Муугаар бодоход сайнаар дурсагдах хэмжээнд алсыг харж амьдармаар байна
УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.10.07

Муугаар бодоход сайнаар дурсагдах хэмжээнд алсыг харж амьдармаар байна

УИХ-ын гишүүн БОХХАА-ын байнгын хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- «Урт нэртэй» хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр болж хойш тавьсан. Энэ хуулийн төсөл анхнаасаа л нэлээд маргаан дагуулж байна?

- «Урт нэртэй» хууль улстөрийн маш халуун мэтгэлцээнтэй нөхцөлд батлагдсан бөгөөд дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэлэлцүүлэг өдгөө явагдаж байна. Ээлжит бус чуулганы үеэр манай байнгын хороо эдийн засгийн байнгын хороотой хамтран хуралдаад, хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

Түүнчлэн энэ хуралдааны үеэр гишүүдээс гарсан саналын дагуу ажлын хэсэг байгуулж, Д.Арвин гишүүнээр ахлуулан ажиллаж байгаа. Анх нам бүрийн төлөөллөөс бүрдүүлж таван гишүүнтэй байгуулсан ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас өргөтгөх шийдвэр гарсан. Тиймээс МАН, АН, Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдийг дахин нэмэгдүүлсэн.

-Ажлын хэсгийн гишүүд энэ долоо хоногт орон нутагт очиж уул уурхайн компанийнхантай уулзана гэсэн байх аа?

-Тийм ээ. Бид энэ хуулийн асуудлаар иргэний хөдөлгөөнийхөн болон нийгэм дэх хандлагын талаар нэлээд сайн судалсан. Байр суурийг нь ч мэдэж байгаа. Хамгийн гол нь бид энэ хуулийн хамгийн гол субъект буюу уул уурхайн суурийг сайн тусгаж, тэднийг сонсох ёстой гэдэг үүднээс гурван чиглэлд ажлын хэсэг гаргах гэж байна.

Хамгийн гол нь бид энэ хуулийн хамгийн гол субъект буюу уул уурхайн суурийг сайн тусгаж, тэднийг сонсох ёстой гэдэг үүднээс гурван чиглэлд ажлын хэсэг гаргах гэж байна.

Тэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай гэсэн баруун, Сэлэнгэ буюу хойд, Хэнтий рүү буюу зүүн чиглэл рүү гарах юм. Томоохон уурхайтай нутгуудаар орж, бичил уурхай эрхэлж байгаа, хүмүүсийн хэлж заншсанаар «нинжа» буюу гар аргаар алт олборлогч нартай уулзана. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа болон, зогсоочихсон компаниудтай ярилцаж, санал бодлоо солилцоно. Ингэснээр ажлын хэсэг дүгнэлтээ гаргах бөгөөд УИХ-аар хэлэлцэж үзэхэд ч дөхөмтэй, амар болох юм.

-МАН-ын гишүүд энэ асуудал их сөрөг үр дагавар авч ирнэ гээд нэлээд эсэргүүцэж байгаа шүү дээ?

-Тийм ээ. Тиймээс маш нухацтай хэлэлцэхийн тулд бүхий л асуудлыг маш тодорхой болгох учиртай юм. Мөн төрөөс уул уурхайн талаар баримтлах бодлогыг баталсны дараа энэ хуулийг ярих нь зүйтэй гэдэг саналыг ч гаргасан байгаа.

-Гэхдээ саяхан ээлжит бус чуулгантай зэрэгцээд энэ хуулийн төслийг эсэргүүцэгчид нэлээд ширүүн арга хэмжээ авах гэж оролдсон шүү дээ. Та яг ямар байр суурьтай байгаа вэ?

-Удахгүй төрөөс уул уурхайн талаар баримтлах бодлогыг боловсруулан гаргах гэж байгаа. Мэдээж байнгын хорооны даргын хувьд хуралдааныг зохион байгуулахад онцгой үүрэгтэй төдийгүй ямар ч тохиолдолд аливаа тогтоол шийдвэрийг олонхоороо шийддэг. Миний хувьд Оюу толгой, Таван толгой зэрэг том том уурхайнуудынхаа үр шимийг сайн хүртэх ёстой. Тэр тусмаа одоо ашиглаж буй ордууд, өмнийн говийн олон төслийг өөрсдөдөө ашигтайгаар ашиглах учиртай юм.

Бид урагшаа чиглэлтэй төмөр замаа тавиад, нүүрсээр бага хугацаанд их хэмжээний ашиг орлого бодлогод илүү анхааран ажиллах ёстой гэж бодож байгаа. Яагаад гэхээр сүүлийн үед дэлхий дахинд цаг агаарын дулааралын талаар маш их ярьж, хэлэх болсон. Энэ нь бидэнд ч хамаатай төдийгүй хамгийн хүнд нөхцөлд орж болзошгүй улс нь манайх болж мэднэ. Говь нутгаасаа эхлээд цөлжилт хойд зүг рүүгээ тэлж, олон гол горхи ширгэж, устах магадлалтай.

Өөрөөр хэлбэл ойн болон ногоон бүсэд алтны орд, уурхайнуудаа ирээдүйдээ үлдээх ёстой юм. Жишээлбэл өмнийн бүсийн уурхайнуудыг бид 150 жил ашиглалаа гэж бодоход. 100 гаруй жилийн дараа Монголын хүн ам нэлээд хэдэн сая болчихсон байх тэр үед одоогийнхоос илүү нарийн сайн технологитой ч болчихсон байх вий. Тэр үед үр хойч маань 2012 оны парламентаас чинь тун гайгүй сайн хууль гарч гэж хэлэх үе ирэх байх гэж боддог юм.

Учир нь тухайн цаг үед хамаг гол, усыг маань сүйтгээгүй юм байна гэдэг талархлыг хэлүүлэхийн тулд бид өнөөдрөөс тэрхүү өвийг үлдээх сайн хууль батлах ёстой. Бүр муугаар хэлэхэд сайнаар дурсагдах хэмжээнд алсыг харж амьдармаар байна шүү дээ. Түүнээс өдгөө Оюу толгой, Таван толгой гээд хамаг юмаа дуусгаад одоо хойшоо эргэж ойн бүс ногоон бүс рүүгээ дайран байгаль орчноо сүйтгээд, гол горхио ширгээгээд явмааргүй байна. Төрөөс үүнийг танах бодлого барьж, монгол ухаанаар явмаар байна.