А.Ганболд: Цаашид Налайх дүүрэг "гүзээнд наалдсан дэлүү шиг" амьдрахгүй
Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд
2014.11.26

А.Ганболд: Цаашид Налайх дүүрэг "гүзээнд наалдсан дэлүү шиг" амьдрахгүй

Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдтой ярилцлаа.

- Налайхыг дагуул хот болгон хөгжүүлнэ гэлээ. Тэгэхээр энэ маань яг юу гэсэн үг вэ?

1914 онд Богд хаан: “Налайх бол Өргөө хотын даллагын уут юм” гэж хэлж байсан гэдэг. Налайх гэдэг айл сүүлийн 100 жилийн туршид Улаанбаатар хотод нүүрсээ өгдөг, татвараа төлдөг, Улаанбаатараар асуудлаа шийдүүлсээр ирсэн.

Налайхыг дагуул хот болгоно гэдэг бол Налайхчуудын бие даан хөгжье гэсэн хүслийн биелэл гэсэн үг. Ганц жишээ дурдая. Өнөөдөр Налайх 6 тэрбум төгрөгийн татварыг нийслэлд өгдөг ч тэрнээсээ зөвхөн гурвыг нь өөртөө хэрэглэдэг. Өнөөдөр Налайх дүүрэг өмнөхөө бодвол бие даан хөгжих боломжтой боллоо. Үйлдвэр аж ахуйн газрууд ч цөөнгүй ажиллаж байна.

Анх “Налайхыг налайхчуудад” гэсэн санаа 2001 онд гарч байсан. Бид иргэддээ хандаад “Налайхыг дагуул хот болгохыг зөвшөөрч байна уу?”, “Налайх хотын дүрмийг та дэмжиж байна уу?” гэсэн санал асуулгыг явуулаад нийслэлд хүргэсэн. Саяхан нийслэлийн удирдлагууд Налайхад очиж тэндхийн 35 мянган иргэний хүслэн болсон дагуул хотын асуудлыг шийдэж өгсөн. Налайхыг дагуул хот болгохын бас нэг сайн тал нь нийслэлийн төвлөрлийг сааруулахад оршино.

- Ер нь дагуул хот гэдэг маань юу болох, дүүргийн статусаас дэд бүтцийн хувьд ямар ялгаатай байх вэ?

Сургуулийн дээвэр засахад хүртэл дарга нь Улаанбаатар явах хэрэгтэй болдог инээдтэй жишээ багагүй.

Дагуул хот “гүзээнд наалдсан дэлүү” шиг амьдардаггүй. Тусдаа айл болж харилцан ашигтай амьдарна гэсэн үг. Наад захын жишээ гэхэд Налайхад лицензтэй талбай ашигладаг, татвараа нийслэлд өгдөг 35 компани байна. Дагуул хот болсноор эдгээр компани зөвхөн Налайхын удирдлагатай асуудлаа шийдэж ажиллах болно гэсэн үг. Лиценз өгөх эсэх нь Налайхын асуудал болно.

Өнөөгийн байдлаар бол Налайхын эзэн Налайхын удирдлага ч юм шиг, эсвэл нийслэлийн удирдлага ч юм шиг байдаг. Сургуулийн дээвэр засахад хүртэл дарга нь Улаанбаатар явах хэрэгтэй болдог инээдтэй жишээ багагүй.

- Налайхад нүүрс олборлолтоос гадна ямар чиглэлээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой байна вэ?

Аялал жуулчлал, өрхийн үйлдвэрлэл, эрдэс баялаг, барилгын материал үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр Налайх татвараа бүрдүүлэх боломжтой. 1000 үйлдвэр, аж ахуйн газар Налайхын нутаг дэвсгэрт ажиллаж байна. Дээрээс нь мэдээж нүүрсний олборлолт. Гэхдээ бид хүн алдаг, феодолизмын маягийн аюултай нөхцөлд ажиллахаас татгалзах, эсвэл орчин үеийн технологи бүхий гүний олборлолт хийх цаг болсон.

Түүнээс гадна Налайхын барилгуудын ихэнх нь хуучирсан. Харин дагуул хот болоод төсвөө өөрөө шийддэг болчихвол компаниудтайгаа ярьж байгаад байшин барилгаа засна шүү дээ.

- Нийслэлээс хотын багц дүрмийг гаргаж, эхний ээлжинд Налайх, Багануур дээр туршихаар болсон гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

Налайхын үндсэн дүрмийг иргэдээрээ хэлэлцүүлсэн. Татгалзах хүн цөөн байна. Үндсэн дүрмэнд санхүүгийн бие даасан байдал, Налайхын удирдлагын данхайсан бүтцийг багасгах тухай тусгасан нь сайшаалтай. Одоо Иргэдийн хурал нь 25 төлөөлөгчтэй, Тамгын газарт бараг 40-өөд хүн ажиллаж байна. Цаашдаа Налайх хот 65 мянган хүнтэй биеэ даасан хот болох зорилттой.