Хойд Солонгост 3-4 жилийн дараа хөрөнгө оруулалт хийх нь асуудалгүй болно
Монголын бизнесийн зөвлөлөөс сар бүрийн сүүлийн долоо хоногт гишүүдийн уулзалтыг тогтмол зохион явуулдаг билээ.
Энэ сарын 11-ны уулзалт сонирхолтой болсон бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Хойд Солонгостой ирээдүйд хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын салбарын талаарх илтгэлүүд сонирхол татсан юм.
Уулзалтын эхэнд Institute of Finance Economics, Ramada Ulaanbaatar City Center, Mongolian National University, Salmira Investment Fund зэрэг гишүүд Монголын Бизнесийн Зөвлөлд шинээр элсэн орсныг танилцуулав. Гишүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд цаашид томоохон групп гэхээсээ илүү тэдгээрийн охин компаниудыг дэмжих бодолтой байгаагаа зохион байгуулагчид мэдээлсэн юм.
Уулзалтад оролцогчдын сонирхлыг энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөрөнгө оруулалтын хуулийн өөрчлөлтүүд ихээхэн татаж, нэлээдгүй асуултыг ч Эдийн засгийн хөгжлийн яамны Гадны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Жавхланбаатараас асуусан.
С.Жавхланбаатар илтгэлдээ дөрвөн гол зүйлийг ярьсан.
Нэгдүгээрт тус хууль нь илүү либеральчлагдсан, зах зээлийг ил тод нээлттэй болгоход туслах ажээ.
Хоёрдугаарт Хөрөнгө оруулалтыг олон эх үүсвэрээс бүрдүүлэхэд санаа тавьсан.
Гуравт гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тодорхой хэмжээнд хамгаалахын тулд өмнө нь УИХ-аас авдаг байсан зөвшөөрлийг яам тамгийн газрын хэмжээнд олгохоор болжээ. Зөвшөөрлийн хугацааг таван жил болгосон. Дөрөвдүгээрт татварын хэмжээг зааж өгч, бэлэн төсөл байвал агентлаг руу хандахаар бүтцийг зохион байгуулжээ.
Эдийн засгийн хөгжлийн яамны Гадны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Жавхланбаатар
Ийнхүү хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр олон санал шүүмжлэлийн хүрээнд хэлэлцэж, ажилласан гэдгээ С.Жавхланбаатар дарга илтгэлийнхээ үеэр ярьсан юм.
МБЗ-ийн хурал нь илүү үр дүнтэй, монголын эдийн засаг болон дэлхийн эдийн засаг, бизнесийн орчны талаарх мэдээллийг бодит эх сурвалжаар нь дамжуулан гишүүддээ хүргэдэг билээ.
Энэ ч үүднээс Америкийн элчин сайдын яамны Худалдаа хариуцсан дарга Дэвид Вишерс “Монгол Америкийн хооронд байгуулсан ил тод байдлын гэрээ”-ний талаар танилцуулсан. Түүнчлэн Хойд солонгост аялаад ирсэн бизнесийн төлөөлөгчид тус улсын эдийн засгийн чадамжийн талаар мэдээлсэн юм. Тэдний хэлж буйгаар Хойд солонгост хөрөнгө оруулалт хийх нь гурваас дөрвөн жилийн дараа асуудалгүй болох ажээ. Тус улс нь газар тариалан болон хүнсний үйлдвэрлэл сайн хөгжиж байгаа бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэр нь өргөжих боломжтой гэнэ. Ийнхүү шинэ боломж, гарцыг эрэлхийлсэн хурал өндөрлөв.