Э.Бат-Үүл: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зарим айлын газрыг албадан чөлөөлнө
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.04.10

Э.Бат-Үүл: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зарим айлын газрыг албадан чөлөөлнө

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй өчигдөр зангиагүй уулзалт хийлээ. Тэрээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн зарим асуултад хариулсан юм.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэр амжилттай хэрэгжиж байна?

-Гэр хорооллын дахин төлөвлөлт Улаанбаатарт маш амжилттай хэрэгжиж байна. Ганц жилийн дотор 4000-аад айлтай газрыг нь чөлөөлүүлэхээр тохиролцон, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ гэдэг бол дэлхийн хаана ч байхгүй өндөр үзүүлэлт. Энэ онд 11 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орох гэж байна. Ямар сайндаа дахин төлөвлөлт хийдэг гадны компаниуд гайхаж байхав дээ. Токиод долоон га газарт дахин төлөвлөлт хийхэд 12 жил газар чөлөөлөх гэж зарцуулсан, үлдсэн дөрвөн жилд нь барьсан. Өнөөдөр тэр хороолол Токиогийн хамгийн сайхан хороолол.

Сөүл ганц барилга барих газрыг эзэнтэй нь зөвшилцөхөд гурван жил зарцуулсан байдаг. Үүнтэй харьцуулахад манай гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үнэхээр урамтай урагшилж байна. Уг нь Гандангийн дэнжийн гэр хорооллыг дахин төлөвлөөд, орон сууцжуулаад иргэдэд жишиг маягаар харуулахыг зорьж байсан. Гэтэл хотын захиргаа иргэдтэй нь зөвшилцөлд хүрээгүй.

Бас “100 айл" орчмын дахин төлөвлөлт ч ийм асуудалтай тулгарсан. Газрын эзэд нь боломжит өндөр үнээр газраа зарчих гээд байгаа бол нөгөө талдаа барилгын компаниуд хамгийн бага боломжит үнээр газрыг нь худалдан авах гээд байдаг. Энэ хоёрын ашиг сонирхлын огтолцол дээр л гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлэх юм. Түүнээс нэг нь газраа хэт өндөр үнээр зарах гээд нөгөө нь хүчээр хямд авах гээд байвал хэзээ ч тохиролцохгүй ш дээ. Цэвэр бизнесийн яриа явагдаж байхад нь нийслэлээс, захиргаанаас хөндлөнгөөс оролцож болохгүй. Харин 100 айлаас 95 нь дэмжчихээд байхад нь нөгөө тав нь амандаа Орсон тоог хэлээд газраа чөлөөлөхгүй байж болохгүй.

Тавхан хүний адайр зангаас 95 өрхийн 300 гаруй иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байж болохгүй. Тиймээс үүнийг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин Монголд байхгүй. Хэрэв УИХ-аас үүнийг зохицуулах хууль батлахгүй бол Үндсэн хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд тухайн асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжгүй бол НИТХ өөрсдөө журам гаргаж шийдвэрлэж болохоор заасан.

-Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуураар сонгосон бэ?

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үнэхээр урамтай урагшилж байна.

-Төсөл хэрэгжүүлэхээр саналаа илгээсэн 50 гаруй аж ахуй нэгжүүдийг сүүлийн гурван жилд хийсэн барилга бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын мэдээлэл, хөдөлмөр аюулгүй байдлыг хэр сахин ажилласан зэргийг нь судалж үзсэн.

Мөн аудитаар баталгаажсан тайлан балансаас авахуулаад техник технологийн чадамжийг нь нарийн судалсны үндсэн дээр 16 аж ахуй нэгжийг шалгаруулсан. Ганц зүйлийг хэлэхэд төсөлд шалгарсан зарим аж ахуй нэгжүүд барилгын нэг давхрыг дөрвөн хоногт цутгадаг Японы технологийг ашиглаж байна. Аж ахуйн нэгжүүдийн чадавхийн тал дээр үүнээс өөр тайлбар илүүц биз.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг бүтэшгүй ажил гэж Ерөнхий сайд таныг зэмлэсэн байсан?

-Энэ ажлыг улс төржүүлэх хэрэггүй. Ямар сайндаа л Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр “Гэр хорооллын дахин төлөвлөлт гээд бүтэлгүй юм хийхээ боль” гэсэн. Барилга хот байгуулалтын яамныхан л Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгчихсөн байхгүй юу. Тэд өөрсдөө ажлын явц ямархуу байгааг газар дээр нь нэг очоод үзчих хэрэгтэй. Хэт улстөржих ийм л гайтай. Одоо тэгээд геодезийн зургаас авахуулаад суурь хундаамаа цутгаад барилгын ажлаа хийгээд эхэлчихсэн аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтаараа шатаад үлдэх үү. Ингэж болохгүй л дээ

-“100 айл” барилгын материалын захыг хэзээ нүүлгэх вэ?

-“100 айл” захыг Налайх дүүрэг рүү шилжүүлэхээр болсон. Налайхад 130 га газрын зураг төсөл нь хийгдчихсэн. Үүнийг нь НИТХ-аар хэлэлцэн батлагдвал барилгын материалын шинэ захтай болно.

-Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш нийслэлд шилжиж ирсэн бол газар өмчлөх эрхгүй гэдэг үнэн үү?

-2013 оны тавдугаар сард Улаанбаатарын 52 байршилд газар хувьчлах шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарахаас өмнө нийслэлд албан ёсоор шилжиж ирсэн иргэд л дээрх байршлуудад газар өмчлөх эрхтэй. Харин үүнээс хойш шилжин ирсэн бол газар өмчлөх эрхгүй.

Нийслэлийн арван иргэн тутмын нэг нь л газраа өмчилж авснаас гадна шилжих хөдөлгөөн хоёр дахин нэмэгдэж өдөрт 70-аад хүн шилжин суурьшиж буй өнөө үед зайлшгүй ийм зохицуулалт хийхээс өөр арга байсангүй. Тэгээд ч цаашдаа НОСК-ийн байрнууд ашиглалтад ороод эхэлбэл хөдөөнөөс хотод ирээд хашаа хатгаад амьдардаг явдлыг хязгаарлана. Хэрэв нийслэлд амьдрах гэж байгаа бол НОСК-ийн орон сууцанд амьдар. Урьдчилгаагаа гурваас таван жилийн дотор орон нутагтаа ажиллаж олчихоод нийслэлийн иргэн бол гэх шаардлагыг тавина гэж бодож байгаа.