Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн Г.Батхүү Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барив.
2015.02.17

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.17/ УИХ-ын гишүүн Г.Батхүү Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барив.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг төлөвшүүлэн жигдрүүлэхэд чжхал хувь нэмэр оруулсан боловч нийгэм, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн явцад хуулийн зохицуулалт нь өнөөгийн эрх зүйн шинэчлэлийн үйл явц, харилцааг бүрэх хангаж чадахгүй байгаа учир эрс шинэчлэл хийж, хуулийг шинэчлэн боловсруулах шаардлага үүссэн.

Үүнээс үүдэн ОХУ, БНХАУ, Финлянд, Австрали, Япон, Франц зэрэг орны туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн, холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, иргэдийн саналыг тусган 7 бүлэг, 55 зүйлтэйгээр боловсруулснаа тэрээр хуулийн төслийг өргөн барих үеэр танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.