Батцогт.Д Энх-Амгалан.Л 2015.02.12 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хороодын өнөөдрийн /2015.02.12/ хамтарсан хуралдаан 9 цаг 50 минутад 19 гишүүн хүрэлцэн ирснээр 51.4 хувийн ирцтэй эхэлж, Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хамтарсан хуралдааныг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт даргалав.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хийсэн юм. Хуулийн төслийн зарим заалт хэвээр батлагдсан тохиолдолд төсвөөс хөрөнгө нэмж гаргах шаардлагатай болох тул одоо байгаа байдлыг хөндөхгүйн үднээс зарчмын зөрүүтэй зарим саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр бэлтгэсэн, түүнчлэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийг тусгаж төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан тухайгаа ажлын хэсгийн ахлагч танилцуулав.

Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Тухайлахад, “Монгол хэлний тухай хууль тогтоомжийн холбогдох зөрчлийн талаар энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллага болон холбогдох бусад байгууллагад мэдээлэх” гэсэн төслийн 20.2.2 дахь заалтыг бүхэлд нь хасахаар болов. Мөн төслийн 17.1.2 дахь заалтыг “харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл аль нэгээр нь бичиж хэвших ажлыг зохион байгуулах” гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Түүнчлэн төслийн 7.6 дахь хэсгийг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш гишүүний саналаар дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бүх шатны боловсролын байгууллага” гэсэн төслийн 16 дугаар зүйлийн толгойг “Ерөнхий боловсролын байгууллага” гэж өөрчлөх, үүнтэй холбогдуулж төслийн энэ зүйлийн зарим заалтыг өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн юм.

Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу уг хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдсон төслийн 23.1.1 дэх заалтыг өөрчлөн найруулахаар тогтов. Ингэснээр уг хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулагдаж байгаа юм.

Харин албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгажээ.

Ингээд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ тухай танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.