цэнэтэй мэргэжилтэн болно.

Монголын нөхцөлд ямар салбарт жижиг дунд бизнес эрхлэвэл хамгийн их амжилт олно гэж та боддог вэ? Санал бодлоосоо хуваалцаач?

Энэ бол харьцангуй ойлголт. Ялангуяа гадаадын иргэн бизнес эрхлэж байгаа тохиолдолд амжилт олох эсэх нь тухайн орны бизнесийн орчныг хэр зэрэг мэдэхээс шалтгаална. Жишээ нь: Оросын нэг компани монгол хүмүүсийн менталитет, бизнес яаж явагддаг гэдгийг мэдэхгүйгээс болж хэдэн сарын дараа нутаг буцсан.

Миний бодлоор одоогийн байдлаар Монголд барилгын салбар их ашигтай. Олон барилга баригдаж буйг харахад барилгын материалын бизнес эрхэлж болно гэсэн үг. Гэхдээ яагаад барилга дээр монголчууд биш хятадууд их ажилладагийг ойлгодоггүй. Барьж чадахгүй бол чаддаг мэддэгээр заалгаад барьж болно.

Монголын татварын орчин жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэр ээлтэй гэж та бодож байна вэ?

Би Монголын татварын бодлогыг мэргэжилтний дайтай үнэлж дүгнэж чадахгүй. Гэхдээ өөрийнхөө бизнестэй холбогдуулаад зарим зүйлийг хэлж чадна. Тухайлбал, манай нягтлан бодогч үе үе нэг асуудалтай тулгардаг. Ямар нэгэн барилгыг бид тоноглож дуусгаад, хүлээлгэж өгсөн гэрээнд гарын үсэг зурсан л бол захиалагч мөнгөө шилжүүлээгүй байсан ч биднээс татвар нэхэж эхэлдэг.

Гэтэл манайх захиалагчид зориулаад өндөр үнэтэй тоног төхөөрөмж авч, хамаг мөнгөө шавхчихсан учраас татвар төлөхийн тулд хаа нэгтээгээс мөнгө зээлэх хэрэг гардаг. Ялангуяа төрийн захиалга биелүүлэх үед ийм асуудал илүүтэй тулгардаг. Энэ асуудал зөвхөн надад ч биш, бизнесээ дөнгөж эхлүүлж, ашгаа олж эхлээгүй олон монгол бизнесменүүдэд тулгардаг. Уг нь тухайн компаний бодит орлого дээр үндэслэж татвар ногдуулдаг байвал шударга юм шиг санагддаг.  

Төрийн зүгээс ЖДҮ-т үзүүлж буй дэмжлэгийн тухай та юу хэлэх вэ?

Төр үйлдвэрлэгч болгонд хүрч ажиллах боломжгүй. Тиймээс аль ч оронд төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тухайлбал: Хөдөө аж ахуйн салбарынханд тусалья гэвэл газар тариалан эрхлэх нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Хүн бүрт биечлэн туслах, эсвэл залхуу хүнд мөнгө зээлдүүлэх нь утгагүй. Өлсгөлөн хүнд загас өгч цатгахын оронд загас барих дэгээг нь өгчих гэсэн Хятад ардын нэг мэргэн үг байдаг. Төр засаг зөвхөн дэгээг нь л бэлдээд өгөхөд болно.

Манайд бизнесээ эхлүүлж буй хүмүүс тухайн зах зээллийн талаарх ямар ч судалгаагүй, бизнесийн төлөвлөгөөгүй ажлаа эхэлдэг. Бизнесээ эхлэхийн өмнө юуг илүүтэй анхаарч, ямар бэлтгэлийг хангах хэрэгтэй вэ?

Хүний мэдлэг чадвар гэдэг ЖДҮ-ийн хөгжлийн түлхүүр. Хөгжингүй орнуудад улсын төсвийнхөө таваас доошгүй хувийг оюуны хөрөнгө оруулалтад зориулдаг.

Судалгаагаар зогсохгүй тухайн ажлын талаарх ерөнхий мэдлэг заавал хэрэгтэй. Миний ажигласнаар аль нэгэн салбарт тодорхой хугацаанд ажиллаж туршлагажаад, дараа нь тэр чиглэлээрээ бизнес эхлүүлсэн хүмүүс Монголын нөхцөлд амжилт олдог. Ажлынхаа онцлогийг мэдэхгүй бол ямар ч зээл аваад нэмэргүй.

Юун түрүүнд яг юу хүсээд буйгаа ойлгож, тодорхойлох хэрэгтэй.  Үүнийг хийх хэрэг үнэхээр байна уу үгүй юу гэдгийг сайн тунгаах ёстой. Хүндрэл бэрхшээл тулгарах нь зайлшгүй гэдгийг ухамсарлаж, зорилгодоо тууштай байхгүй бол амжилтанд хүрэхгүй. Мөнгөтэй болонгуут бизнес эхлүүлээд шууд ашиг олж баяжина гэж байхгүй. Ийм зүйл кинонд л гардаг байх. Бизнесмен хүнд байх ёстой хамгийн гол чанар нь тухайн салбарын мэдлэг. Жолооч хүн барилгын бизнес эрхлээд амжилтанд хүрэхэд хэцүү. Асуудлууд зайлшгүй гарч ирэх нь ойлгомжтой.

Та газрын баялаг ухах бол бизнес биш гэж хэлж байсан. Энэ санаагаа дэлгэрүүлж яриач.

Алт, зэс, нүүрс, уран зэрэг баялаг нь бүгд цэвэр ард түмний өмч. Олборлогч компаниуд зөвхөн олборлох, менежментийг нь хийх, тээвэрлэх зэргээр ард түмэнд ашиг олоход  тусалсныхаа төлөө  мөнгө авах ёстой.

Эдгээр баялаг дахин сэргээгдэхгүй. Байгалийн баялгаас олсон ашгийг дахин баялаг бүтээж чадах салбарт буюу жижиг дунд үйлдвэрт зориулах хэрэгтэй. Нэг жижиг үйлдвэр сүйдтэй баялаг бүтээхгүй ч олуулаа болчихвол эдийн засагт маш хэрэгтэй.

Та “Самурай” бондын талаар сонссон байх. Энэ бондын мөнгөний нэг хэсгийг ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зориулахаар боллоо. Хэр үр дүнтэй гэж та бодож байна вэ?

Том хүүтэй зээлийн мөнгийг өөр нэгэнд зээлдүүлж ЖДҮ-ийг хөгжүүлнэ гэдэг эргэлзээтэй, эрсдэлтэй. Хүмүүст зээл өгдөг юм гэж бодоход хэнд өгч болох вэ гэдгийг бодолцох ёстой. Зээлдэгчийн бизнес удалгүй дампуурвал аль аль талдаа ашиггүй. Зээлдэгч хичнээн хөрөнгө оруулалт хийж, ямар хугацаанд хэр зэрэг ашиг олж, хэзээ зээлээ төлөх чадвартай болох вэ гэдгээ нарийн тооцсон байх хэрэгтэй.

Монголын улс төрийн нөхцөл байдал таны ажилд ямар нэг байдлаар нөлөөлдөг үү?

Монголчууд өөрсдөө улс төр тогтворгүй байна гэж ярьдаг ч гэлээ Монголын улс төр тогтвортой гэж боддог. Албан тушаалын  халаа сэлгээний тухай ярьж, зарим нь жагсаж байгаа нь хаана ч байдаг үзэгдэл. Бидний хийж буй ажил өвөрмөц болоод ч тэр үү улс төр манай ажилд нөлөөлдөггүй.