Д.Оюунхорол: Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр бизнес эрхлэгчидтэй “Бизнес эрхлэх таатай орчин” сэдвээр нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Бидний урилгыг хүлээн авч энэхүү уулзалт, ярилцлагад хүрэлцэн ирсэн Та бүхэндээ Олон улсын хүний эрхийн өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Ардын Нам өнөөдөр сөрөг хүчний байр суурьт шилжсэн хэдий ч Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түшиг тулгуур болж ирсэн тулхтай, туршлагатай улс төрийн ууган хүчний хувьд өнөөгийн бизнесийн орчинд бий болсон нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэн, бизнесийн тогтвортой, таатай орчин бүрдүүлэх бодлого, зорилтыг тодорхойлохоор энэхүү нээлттэй уулзалт ярилцлагыг зохион байгуулж байгаа юм.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаанд шилжээд 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих, хувийн хэвшлийг үүсгэн хөгжүүлж, хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засгийг амжилттай хөгжүүлж,
өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг хувийн хэвшлийн бизнес эрхлэгч Та бүхэн үйлдвэрлэж, татварын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж, 600 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, улс орны хөгжлийг нуруундаа үүрсэн шийдвэрлэх үүрэг бүхий салбар болтлоо хөгжсөн байна. Энэ бүгдэд та бүхний оруулсан хувь нэмэр, идэвх санаачилга, хичээл зүтгэл чухал үүрэг гүйцэтгэснийг энд онцлон тэмдэглэхэд таатай байна.
Америкчууд Билл Гейтс, Уоррен Баффет зэрэг баячууд руугаа хэзээ ч “Эд нар мөнгөжиж байна, мөнгөө яагаад бидэнтэй хуваалцдаггүй юм бэ” гэж муухайгаар хардаггүй.
Төр нь ч гэсэн ийм зарчим баримтладаг.
Эдийн засгийн их хямралын үеэр ”Форд” хэцүүдэхэд Америкийн төр “Форд”-доо өчнөөн долларын зээл өгөөд босгоод ирсэн. Учир нь “Форд” гэж мундаг том үйлдвэрлэгчийн ард ханган нийлүүлэлтийг нь хийдэг өчнөөн компанийн хувь заяа байсан юм.
“Форд” унахад тэр компаниуд дампуурах байв. Өөрөөр хэлбэл Америкийн эдийн засаг хөл дээрээ сөхрөх байсан учраас Цагаан ордон, Конгресс бүгдээрээ сандарцгааж тусалсан хэрэг. “Форд”, “Майкрософт”-оос авсан татвараар Америк хөгжиж байгаа учраас америкчууд баялаг бүтээгчдэдээ хайртай байдаг юм.
Манай улс Америк шиг ардчиллын замаар яваа, зах зээлийн эдийн засагтай. Тэгсэн хэрнээ баялаг бүтээгчдэдээ хайргүй. Төр нь ч тэр, ард түмэн нь ч тэр. Олигархууд, баячууд, бүр луйварчид мэт үздэг буруу хандлага руу явж байна.
Саяхан болсон “Том төрөөс ухаалаг төр лүү” зөвлөлдөх уулзалтан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Өнөөдөр манайд 200 мянган тэтгэврийнхэн, 200 мянган оюутан, 200 мянган төрөөс цалин хүртэгсэд, цаана нь бас 200 мянган огт ажил хийх хүсэлгүй иргэд байгаад сая гаруй хүүхдийнх нь хамт 200 мянган баялаг бүтээгчид тэжээж байна” гэлээ. Тоог нь ойролцоогоор авсан ч энэ үнэн.
Улсын төсөвт төвлөрүүлж байгаа нийт татварын 70 орчим хувийг үндэсний 300 орчим том компаниуд бүрдүүлж байна.
Энэ хоёрхон жишээнээс л харахад өнөөдөр бид бизнес эрхлэгчдээрээ бахархаж тэднийг тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой.
Харамсалтай нь өнөөгийн шинэчлэлийн гэх Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар улс орны эдийн засгийн өсөлт саарч, хөрөнгө оруулалт буурч, төгрөгийн ханш суларч, бизнесийн орчин хумигдаж, хувийн өмч рүү янз бүрийн хэлбэрээр дайрч, булааж авах оролдлогууд хийгддэг боллоо.
“Бизнес эрхлэгчид маань дарлагдсан ард иргэд болоод байна, тэднийг дарлах бүхэл бүтэн тогтолцоо бий болсон байна” гэсэн МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгтэй санал нэг байна. Төр засаг өөрөө хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөж бизнес хийж, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хутгалдан оролцох, бизнесийн орчинг хязгаарласан хуулиар сүр далайлгаж торгоно, шийтгэнэ хэмээн сүрдүүлж, дарамтлах явдал газар авч байна.
Төр хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй ч бизнест садаа болсон, хүнд суртал чирэгдэл ихтэй, бизнес эрхлэх боломж нөхцлийг хааж боосон, хувийн өмч рүү халдаж хурааж, нураадаг, захиргааны аргаар шийдвэрлэхээр зохицуулсан хуулийн заалтуудаа өөрчлөх, боловсронгуй болгох замаар бизнес эрхлэгчдийг дарамтлах бус харин хамгаалах үүргээ биелүүлж ажиллах цаг болсон байна.
Төр, хувийн хэвшил түншүүд байж, хамтарч ажиллах ёстой. Зах зээлийн өнөө үед хувийн секторын санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг нь харгалзан үзээгүйгээс, дэлхийн зах зээлийн чиг хандлагыг сайн анхаарахгүйгээр гаргасан бодлогын алдаа явж явж эцсийн дүндээ өнөөдрийн бизнесийн орчныг муутгасан, ойлгомжгүй байдалд хүргэсэн. Алдаа оноогоо ярилцаж, цаашид тууштай тогтвортой явах, бизнес эрхлэхэд тааламжтай хууль эрхзүйн орчин бий болгох хэрэгтэй байгаа юм. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой юм.
Бизнесийн зовлон жаргалыг хамгийн сайн мэдэрдэг бизнесийн салбарын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид энд хүрэлцэн ирсэн байна. Энэхүү нээлттэй уулзалт ярилцлага үр ашигтай болж, түүнээс гаргасан санал зөвлөмж төрийн шийдвэрт тусч, амьдралд тууштай хэрэгжихийн ерөөл өргөе.
Та бүхэн оюун ухаанаа уралдуулан, мэргэн санал, санаачилга, шүүмжлэл өрнүүлж, бүтээлчээр хандана гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Та бүхэнд хэрэгтэй байгаа бизнесийн тогтвортой, тэгш, тунгалаг эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө бид ажиллах болно оо хэмээн хэллээ.