Сайд ба сэтгүүлч
2013.10.01

Д.Ганхуяг: Нийт хөрөнгө оруулалтын 85 хувь нь уул уурхайн салбараас орж ирдэг

 “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцлоо.

-УИХ-д гурван хууль өргөн барьсан. Энэ хуулиуд уул уурхайн салбар цаашлаад эдийн засгийн салбарыг яаж тэтгэх бол?

-УИХ-д өргөн барьсан эдгээр хуулиудаар уул уурхайн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдүүлэхээр оруулж ирсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь элс, хайрганы л асуудал. Хайгуулын лицензийг шинээр олгох, шилжүүлэхийг хориглосон хууль байгаа.

Монголбанк болон арилжааны банкинд алтаа тушааснаар жилд 38-40 тонн алт олборлогдоно.

Энэ хүрээнд орчихоор бүтээн байгуулалтын ажил нь явахгүй. Нөгөө талаасаа элс хайрганы асуудлыг орон нутаг нь мэдвэл яасан юм гэдэг үзэл баримтлалаар энэ хуулийг оруулсан. Мөн алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль бий. 2007 онд 68 хувийн татварын тухай хууль гарсан. 2005 онд монгол улс 24 тонн алт олборлож байсан.

Энэ хууль гарснаар багасч, 2012 оны байдлаар зургаан тонн болж дөрөв дахин буурсан. Хуулийн гол зорилт нь Монголбанк болон арилжааны банкинд алтаа тушаах. Татвар нь өндөр болсноор алтаа тушаахгүй, далд наймаа бий болох асуудал гарч ирсэн.

Монголбанк болон арилжааны банкинд алтаа тушааснаар жилд 38-40 тонн алт олборлогдоно. Алт бол улс орны эрдэнэсийн сан, гадаад валютын нөөц болдог. Алт олборлодог хэдий ч тэр нь хаашаа ч юм алга болдог байдлыг сайжруулахаар оруулж ирсэн. Дараа нь “Урт нэртэй” хууль бол хэрэгжүүлэх шаардлагатай чухал хууль. Хэрэгжүүлэхийн тулд шилжилтийн арга хэмжээ авмаар байна.

-Хөрөнгө оруулагчид хуульд заасан 5-10 жилд хөрөнгө оруулалтаа нөхөж чадах болов уу гэдэг дээр ямар байр суурьтай байна вэ?

-Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалтын бизнесийн орчноо тогтвортой байлгая гэсэн санаа бий. Тухайлбал, зэсийн томоохон ордуудад 12-14 жил байсан. Тухайн төслөө шинжлэх ухааны үндэслэлтэй сайн тооцож чадвал болно гэж ойлгож байгаа.

Өнөөдрийн эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтад үүсээд буй нөхцөл байдалд зөв онош тавих шаардлагатай. Эндээс харахад дотоод, гадаад хүчин зүйл харагдаж байна. Гадаад хүчин зүйл нь ашигт малтмалын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 13-40 хувийн бууралттай.

Манайх ганцхан худалдан авагчтай учраас арай хямд зардаг. Тэгэхээр ашиг багатай салбарт бага хөрөнгө оруулалт оруулах хандлагатай байдаг нь дэлхий нийтийн жишиг. Дотоод хүчин зүйл нь хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин тогтворгүй байдал гээд асуудлууд бий.

-“Урт нэртэй” хуулийг өөрчилснөөс үүдэх экологийн хохирол, хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Монголчууд нэг зүйлийг ойлгох ёстой. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол олборлолт, байгаль орчин эн тэнцүү явна. Нэг орд байхад байгаль орчин, уул уурхайнхан хоёр өөр зүйл ярьдаг биш, нэг зүйлийг ярьдаг болох зүйлийг л баримталъя гэж байгаа. Энэ хууль 2007 онд экологийн ногоон бүсийн тухай хууль гэж гарсан.

2009 онд нэрэндээ тодорхой өөрчлөлт оруулан өргөн барьсан. Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэдэг нь хууль хэвээрээ байна. Харин хуулийг хэрэгжүүлэхэд ийм ийм арга хэмжээг УИХ шийдэж өгөөч гэж. Засгийн газрын тогтоолоор шийдэх боломжгүй асуудлыг оруулж ирж байгаа.

-Одоо оруулж ирж буй гурван хууль ерөнхий юу. Эсвэл заалт бүр нь тодорхой юу?

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль сайн боловсрогдсон. Дагаж мөрдөх журмын тухай хууль бол урт нэртэй хуулиа хэрэгжүүлэх гэж буй зүйл учраас тэрийг Засгийн газрын тогтоолоор, үүнийг УИХ-ын тогтоолоор гээд шийдчих байх. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуульд ярилцаж байгаад засч залруулах шаардлагатай зүйлүүд бий. Ер нь Монгол улсын эрх ашигт нийцэж байгаа.

-Манай улсын хувьд голынхоо хайргыг олборлоод байдаг. Уул тэсэлж хайрга гаргахад салбар яам ямар бодлого барьдаг вэ. Хуульд энэ талаар туссан уу?

-Энэ дээр “Урт нэртэй” хуулийн гавьяа гарна. Голын хайрга гэдэг ихэвчлэн урт нэртэй хуульд орсон. Энэ хүчинтэй явж байгаа учраас энэ хуулиар зохицуулагдах ёстой.

-Монгол улс хэзээ төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах нэгдсэн бодлоготой болох вэ?

-Энэ салбарт баримтлах бодлогыг УИХ-д өргөн бариад хэлэлцэх эсэхийг нь шийдээд, одоо УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байна. Тухайлбал, түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль бол тусгайлсан эрх зүйн орчин үүсэх гээд байж байгаа. Алтны хувьд далд байдлыг нь ил тод болгохоор оруулж ирсэн хууль.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд уул уурхайтай холбоотой асуудал хэр нарийн орсон бэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уул уурхайн салбарт нэмэлт хөрөнгө оруулахаар аж ахуйн нэгжүүд хандсан уу?

-Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах хуульд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлалд заасан салбараа заасан.

Алт бол улс орны эрдэнэсийн сан, гадаад валютын нөөц болдог.

Хөрөнгө оруулалтын тухай хууль салбаргүй орж ирж байгаа. Тусгайлсан зүйл байхгүй. Ер нь монгол улсад хийгдэж буй нийт хөрөнгө оруулалтын 85 хувь нь уул уурхайн салбар. Тэгэхээр гол нь уул уурхайн салбар. Гэхдээ ганц дугуйтай яваад байж болохгүй.

Монгол улсын хувьд эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, тээвэр, ложистик, үйлчилгээний салбар гээд бий. Бусад хөгжих боломжтой салбараа хамруулах нь зүйтэй гэдэг утгаараа ингэж оруулсан.