Онцгой байдлын ерөнхий газар
2014.04.14

Манай улсад малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил муу хийгддэг

Зүүн гурван аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хөл хориог цуцлаад удаагүй байхад Увс аймгийн Улаангом аймагт таван үхэр боом өвчнөөр үхсэн гэдэг мэдээлэл ирлээ. Албаныхны тайлбарлаж байгаагаар аймгийн онцгой байдлынхан хуралдаж тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Гэхдээ боом өвчин мөн эсэхийг одоогоор эцсийн байдлаар тогтоогоогүй гэж ОБЕГ-аас тайлбар өглөө.

ОБЕГ-ын ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэн:  "Дөрөвдүгээр сарын найманы өдөр Увс аймгийн Улаангом сумын хоёр малчин өрхийн таван үхэр боом өвчний шинж тэмдгээр өвчилсөн байна. Өвчилсөн үхрийг устгаж, малын сэгээс дээж авч аймгийн мал эмнэлгийн төв лабораторид хүргүүлсэн. Энэ таван үхэр боом өвчнөөр өвчилсөн гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй байгаа. Аймаг, орон нутгийн зүгээс боом өвчнөөс урьдчилан сэргийлж, гарсан байж болзошгүй тохиолдолд яах вэ гэж урьдчилан сэргийлэх үүднээс сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Боом өвчин гарсан гэсэн эцсийн дүгнэлт гараагүй байгаа."

Увс аймгийн Улаангом сумын хоёр малчин өрхийн таван үхэр боом өвчний шинж тэмдгээр өвчилсөн байна

Махны хэрэглээ өндөртэй Монгол улсын хувьд МАА салбартаа анхаарлаа хандуулах цаг болсныг мэргэжилтнүүд хэлж сануулсаар байгаа. Өөрөөр хэлбэл малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил муу хийгддэг. Энэ нь ч өвчин гарах нэг шалтгаан, нөгөө талаас махны хэрэглээгээ дагаад иргэдийн эрүүл  мэнд, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг болохыг салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа.

Өнөөдрийн байдлаар Увс аймагт малын гоц халдварт боом өвчин гарсан эсэх нь тогтоогдоогүй ч 2000 малыг вакцинжуулахаар болсон тухай сурвалж мэдэгдлээ