УИХ-ын гишүүн Г.Батхүү Монгол хэлний тухай хуулийн төсөлд тодорхой санал гаргав
Монгол хэлний тухай хуулийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг хуралдлаа.
2014.01.14

УИХ-ын гишүүн Г.Батхүү Монгол хэлний тухай хуулийн төсөлд тодорхой санал гаргав

Монгол хэлний тухай хуулийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг хуралдлаа.

Хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Болд, Үндэсний аюулгүй байдлын бодлого хариуцсан шинжээч, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Бат-Эрдэнэ, ШУА-иудын ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, профессор С.Галсан, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, доктор Н.Жанцанноров, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа, академич Д.Цэрэнсодном, Төрийн хэлний зөвлөлийн дарга н.Нэргүй зэрэг Ажлын хэсгийн гишүүд оролцов.

УИХ-аас 2003 онд баталсан Төрийн албан ёсны хэлний тухай хууль нь нийгмийн хөгжлийн шаардлагыг хангахгүй болсон. Үүнтэй холбоотойгоор монгол хэлтэй холбоотой олон асуудал тулгамдаж буй. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд нар Монгол хэлний тухай хуулийг санаачлан боловсруулж байгаа бөгөөд санал авах хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

Ажлын хэсгийн хурлын үеэд гишүүд санал хэлсэн. Уг хуулийн төсөлд оруулахаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн гаргасан тодорхой саналуудыг танилцуулсан.

Тухайлбал, хуулийн хоёрдугаар бүлгийн Монгол хэлийг хэрэглэх тухай заасан 6 дугаар зүйлд “Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдийн бичиг хэрэг хөтлөлт, тушаал шийдвэр”, “Газар нутаг, засаг захиргааны нэгж, албан байгууллагын нэр хаяг”, “Төрийн болон өөрөө удирдах байгууллагаас гаргасан мэдээ, товхимол”, “Нийтийн зар мэдээ”, “Албан байгууллага, нийтийн үйлчилгээний барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж” зэргийг бичихдээ гадаад хэлийг давхар хэрэглэж болно гэснийг дахин судалж, зарим заалтыг зөвхөн монгол хэлээр бичихээр оруулах санал гаргасан юм.

Мөн Монгол хэлний тухай хуулийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, оновчтой болгох талаар санал гаргав.

Үүнээс гадна ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Болд, ШУА-иудын ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, профессор С.Галсан, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, доктор Н.Жанцанноров, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа, академич Д.Цэрэнсодном, Төрийн хэлний зөвлөлийн дарга н.Нэргүй нар санал хэлэлцүүлэв.

Монгол хэлний тухай хуулийн төслийн удаахь хэлэлцүүлэг энэ сарын 15-ны лхагва гаригт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.