Албан хэрэгт кирилл монгол бичгийг хослуулна
Улсын Их Хурлын чуулганы баасан гараг /2015-02-06/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын Байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р. Гончигдорж танилцуулав.
Үүний дараа УИХ-ын гишүүд хуультай холбоотой асуудлыг ажлын хэсгийнхнээс асуусан юм.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Энэ хуулийг дэмжих шаардлага байгаа юм. Улс орнуудын урт хугацааны хөгжлийн бодлогуудыг хараад байхад нэгдүгээр асуудал нь үндэсний асуудал, иргэдийнх нь хөгжил чадавх гэсэн ийм зүйлүүд байдаг.
Үүнд л суурилж хөгжүүлэх шаардлагатай гэсэн зүйл байгаа юм. Сая Соёлын яам байгуулагдаж үндэсний соёл өвийг дэлгэрүүлэх, гадныханд ойлгуулах овоо гайгүй ажлууд хийгдсэн. Хэл гэдэг иргэнийх нь хөгжил чадавхид байгаа учраас үүнийг зайлшгүй дэмжих шаардлагатай юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ер нь уг зүйлийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд нэг мөр болгочих боломж бол байсан. Гэхдээ янз бүрийн шалтгаан байсан байх гэж боддог. Хэл соёлоос хөндийн байвал тухайн улс орон тусгаар тогтнож үлдэнэ гэдэг бол даяарчлагдсан өнөө үед хэцүү л дээ. Тийм учраас манай УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг санаачлаад, мэргэжилтэн эрдэмтэн судлаачид хамтраад хуулийн төслийг боловсруулахад нилээн идэвх санаачлага гарган ажилласан гэдгийг ойлгож байна.
Байнгын хороодын дэмжсэн зарчмын болон найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явууллаа.Тухайлбал, төсөлд, “энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэсэн хэсгийг олонхын саналаар төсөлд нэмж тусгахаар болов.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Кирилл бичиг гэдэг нь ороод Монгол үндэстний “Монгол” гэснийг хасна гэхээр нөгөө Монгол хэл бичгээ шуурхай үндэсний бичиг болгоод явуулья гэхээр ямар нэгэн байдлаар хугацааг нь хойшлуулчья гэсэн нөхцөл байдал үүсээд байгаа муу. Үүнд яагаад Монгол гэдэг үгнээс татгалзаад байгаа юм бол. Ямар агуулгаар хасаж байна гэдгийг тодотгох гээд байна л даа. Сулруулсан юм болчих вий дээ гэж бодож байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Кирилл болон үндэсний бичиг гээд ярихаар Монгол хэлээр бичих юм бол Баатар гэдгийг Багатур, Цогт гэхээр Цогту гээд иймэрхүү байдлаар бичигдэнэ. Үүнийг яаж цэгцлэх юм бэ. Хоёрдугаарт нь Кирилл бичиг бол нэг ёсондоо Орос бичиг юм байна ш дээ. Тийм учраас нэг мөсөн Орос бичгээр бичих ээ больё. Монгол үндэсний хэл соёл, улс оршин тогтнох баталгаа гэдэг нь илүү үнэтэй юм чинь кириллээ больё.