Налайхад уурхайн осол түүхэндээ анх удаа тавин хувиар буурлаа
Жил бүр олон мянган хүмүүс Налайхын уурхайгаас нүүрс ухаж амьдралаа залгуулахаар ирдэг ажээ. 2013 оны хувьд тус дүүрэгт 2000 гаруй хүн ирж ажилласан байна.
Тэр дундаас хорь гучаараа нэгдэн, 10-20 сая төгрөгөөр нэг ам уурхай байгуулж нүүрс гаргадаг иргэд бий болжээ. Тэд зөвхөн мөнгөнд шунаж, хүний амиар дэнчин тавилгүй уурхайн аюултай амуудыг сайн дураараа хааж, булж байгаа гэдгийг Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд бидэнд мэдээлсэн юм.
Налайхчууд ийм зоримог алхамыг 2013 онд 31 удаа хийсэн гэв. Энэ нь осол бууруулах чиглэлээр гаргасан анхны санаачлага бөгөөд тэд аюулгүй ажиллагааг эрхэмлэх болжээ.
Үнэхээр энэ мэт санаачлагыг хэрэгжүүлэхгүй бол жил бүр олон хүн тус уурхайд алтан амиа алддаг гэдгийг бид мэднэ. 2012 оны байдлаар гэхэд Налайхад 18 хүн уурхайн ослоор амь үрэгдэж байсан.
Харин 2013 онд уурхайн ослоор найман хүн нас барсан нь өмнөх оныхоос хоёр дахин буурсан үзүүлэлт бөгөөд өөрсдөө л хичээвэл аливаа эрсдэлээс хамтдаа сэргийлж чаддаг гэдгийг харуулжээ. Тиймээс Налайхын уурхайчид 2014 онд ослыг тэглэх боломжийг хайж, өөрсдөө санаачилж байгаа нь тун зөв алхам гэдгийг А.Ганболд гуай ахин дахин хэлж байлаа. Тиймээс цаашид төр засгийн зүгээс Налайхыг хаах биш сэргээх техникжүүлэх сургалт явуулахыг дэмжих нь зүйтэй болов уу.