З.Эрдэнээ: Үйлдвэрт тогтвортой ажиллах залуу хүн олдохгүй байна
"Улаанбаатар хивс" ХК-ийн гүйцэтгэх захирал З.Эрдэнээ
2014.04.11

З.Эрдэнээ: Үйлдвэрт тогтвортой ажиллах залуу хүн олдохгүй байна

УБ хивс ХК-ийн гүйцэтгэх захирал З.Эрдэнээтэй ярилцлаа.

-Хөнгөн аж үйлдвэрийн тэр дундаа ноосны салбарын хувьд ямар асуудал тулгарч байна вэ?

Хоёр том асуудал бий. Салбар хөгжихийн тулд экспортыг нэмэгдүүлэх  ёстой. Үүний тулд бүтээгдэхүүн маань маш чанартай байх хэрэгтэй. Хоёрдугаарт харьцангуй хямдхан үнийг санал болгох. Чанар ба үнэ нь бусад улс орнуудын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байснаар экспорт нэмэгдэж салбар нь хөгжих боломжтой.

-Дараагийн алхам нь юу?

Зөвхөн дотоодын зах зээл гэхээр хоёр сая хүн амтай учир өргөн дэлгэр хүрээг хамарч, хөгжих боломжгүй. Экспортын асуудлыг дэмжиж ажилламаар байна.

-Одоо ямар дэмжлэг байна?

2011 онд ЗГ-ын тогтоолоор үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, малчдад урамшуулал олгох  болсон.  Ноосны салбарынхан анх удаа төрөөс дэмжлэгтэйгээр их хэмжээний зээл авсан нь тэр байсан. Түүхий эдээ нийлүүлсэн малчдад урамшуулал олгосон нь ухаалаг дэмжлэгийн эхлэл болсон гэж боддог. Манай компанид их үр дүнгээ өгсөн. Бид сүүлийн жилүүдэд хийж чадаагүй тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийсэн. Ингэснээр бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах боломж бүрдсэн. Гэвч хичнээн орчин үеийн тоног төхөөрөмж байлаа гэсэн манай салбарын хувьд хүний хүчин зүйл багасдаггүй.

-Боловсон хүчний байдал ямар байна вэ?

Энэ бол гол сэдвийн нэг. Байгалийн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах үйлдвэрүүд бүрэн автомат болно гэж байхгүй. Хичнээн орчин үеийн тоног төхөөрөмж авсан ч тэрийг ажиллуулж байгаа боловсон хүчнийг чадваржуулах шаарлагатай. 1990 оноос хойш Монгол улсад нарийн мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэх, ажлын байраар хангах бодлого алдагдсан нь эцэстээ салбарын хэмжээний асуудал болж байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн хэт нэг талыг баримтласан орчинг ч гэсэн шинэчлэн өөрчлөх цаг болоод байна.

-Танай боловсон хүчин ямар байдалтай байгаа гэсэн үг үү?

Манай ажилчдын 90 хувь нь 1980-аад онд МСҮТ төгссөн жинхэнэ дадлага туршлагатай, мэргэжлийн ур чадвар өндөртэй хүмүүс. Одоо тэдний халааг бэлдэх хэрэгтэй байна. Машинаа өөр шигээ мэднэ. Харин одоо төгсч байгаа хүмүүсийн хувьд дипломтой бол болоо гэж боддог. Гэсэн мөртлөө үйлдвэрт ажиллахыг хүсдэггүй. Бас залуу хүмүүс ажилд авахаар их тогтворгүй байдаг. Хэрвээ боловсролын салбарт тодорхой бодлого баримтлахгүй бол үйлдвэрлэлийн салбарын ажиллах хүчний асуудал илүү хурцдах болно.

-Ноосны салбарыг хөгжүүлэхэд юу хэрэгцээтэй байгаа гэж боддог вэ?

Дээр хоёр асуудалд дэмжлэг үзүүлэх. Дээрээс нь урт хугацааны хөнгөлөлттэй зээл байвал хөгжинө. 8-10 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтууд байж болно. Ер нь ямар ч салбар хөгжихөд хугацаа хэрэгтэй ба төр засгийн төлөөл, ажил олгогч, ажилтан бүгд дор бүрнээ хариуцлагаа ухамсарлан, хичээнгүйлэн шудрагаар хөдөлмөрлөхөд боломжгүй зүйл гэж байхгүй.