Б.Бямбасайхан: Компаниуд олон улсын санхүүгийн стандартыг мөрдөх хэрэгтэй
Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн, “НоваТерра” компанийн захирал Б.Бямбасайхантай Монголын бизнесийн орчны талаар ярилцлаа.
-Манай улсын эдийн засгийн өсөлтийн хэдэн хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг юм бэ?
-Манай улсын ДНБ-ий 80 орчим хувь, ажлын байрны 75 хувийг компаниуд бүрдүүлдэг. Эмч, багш зэрэг төрийн байгууллагын мэргэжилтнүүд нийлээд 162 мянга буюу ДНБ-ий 25 хувийг эзэлж байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийн голлох хэсгийг хувийн сектор бий болгож байна гэсэн үг.
Манай улсын эдийн засаг өнгөрсөн 10 жилийн хугацаанд чамгүй өсөлтийг үзүүлсэн. Энэ хугацаанд иргэдийн амьдрал өөрчлөгдөж авдаг үйлчилгээ, хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнийх нь сонголт арвин болсон. Энэ хэрээр бизнесийн салбар хөгжсөн. Эдийн засгийн өсөлтийг дагаж нэг хүнд ногдох ДНБ- ий хэмжээ өсч, бизнесийн орчин ч өргөжин тэлж байгаа.
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс Ухаалаг төр рүү” бага хурлын үеэр хувийн хэвшлийн бизнесийг дэмжих санал түлхүү гарсан. Ер нь манай бизнесийн орчин олон улстай харьцуулахад ямар төвшинд байдаг вэ?
Дэлхийн банк манай улсын бизнесийн орчин бусад улстай харьцуулахад харьцангуй сайжирч байгаа гэж үзсэн байна лээ.
-Дэлхийн банк манай улсын бизнесийн орчин бусад улстай харьцуулахад харьцангуй сайжирч байгаа гэж үзсэн байна лээ. Ер нь өнгөрсөн жилүүдийг харсан ч Монгол Улсын бизнесийн орчин сайжрах төлөв рүүгээ явж байгаа. Төр ч дэмжиж ажиллах чиглэл рүү явж байна. “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн зөв санаачлага гаргалаа. Энэ маш зөв шийдэл. Хувийн хэвшлийнхэн сүүлийн 10 гаруй жил ярьсан зүйл. Өнөөдөр Монгол Улсын хөгжил ийм байгаа юм байна, ирээдүйд ийм байна, үүний төлөө хамтдаа явъя гэсэн ойлголцол буюу замын зургаа гаргаж байна гэж ойлгосон.
-“Том төрөөс ухаалаг төр рүү” бага хурлаас бизнесийн орчныг сайжруулах ямар санал гарсан бэ?
-Хувийн хэвшлийнхэн бизнесийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд Засгийн газраас олгодог янз бүрийн тусгай зөвшөөрөл, гарын үсгийн тоог цөөлөх. Мөн Монгол хүний эрүүл ахуйтай холбоотой асуудалд төрөөс нарийн хяналт тавьж, харин бизнесийн төсөл саад болохгүй байя гэж үзсэн. Тусгай зөвшөөрлийг үнэхээр гурван хоногийн дотор авдаг болвол хувийн хэвшлийн компаниуд тэр дүрэм журам дээр нь үндэслэн ажлаа төлөвлөдөг болно.
Өөрөөр хэлбэл, зардал нь хэд байхыг тооцож хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байдлыг үүсгэнэ. Харин одоо хэн дуртай нь дүрэм журмыг өөрийнхөөрөө тайлбарлаж ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ойлгомжгүй байдлаас болж хувийн хэвшлийн хийх төсөл хөтөлбөр удааширдаг. Удаашрах тусам зардал нэмэгдэнэ. Зардал нэмэгдэхээр хэрэглэгч дээр очиж байгаа үйлчилгээний үнэ нэмэгдэнэ. Энэ маш буруу тогтолцоо байсан. Үүнийг засах хандлага ажиглагдсан нь сайшаалтай байна.
-Ер нь төр хувийн хэвшлийн бизнест ямар байр сууринаас хандах ёстой вэ?
-Т өр том, жижиг байх ёстой гэж ярьж байна. Ер нь төр гэж ярихаас илүү нийтийн алба гэдэг өнцөг рүү нь ярих нь зөв юм шиг санагддаг. Засгийн газрын гол зорилго бол ард иргэдэд үйлчлэх, үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Харин ард түмнийг захирч, дарлах гэж байгаагүй. Тэгэхээр төр нь ард иргэдийнхээ сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажлаа хийдэг байх. Үүний төлөө нийтийн үйлчилгээ гэдэг зүйлийг үзүүлж шаардлагатай үед нь хяналт тавьж, стандартаа баталдаг байснаар бизнес хийх орчин тунгалаг болно.
-Манай улсын хувьд томоохон хэдэн компани эдийн засагт ноёрхож, бусад компаниуд зах зээлээ олоход хүнд байна гэж зарим хүн ярьдаг. Үнэхээр ийм зүйл байна уу?
-Би энэ асуудал дээр санал нийлдэггүй. Манай улсын эдийн засаг өсч байгаагийн хэрээр бизнесийн боломж ч нэмэгддэг. Тухайн хүн бизнесийн санаатай, түүнийгээ хэрэгжүүлэх зөв төлөвлөгөөтэй байх л юм бол амжилтад хүрэх боломж өндөр. Хүнээсээ л шалтгаална. Түүнээс биш том компани бизнесийг хааж байна гэж ярих нь өрөөсгөл.
-Эдийн засаг өсч байгаа ч хувийн хэвшил хөгжихгүй байна гэж ярьдаг. Ер нь хувийн хэвшлийн хөгжилд саад болж байгаа тэр зүйл нь юу вэ?
-Дэлхий банк болон манай улсын өрсөлдөх чадварын судалгаагаар хувийн хэвшлийн өсөлт удаашралтай байгаа нь суурь дэд бүтэц сайн хөгжөөгүй байгаатай холбоотой. Тийм учраас шинэ бизнес, үйлдвэрлэл эхлэхэд өртөг өндөр тусч байна. Жишээ нь, манай улс эрчим хүчний хомсдолд орсон байгаа энэ үед шинэ үйлдвэр байгуулъя. Уг нь зах зээл, хөрөнгө мөнгө, удирдах баг байна. Харин найдвартай эрчим хүчний хангамж байна уу гэдгийг судалж үзмээр байгаа юм.
Гэтэл хөрөнгө оруулагч бүх эрсдэлийг тооцож хөрөнгө оруулна. Гадаад, дотоод бүгд адилхан. Цахилгааны, дулааны хангамжийн үйлдвэрийг барьтал эрчим хүчний үйлдвэр байгуулахаа 4-5 жилээр хойшлуулж, тухайн бизнес хойшилно. Уг нь эрчим хүчний үйлдвэртэй болсон бол шинээр олон ажлын байр бий болгож, ашгаа нэмэгдүүлэх боломж, дэд бүтцийн сул хөгжлөөс болж байнга хойшилж байна. Үүнийг тоохгүйгээр шинэ үйлдвэр байгуулах гэтэл илүү үнэтэй, зардал өндөртэй байгаа юм. Тэгэхээр дэд бүтцийн салбар хамгийн том бэрхшээл болж байна.
-Дэд бүтцийн бэрхшээлийг шийдэхийн тулд хэрхэн ажиллах хэрэгтэй юм бэ?
-Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлж буй том том төслүүдээ хэрэгжүүлж дуусгаж, ашиглалтад оруулах шаардлагатай байна. Автозам, төмөр зам, цахилгаан станц, усан хангамж зэрэг маш олон төсөл бий. Эдгээр бүтээн байгуулалтыг хийсэн тохиолдолд Монголын бизнесийн орчин улам сайжирна.
Нэг талаас нь харахад, бизнесийн орчин нь зөвхөн гурван сая хүний зах зээл биш. Гурван тэрбум хүний зах зээлийн дунд нь сууж байгаа улс шүү дээ. Баялгийн нөөцтэй, ухаантай чадвартай хүнтэй. Одоо тэр гурван тэрбум хүний зах зээл руу гарахын тулд үйл ажиллагаагаа тэр хэмжээнд явуулж, сэтгэх нь чухал байна. Дотоодын эдийн засаг тэлж байна шүү дээ.
Илүү том бизнес рүү орох зах зээл Монголыг тойроод байна. Тэгэхээр өрсөлдөх чадварын өгөгдөхүүн байгаа учраас хүн болгон бизнес санаачлан ашигтай ажиллах боломж байгаа. Харин чадвартай ухаантай, нэг юмаа эхлүүлсэн бол дуусгаж байх хэрэгтэй. Боломж үргэлж бий.
-Мөнгө санхүүжилт татахын тулд хувийн хэвшил яаж ажиллах ёстой юм бэ?
-Өнөөдөр байгаа төслүүдээ олон улсын стандартын дагуу боловсруулж байж л хөрөнгө мөнгө татах бололцоотой болно.
-Одоо олон улсын стандартад нийцсэн төсөл хөтөлбөр боловсруулж чадаж байгаа юу?
Гэхдээ IРО гарахын тулд дахиад л нөгөө стандарт руу орно.
-Одооноос эхэлж байна. Саяхан цахилгаан станцын төслийг хэрэгжүүллээ. Том том үйлдвэрүүд баригдаж байна. Энэ нь өөрөө олон улсын стандартын дагуу бүтээн байгуулалтаа хийж чадаж байгаа учраас бидэнд итгэж хөрөнгө оруулж байна гэсэн үг. Стандартын бус зүйл хийвэл бидэнд мөнгө орж ирэхгүй. Хөрөнгө оруулагч өөрт байгаа мөнгөө хаана оруулсан нь илүү ашигтай байх вэ гэдгийг тооцдог.
Монголд гаднаас хөрөнгө оруулж ирээд олсон ашгаа гаргах нь илүү нээлттэй байдаг. Гадныхан бизнесийн орчин нь илүү нээлттэй, татварын орчин ойлгомжтой байдал илүү санагддаг. Харин байгуулсан гэрээг дагаж мөрдөж байгаа, шүүх засаглал нь стандартын дагуу ажиллаж, шаардлагатай үед хуулийн дагуу шийдвэр гаргаж чадаж байна уу гэдгийг анхаардаг. Тиймээс эдгээр зүйлд илүү анхаарч ажиллаж байгаа.
-Ер нь стандарт гэдэг зүйл яагаад чухал байдаг юм бэ?
-Гурван сая хүн дотроо биш гурван тэрбум хүн дотор өрсөлдөнө гэж хэлсэн. Тиймээс л стандартын дагуу хийхгүй бол хэн ч бидэнд итгэж мөнгө өгөхгүй. Бизнест итгэлд маш чухал. Итгэлийг олох эхний арга нь зураг төслөө олон улсын стандартын дагуу хийвэл түүнийг хэн ч хараад ойлгоно шүү дээ.
-Үнэт цаасны тухай шинэ хуулиар компаниуд олон улсын зах зээл дээр IPO хийх боломжтой болж байгаа гэсэн. Энэ нь хувийн компаниудад хэр ашигтай байх бол?
-Ийм боломж нээгдэж байгаа нь чухал. Гэхдээ IРО гарахын тулд дахиад л нөгөө стандарт руу орно. Монголын компани олон улсын зах зээл дээр хувьцаагаа борлуулах гэж байгаа бол олон улсын маш олон стандартыг дагаж мөрдөнө. Компанийн засаглал, санхүүгийн стандартыг мөрдөнө. Санхүүгийн стандарт дээр сайжруулах маш олон асуудал бий.
-Жишээ нь?
-Олон улсын Хөрөнгө оруулагч, банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахын тулд Монголын компани олон улсын санхүүгийн стандартын дагуу бүртгэл тайлан тооцоог хийж, түүнийхээ дагуу аудит хийх хэрэгтэй болно. Ер нь олон улсын санхүүгийн стандартын тайлан гаргаж аудит хийдэг болвол хөрөнгө оруулагчдад маш ойлгомжтой болдог. Тэгэхгүй дотоодынхоо стандартыг дагасаар байвал хөрөнгө оруулах гэж буй шинжээч нар ойлгохгүй, дахиад шинээр хийлгэж хугацаа алдана гэсэн үг. Тэгэхээр манай хувийн хэвшлийн компаниуд олон улсын санхүүгийн стандартыг мөрддөг болох нь чухал.
-Хувийн хэвшлийн компаниудын хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай байдаг уу?
-Монголын зах зээл дээр том төсөл хэрэгжүүлэхийн тулд дотоодын хөрөнгө оруулалт банкнаас хөрөнгө босгоход хязгаарлагдмал. Учир нь, дотоодод байгаа хөрөнгийн хэмжээ бага. Тиймээс гаднаас хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Энэ бол эрүүл процесс. Мөнгө гэдэг зүйл үнэргүй шүү дээ. Хэнээс гарах нь хамаагүй, тухайн төслийг хэрэгжүүлэх нь чухал байдаг. Тиймээс гадна, дотнын гэж ялгахын оронд стандартын дагуу хийсэн төсөлд хэн ч хөрөнгө оруулна.
Гол нь зах зээл ойлгомжтой байх тухайн зах зээл дээр хэрхэн бүтээгдэхүүнээ борлуулах стратеги, төлөвлөгөө, ямар зардлаар хэр ашигтай ажиллах тооцоолол, дээр нь ямар технологи ашиглах нь ойлгомжтой байх нь чухал байдаг. Үүнд технологи амьдралыг өөрчилж, зах зээлийг томруулахад хамгийн их нөлөөтэй. Хүмүүсийн өмнө нь туршсан, үр ашиг муутай зүйлийг хэрэглэхгүй хамгийн сүүлийн үеийн үр ашигтай технологийг ашиглах боломж нээлттэй болсон.
-Ам.долларын ханшийн өсөлт хувийн компаниудад хэр нөлөөлж байна вэ?
-Мэдээж хэрэг нөлөөлж. байгаа. Манай эдийн засгийн загвар ямар байгаатай холбоотой. Нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор авч байгаа. Гэтэл гаднаас орж ирэх валютын урсгал тасарснаас ам.долларын ханш чангарч байна. Гэхдээ үүнийг засч болно. Дэд бүтцийн салбар руугаа хөрөнгө оруулалтыг татаж ам.долларын ханшийг тогтвортой байлгах боломжтой.
-Ирэх 20 жилд манай улсын бизнесийн салбар ямар хэмжээнд хүрсэн байна гэж төсөөлж байна вэ?
-Ирэх20жил манай улсын эдийн засгийн өсөлт стандартын дагуу байх хэрэгтэй гэж боддог. Ингэхийн тулд Засгийн газраас тодорхой хэмжээний зохицуулалтыг хийх хэрэгтэй. Тухайлбал, газрын харилцааны асуудлыг тодорхой болгож, чамбайруулах ёстой.
Өнөөдөр хүн бүр газар эзэмших эрхтэй ч юм шиг, эрхгүй ч юм шиг байна. Мөн манай улсад асар их баялгийн нөөц байна. Үүнийгээ монгол хүн бүр өмчлөх эрхтэй. Өмчилсөн зүйлээ эдийн засгийн эргэлтэд оруулах чадвартай болох хэрэгтэй. Өнөөдөр үйлчилж байгаа хууль дүрмээр төр бүхнийг хязгаарлана гэсэн хандлага байгаа учраас бизнес хийхэд саад болдог. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.
Манай улс 2050 он хүртэл зорилт тавьсан. Энэ нь маш зөв. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр нэгдсэн зорилготой ялангуяа эдийн засгийн өсөлтийн тал дээр. 2020 он гэхэд ДНБ- ий өсөлтийг 4-5 дахин нэмэгдүүлэх, 50 тэрбум доллар хүрч, 2050 онд 380 тэрбумд хүргэх зорилтыг тавьсан.
Бие биетэйгээ талцах биш нэгдсэн зорилгын төлөө явах нь чухал. Энэ зорилтдоо яаж хүрэх үү гэдэг дээр хэлэлцэж байх нь зөв. Эдгээр зорилтын дагуу бизнесийн төслүүд чиглэж, хувийн хэвшлийнхэн ажиллах урамтай болно. Төр нь ухаалаг болж дэд бүтцээ сайжруулаад өгчихвөл бусад орны компаниудтай өрсөлдөх бүрэн боломжтой.