Э.Ганбат: Үйлдвэрлэгч бусдаас ялгарах онцлогтой байж брэнд бүтээнэ
"Отгонтэнгэр" Их Сургуулийн эдийн засаг, бизнесийн ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, докторант Э.Ганбаттай ярилцлаа.
- Орон нутагт брэндийг бий болгохын тулд эдийн засгийн ямар аргачлалыг ашиглах хэрэгтэй вэ?
Өнөөдөр орон нутгийн үйлдвэрлэгчид яг адилхан хэлбэрээр, ижил үе шат, аргачлалаар үйлдвэрлэл явуулдаг. Нэг нэгнээсээ ялгарах зүйл огт алга. Хэдийгээр зарим нь чанартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч ялгарах онцлог байхгүйгээс зах зээлд давамгай байр суурь эзэлж чаддаггүй. Хэрэв орон нутагт брэндийг хөгжүүлж чадвал энэ нь улсын эдийн засагт үр өгөөжөө өгч, цаашлаад дэлхийн зах зээлд гарах боломж нээгдэнэ.
Брэнд бүтээнэ гэдэг нэлээдгүй цаг хугацаа шаарддаг учраас одооноос эхлэн орон нутгийн брендийг бий болгоход үйлдвэрлэгчид анхаарах хэрэгтэй.
Үйлдвэрлэгчид нэгнээ даган дуурайх нь элбэг
Гэхдээ санхүүжилтын дутмаг байдал, зээлийн хүүгийн өндөр түвшин, ажиллагсдын тооны хүрэлцээ зэргээс шалтгаалан үйл ажиллагаагаа өргөтгөх боломж хомс. Тиймээс орон нутгийн засаг захиргааны байгууллагууд анхаарч ажиллавал брэндийн ач тусыг үйлдвэрлэгчдэд таниулах сайн талтай.
- Брэнд бүтээхэд маркетингийн цогц ажил хийгддэг. Манай үйлдвэрлэгчдэд ийм чадамж бий юу?
Тухайн компани олон салбарт хүчээ тарамдахын оронд нэг зүйлдээ төвлөрч өөрийн онцлог талыг тодорхойлсны дараа цорын ганц брендийг бий болгоход бүх хүчээ дайчлах нь зүйтэй. Ингэх нь компаний үйл ажиллагааг сайжруулж тууштай болгодог. Энэ ажлыг манайхан өөрсдөө хийж чадна. Харин тухайн орон нутгийн брэнд улсдаа танигдаж дараа нь дэлхийн зах зээлд хүчээ үзэх болвол олон улсын эксперт, менеджерүүдийн тусламж хэрэг болно.
- Орон нутгийн брэндийг бий болгох ямар нэгэн тусгай хөтөлбөр, бодлого байдаг уу?
Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт: "Монголд үйлдвэрлэв" санаачлагын хүрээнд монгол брендийн нэр төрлийг олшруулах санал, санаачлагыг дамжинэ хэмээн тусгажээ.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Орон нутагт брэнд бий болгож хөгжүүлэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Завхан, Дархан, Орхон аймгийн үйлдвэрлэгчдийг хамарсан гурван шаттай сургалтыг зохион байгуулсан. Оролцсон 74 жижиг дунд үйлдвэрлэгчдээс харахад тэд брэндийн талаар анхны ойлголтгүй, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бренд юм гэсэн хандлага давамгайлж байсныг хэлэх хэрэгтэй.
- Хэрэв орон нутагт брэнд бий боллоо гэхэд тухайн үйлдвэрлэгчдэд ямар давуу талууд бий болох вэ?
Худалдагчид брэндийн барааг энгийн бүтээгдэхүүнээс илүү үнээр худалдан авахад бэлэн байдгаас гадна жижиглэнгийн худалдаачид орлогоо нэмэгдүүлэхийн тулд аль болох хүний нүдэнд тусах газар бүтээгдэхүүнийг байрлуулдаг. Түүнчлэн чадварлаг ажилчдыг тогтоож, өөртөө татахад хялбар болно. Брэнд эзэмшигч өөрийн барааны ашиг шимийг хүртээд зогсохгүй хөрөнгө оруулагчдын дэмжлэг, зах зээлийн хувь хэмжээний өсөлтөөс ашиг олдог.